Л.Болд, Д.Оюунхорол нар лиценз, шонхор, газрын наймаачнаараа дуудалцав

2019/09/06
УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол нар өчигдийн чуулганы хуралдаанд лиценз тараасан, шонхор зарсан гэх асуудлаараа мэтгэлцэв.

Уг асуудал Д.Оюунхорол гишүүнээс эхэлсэн бөгөөд тэрээр чуулганы хуралдаанд,  “Би бол Л.Болд гишүүнийг 2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхэлэх газрын даргын албан тушаалыг хашиж байсан хүн гэж бодож байна.

Энэ үед Монгол улсын байгалийн баялаг, лицензүүд маш их замбараагүй хэлбэрээр тарсан. Байгалийн баялагийг ямар замбараагүйгээр тараасныг өнөөдөр монголын ард түмэн сэтгэл шимшрэн ярьж суугаа. Үүнтэй би санал нэг байна.

Монголын ард түмний ой санамжийг богино гэж бодож, үргэлж цагаан тагтаа байсан юм шиг ярьдаг улстөрөө одоо зогсоомоор байна” хэмээн ярьсан байна.

Харин эрхэм гишүүний хэлсэн энэхүү үгэнд эгдүүцсэн Л.Болд “Үнэхээр МАНАН-гийнханд доромжлуулж чадахгүй. Гүтгүүлж чадахгүй. Би эмэгтэй хүнтэй маргалдах үнэхээр дургүй. Гэхдээ өнөөдөр улстөрчдөд эрэгтэй, эмэгтэй гэж байхгүй.

Д.Оюунхорол гэж хүн намайг хорлох үүрэгтэй юм шиг байгаа юм. Дандаа хорлож үг хэлдэг. Өнөөдөр бүр улаан цагаандаа гарч гүтгэж, олон түмнийг төөрөгдүүлж арай хэтэрч байна.

Ажил хийсэн хүн болгонд элдэв гүтгэлэг байдаг. Д.Оюунхоролд ч гэсэн тайлбар өгөх олон асуудал бий. Зөндөө л зүйл бичигддэг. Тэр шонхор шувуу, Кувейт, газрын наймаа, тэр бүхэндээ хариугаа өгөөрэй.

Д.Оюунхорол шиг автобусны буудал дээр очиж ядарсан зүдэрсэн улсуудад намайг сонгоорой гэж хэлээд улстөрийн амьдарлаа сунгасан асуудал надад байхгүй. Надад улстөрийн амьдарлаа сунгах шаардлага байхгүй” хэмээн бухимдлаа илэрхийлээд авсан байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна