Л.Оюун-Эрдэнэ: Шүүгч М.Батсуурьт сахилгын хэрэг үүсгэж, Х.Идэрт хэрэг үүсгэхээс татгалзсан байна

2019/08/29
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт нарт хандсан юм. 

Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь болон Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт гомдол гаргасан.  Монгол улсын шүүхийн Ёс зүйн хорооны тогтоолоор М.Батсуурьт сахилгын хэрэг үүсгэсэн байна.

М.Батсуурь нь Худалдаа хөгжлийн банкны Хууль эрхзүйн газрын даргаар, эцэг н.Мишиг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон Юнайтед Энержи ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Үүнийгээ АТГ-т өгсөн ХОМ-тээ дурдаагүй гэдэг нь нотлогдсон байна. Гомдол гаргасан шалтгаан нь Засгийн газрын холбогдох байгууллагууд Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар удаа дараа гомдол гаргаж байсан боловч тухай бүрт нь төлөөллийг нь оролцуулахгүйгээр Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь өөрөө даргалаад байсан тохиолдлууд гарсан. Учир битүүлэг харилцаа байна гэдэг нөхцөл байдалд орж байсан.   

Судалгаа явуулж, схемыг гаргахад Юнайтед Энержи компанийн захирлаар М.Батсуурийнн аав Мишиг ажилладаг байсан нь тогтоогдсон. М.Батсуурь төрсөн эцгийнхээ талаар мэдээлэх ёстой байсан ч дурдаагүй. М.Батсуурь Гүйцэтгэх засаглал шүүх засаглал руу дайрч байгаа мэтээр ярьж байна.  Хуулийн дагуу шүүгч зөвхөн хуульд л захирагдах ёстой. Хэрвээ ашиг сонирхолын зөрчилтэй байвал тухайн шүүх хурлыг даргалахаас татгалзах ёстой. Гэтэл М.Батсуурь бүр албаар Эрдэнэтэй холбоотой хэргүүдийг түүж авч, 49 хувийг хууль бусаар худалдан авсан талд үйлчилсэн гэх хардах үндэслэл үүссэн.

Х.Идэрт Монгол улсын шүүхийн Ёс зүйн хорооны тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан.  УИХ-ынн гишүүнээр ажиллаж байсан Хувьтөгөлдөр Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан эдгээдүүтэй холбоотой, тэднээс цалин авч ажиллаж байсан нь тогтоогдсон. Гэтэл Эрдэнэтэй холбоотой асуудал дээр Хувьтөгөлдөрийн Идэр оролцсон.  Шүүхийн Ёс зүйн хорооны сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолын тайлбарт Хувьтөгөлдөр, Идэр нар буюу эцэг хүү хоёр хүүхэд байхаасаа хамт амьдраагүй, Идэрийг шүүгч болоход эцэг болох Хувьтөгөлдөр нөлөөлөх боломжгүй талаар дурдсан байна. Үүнийг хүндэтгэж хүлээж авч байна. Хүний амьдрал бол баян, юу ч тохиолдож болно" хэмээн ярьлаа.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна