УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.05) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ.
Тухайлбал, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлд “2.Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.” гэсэн хэсэг нэмэх асуудалд гишүүд дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын хувьд уг заалт нь шинэ нам, эвсэл байгуулах, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх боломжийг зөрчсөн тул дэмжихгүй байгаагаа онцолж байлаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир нар нам байгуулах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоохдоо тухайн жилийн сонгуулийн насны тоогоор нэг хувь хүртэл гэж өөрчлөх саналтай байгаагаа дурдаад, 800 хүний гарын үсгээр улс төрийн нам байгуулж ирсэн нь намуудын өнөөгийн хариуцлагагүй байдлыг үүсгэж байна гэж байлаа. Ингээд Ажлын хэсгийн дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжив.
Дараа нь УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 2 дугаар зүйл буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.5 хувь нь дэмжсэнгүй.
Харин Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Эрдэнэбат нараас төслийн 2 дугаар зүйлээс “Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.” гэсэн хоёр дахь өгүүлбэрийг хасаж, төслийн 3 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг “2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89,2 хувь нь дэмжсэн.
Байгалийн баялгийн тэгш хүртээх саналын хүрээнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Чинзориг, А.Сүхбат, Г.Тэмүүлэн, М.Билэгт, Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Н.Цэрэнбат, Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар санал хэлж, үг хэлэв. Гишүүдийн олонх өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд байгалийн баялгийн орлогын тэгш, шударга бус хуваарилалт нь ард түмэнд үр өгөөжгүй, хүртээлгүй, цөөхөн хүний гарт төвлөрч ирснийг засч, байгалийн баялгийн зөв менежментийг хийж, үндэсний баялгийн сан байгуулж, одоо болон ирээдүй үеийн иргэддээ тэгш хүртээх зохицуулалтыг Үндсэн хуулийн төсөлд шинээр тусгасныг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг, Н.Цэрэнбатын нар төслийн 3 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүрээнд гаргасан зарчмын зөрүүтэй саналаа тус тус татав.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баялгийн сан байгуулж, стратегийн ордын тавин нэгээс доошгүй хувийг ард түмэнд өмчлүүлнэ.” гэж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Улаан нарын төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “баримтална” гэсний дараа “стратегийн ордын тавин нэгээс доошгүй хувь нь ард түмний мэдэлд байж, төр эзэмшинэ” гэж 3 дахь өгүүлбэр нэмэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Төрөөс байгалийн баялгийг хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалан зүй зохистой ашиглана. Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан Монголын ард түмний ирээдүйн эдийн засгийн эрхийг баталгаажуулах зорилго бүхий баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш, шударга хүртээнэ.” гэж, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Үндэсний баялгийн сан нь төсвийн бус байна.” гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” өөрчлөн найруулах заалтын талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75,4 хувь нь дэмжсэнгүй.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулснаар улс төрийн нам хариуцлагатай байж, төлөвшихөд нь чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байсан бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Ц.Даваасүрэн нарын гишүүд улс төр цэвэршсэн, улс төрийн намууд нь хариуцлагатай, төлөвшсөн, иргэдийн хараа хяналт сайжирсан үед УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж болно. Яг энэ цаг үед пропорциональ тогтолцоог дэмжиж болохгүй гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдэж байгаад талархаж байна гэж байлаа.
Ингээд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “4.Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.2 хувь нь дэмжив.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуульд нам, эсхүл иргэн бие даан нэр дэвшүүлж оролцоно.” гэсэн өгүүлбэр нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно.” гэж өөрчлөх саналууд тус тус дэмжигдсэнгүй.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Энхболд нар УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 4 дүгээр зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж өөрчлөх саналын томьёоллоор санал хураалт явуулахыг хойшлуулах, МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжив.
Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаан” гэснийг “ерэн есөн” гэж,”, төслийн 4 дүгээр зүйлд “Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж,” тус тус хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Харин Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” 18 дахь заалт буюу Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нэмэх заалтын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар Үндсэн хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт нарийвчлан орж ирж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, давхар дээлний асуудал олон зуун гишүүнтэй улсын парламентын хувьд таарч болно. Манайх шиг цөөхөн гишүүдтэй парламентын хувьд тохиромжгүй бөгөөд өнөөдөр гэхэд энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байгаа. УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд 4 хүртлэх гишүүд Засгийн газрын гишүүн байж болно гэж тусгасан байсан ч Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд Ерөнхий сайд л гишүүн байж болохыг, цаашлаад олон нийт давхар дээлийг 100 хувь тайлах саналтай байна. Давхар дээлийг тайлах хэрэгтэй гэж бид олон жил ярьсан ч яг шийдэх болохоороо гишүүд өөр зүйл ярьдгийг тодотгов. Мөн тэрбээр, хэрэв бид давхар дээлээ тайлахгүй бол ард түмний нүүрийг харах эрхгүй болно. Энэ бол нийгмийн захиалга гэдгийг гишүүдэд онцгойлон анхааруулж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сайн заалтууд орж байгаа ч гэсэн давхар дээлээ тайлж чадахгүй бол хараар будах болно гэдгийг сануулахын зэрэгцээ хэрэв дээрх заалтыг унагахаар шийдсэн бол уг саналд туссан хоёр агуулгыг тус тусад нь санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлснээр 22 цаг болсон тул чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. Уг заалтын санал хураалтыг маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна