АТГ-аас УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н .Баяртсайхан нарыг шалгаж эхэлжээ.
Тэднийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тендерийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Илт хууль зөрчсөн үйлдэл гаргаж бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхээр болсон байна.
АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт гаргасан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг хүлээн авсан байна.
Харин Б.Чойжилсүрэнгийн тухайд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хуулиар хамгаалагддаг учир эрүүгийн хэрэг үүсгэж шалгах хүсэлтээ УИХ-д уламжилж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт өгөх юм. Өөрөөр хэлбэл, УИХ хуулийн дагуу Б.Чойжилсүрэнг АТГ-т шалгуулах уу үгүй юү гэдгийг шийдэх юм.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТГҮЙГЭЭР БАРИЛГА БАРИУЛЖ БАЙГАА ХЭРГИЙН ТУХАЙ
Нэг нь 16 орчим давхар, нөгөө нь долоон орчим давхар сүндэрлэн босож байгаа тендерийн булхайтай барилгуудын ажил өдгөө 50 орчим хувийн гүйцэтгэлтэй босож байна.
Энэ барилгын талаар иргэн М.Зундуйдаваа өнгөрөгч баасан гарагт “Хууль зүйн яам болон Монголбанкны өргөтгөлийн барилгыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компаниар бариулж байгаа нь хууль зөрчиж байна” хэмээн АТГ-т хандсан.
Тэрбээр “Татвар төлөгчдийн мөнгөөр авлигын шинжтэй ажил хийж байгааг эсэргүүцэж байна. Өнөөдөр бидний үр хүүхэд сургууль, цэцэрлэггүй хичээлийн шинэ жилтэй золгож гэртээ цоожлуулах нь цоожлуулж аргаа барж байна.
Гэтэл дээдсүүдийн тансаглал замаа алдаж бие биедээ тендергүйгээр, санхүүжилтийн ил тод мэдээлэлгүйгээр барилга барих эрх олгоод байж болох уу.
Хурд группийн ерөнхийлөгч, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч H.Баяртсайхан нарын гар нийлсэн энэ ажлын явц дуусах шатандаа орсон. Энэ бол Монголын төрөөр тоглож, ард түмнийг доромжилж байгаа асуудал гэж бид харж байна. Тиймээс иргэн хүнийхээ хувьд АТГ-т хандлаа” гэв.
Бид дээрх иргэний АТГ-т шалгуулахаар хүссэн барилгын явцыг дуран хальсандаа буулгалаа.
Төв банкны ерөнхийлөгчийн тухайд ажлаа авсан цагаасаа л сайн гэхээсээ саар бүхний ард нэр нь уяатай явсаар өнөөдрийг хүргэлээ. Тухайлбал, албан тушаалаа ашиглан хэд хэдэн ноцтой ажил хийснийг уншигчдадаа сануулъя.
Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Анод банкны хадгаламж эзэмшигчдийнх нь төлбөрийн барьцаанд Монголбанкинд хураагдаж ирсэн 1.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий дутуу баригдсан гурван хаусыг гараашийн хамт Монголбанкны мөнгөөр супер засвар хийж, хоёр дэд ерөнхийлөгчийнхөө хамт хувьдаа авах шийдвэр гаргаж актаар хүлээн авч, тэр бүү хэл дотоод тавилга, угаалгын машин, 00-ийн цаасаа хүртэл Монголбанкны мөнгөөр авахуулсан гэх ноцтой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд илчилж байв.
Мөн Монголбанкны Нийгмийн хөгжлийн сангаас хөрөнгийг нь гарган Баянзүрх дүүргийн XVIII хороо, 61 дүгээр байрны зургаа болон 21 тоот хоёр орон сууцыг өөрийн жолоочдоо оффис нэрээр авч өгсөн гэдэг яриа саяхныг болтол чих халууцуулж байв.
Тэгвэл энэ удаад Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан нарын гар нийлж ганзага дүүрч байгаа бололтой. Төв банкны шинэ байр барих ажлыг Б.Чойжилсүрэнгийн Хурд группийн охин компани болох Дабль пирамид констракшин компаниар бариулж байна. Мэдээж ямар ч сонгон шалгаруулалт зарлаагүй. Албан тушаалтай нь эрх мэдлээ ашиглаад ийм явуургүй ажил эхлүүлээд байхаар иргэд бухимдалтай байх нь зайлшгүй.
Төсвийн байнгын хорооны даргаасаа эхлээд Төв банкных нь ерөнхийлөгч цаашилбал, Сангийн сайд, Хууль зүйн сайд нь хүртэл баг болж хамтраад хэрхэн хууль бус шийдвэр гаргаж, түүнд нь нөлөөлж хамтарч барилга байгууламж барьж, түүнийгээ төсөвт багтааж болдгийн хамгийн тод жишээ нь Хууль зүйн яам, Монголбанкны зэрэгцээ хоёр өндөр барилгын босож буй түүх харуулж байна.
Дээрх барилгуудын ард нутаг усаараа талцах, үгсэх, жалга довын хуйвалдаан Монголын төрд хэрхэн хүчтэй бэхжиж байгааг ч харж болохоор байгааг энд тэмдэглэе.
Ийм байхад үеийн үед баруун аймгийнхан, төвийнхөн гэх бүсээрээ хуваагдаж биеэ дээш нь татдаг, доош нь түлхдэг, нутаг, жалгаараа нийлж төрийн эрх мэдлийг гартаа зангиддаг гаж тогтолцоо байсаар л байх болно.
Нэгэн үе намаараа төрд гарахыг чухалчилдаг байсан бол энэ цагт нутаг нугаараа, жалга довоороо төрд гарахыг чухалчилдаг болсон нь улс төр дэх Увсынхны фракцаас тун ч тодорхой харагдах болов.
Гэтэл энэ мэт үйлдлийг нь иргэд мэддэг ч чимээгүй өнгөрүүлдэг нь албан тушаалтнуудад даврах боломж олгож байгаа нь дээрх албан тушаалтнуудын хувь, хувьсгалын бизнесийн ул мөрөөс тод харагдаж байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы тухайд л гэхэд ажиллах хугацаандаа хоёр ч удаа "Төв банкны үйлчилгээний хөлс, шимтгэлийн ерөнхий нөхцөл”-ийг шинэчлэн батлах тушаал гаргажээ.
Банк сүлжээ системд ирүүлсэн төлбөрийн даалгаврын дагуу гүйлгээ тутамд авах шимтгэлийг 33 хувь, ATM төхөөрөмж ашиглан бүх төрлийн дотоодын гүйлгээ болон JCB картын олон улсын амжилттай болсон гүйлгээ тутам авдаг шимтгэлийг 25 хувь, АТМ, ПОБ төхөөрөмж ашиглан бэлэн мөнгө авахад авдаг шимтгэлийг 25 хувь, ПОС төхөөрөмж ашиглан худалдан авалтын гүйлгээ хийхэд авдаг шимтгэлийг 50 хувь, бүх төлбөрийн картын дотоодын гүйлгээ болон JCB картын олон улсын гүйлгээ хийхэд авдаг шимтгэлийг гурав дахин, харин 5,000 төгрөг буюу түүнээс доош үнийн дүнтэй цахим худалдан авалт тутамд авдаг шимтгэлийг дөрөв дахин нэмэгдүүлсэн байна.
Үүний талаар тэрбээр “Би шимтгэлийн хуримтлалаар олсон мөнгөөр шинээр баригдах байрны санхүүжилтийг гаргана” гэсэн нь нотолгоо болох мэт. Ингэж эрх мэдэл, албан тушаалаа ашиглан иргэдийн халаас руу дураараа гараа дүрдэг байдал цаашид ч байсаар байг уу.
Банк бол хамгийн эмзэг салбар гэж банкирууд ярьцгаадаг.
Энэ үгэнд нь ч иргэд итгэдэг. Тиймдээ ч хамгийн эмзэг салбар руугаа тэр бүр нулимаад байдаггүй. Харин ч дотор нь буглаад байгаа идээ бээрийг мэдсэн ч мэдээгүй юм шиг харсан ч хараагүй юм шиг өнгөрүүлдэг. Ингэж өнгөрүүлдгийн харгайгаар монголчууд дансанд нь мөнгөө хадгалуулчихаад банкаа дампууруулсан олон жишээг мэддэг ард түмэн болсон.
Гэтэл банкны толгойд суугаа нөхөд гарынхаа салаагаар өнөөх эмзэг салбарынхаа мөнгийг урсгачихаад алдагдлаа иргэдийн нуруун дээр үүрүүлж халаасыг нь ухдаг уваагүй үйлдэлд гаршиж боломгүй.
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна