Ц.Нямдорж: Ардын намын баян, тарган гишүүд хуралдаа ир! Хөрөнгөндөө аархаад байгаа юм уу?

2019/08/30
УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.

Тэгвэл Үндсэн хуулийн төслийн хоёрдох хэлэлцүүлгийг хийж байгаа энэ үед гишүүдийн ирц хангалтгүй байгааг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шүүмжиллээ.

Тэрээр чуулганы хуралдаанд, "Үндсэн хуулийн асуудал хэлэлцэж байхад гишүүд алга байна. Энэ байхгүй байгаа гишүүдээ ирүүлээч ээ. Хэн болчихсон юм, юу болчихсон юм. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмэн туйлын анхааралтайгаар ажиглаж байгаа.  Амьдралд садаа болоод байгаа ганц ч болов зүйлийг өөрчлилчихөөсөө гэж залбираад гэртээ байж байгаа.

О.Баасанхүү болон Б.Пүрэвдорж нарын гишүүдийн зүгээс тавьж байгаа шаардлагатай би 100 хувь санал нэг байна.

Ардын намын харьяалалтай, албан тушаал авах болохоороо ганцхан удаа сонгогдчихоод Ерөнхий сайд болчихдог. Бараг сонгогдоогүй байж сайд болчихдог атлаа Үндсэн хуулийн асуудал улс орны амин чухал, магадгүй дараагийн арван жилд ярих бололцоогүй ийм асуудал ярьж байхад яагаад энэ хүмүүс чинь хуралдаа ирдэггүй юм. Хэн болчихсон юм.

Жаргалтулгын Эрдэнэбат нэг удаа сонгогдоод Ерөнхий сайд болсон. Нямтайширын Номтойбаяр ганц удаа сонгогдоод сайд болсон. Эд нар хаачсан юм. Отгонбилэгийн Содбилэг хаачсан юм. Аав, ээж хоёр нь их хурлын гишүүн байсан. Монголын төр энэ гэр бүлд бүх чадлаараа тусалж дэмжиж явсан. Энэ хүн чинь хаашаа алга болчихдог юм.

Албан тушаал ярих болохоор би, би гээд давхидаг. Төрийн, ард түмний амин чухал эрх ашгийн асуудал ярих гэхээр яагаад алга болчихдог юм бэ. Бүтэн гурван жил зарим нь унтлаа. Одоо болоо юм биш үү.

Хуралдаа ирэхгүй байгаа этгээдүүдээс бид нар ичиж байна. Энэ этгээдүүдээс болж О.Баасанхүү гишүүнээр өдөр болгон бичлэг хийлгүүлж байна. Б.Пүрэвдорж гишүүнээр өдөр болгон загнуулж байна. Хүний өмнөөс ичих шиг адгийн юм байдаггүй юм байна.

МАН-ын парламент ийм сахилгагүй байсныг энэ 30 жилийн хугацаанд Лүндээ бид хоёр үзээгүй. Үндсэн хуульд Ерөнхийлөгч чуулганд тааллаараа ирнэ гээд биччихсэн байдаг. Бусад нь энд сууж байх ёстой юм.

Их хурлын дарга та, энэ баян тарган гишүүдээ хуралд нь дууд. Хөрөнгөндөө аархаад байгаа юм уу эд нар чинь. Өөрснийх нь бий болгосон хөрөнгө биш л дээ. Гарал үүслийг нь мань мэт нь гадарлана. Ажилдаа цагтаа ирж сур. Унтаад байх юм. Шөнөжин бааранд ажил амьдарлаа өнгөрүүлдэг юм уу та нар.  Арай хэтэрч байна" хэмээн ярьлаа.
 






Х.Онон


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна