МАН Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээ ард түмнээс асууна

2019/09/09
МАН-ын өргөн барьсан Үндсэн хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн саналыг тусгаж оруулах асуудал улс төрийн хүрээнд яригдаж байсан.  Тэд анхнаасаа эвтэй байж, Үндсэн хуулийг өөрчлөх Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан  ахлагчаар нь  Ерөнхийлөгч Х.Баттулгыг тавьсан. Гэвч зөвшилцөх асуудал Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн  үеэс бараг боломжгүй болж байх шиг байна.  Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн төсөл дээрх зарим саналаа татаж, үлдсэнийг нь хэвээр явуулахыг хичээж буй.  Гэвч эрх баригч намынхан Ерөнхийлөгчөөс ирүүлсэн бараг бүх саналыг унагаж, зөвхөн өөрсдийнхөө төслийг зүтгүүлж эхэлсэн юм.  Тухайлбал, УИХ-ын гишүүний тоог 108 болгохыг Зөвшилцөх ажлыг хэсэг 99 болгож оруулж ирсэн. Гэвч 57 гишүүний босго давалгүй унасан.   Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 57 гишүүний санал авч байж цааш явах учиртай.   Түүнчлэн, Ерөнхий сайд нь танхимаа мэддэг байх санал, давхар дээлгүй байх тухай асуудал нь ч унасан.  Сонгуулийн системийн сайн муу талыг саармагжуулах  холимог систем нь ч  унасан.  Энэ бүх саналыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж байсан юм.  Харин МАН-ынхан Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээс түүний саналыг  унагаж эхлэв.

Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг   реформын шинжтэй болж чадахгүй байна гэж дүгнэжээ.  Тиймээс  засаглалын хэлбэрийг  ард түмнээс асуухаар шийдсэн байна.   Энэ талаар ЕТГ-ын дарга З.Энхболд “Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгээр ард нийтийн санал асуулга явуулахыг санал болгоно. Түүнийг батлах эсэх нь УИХ-ын асуудал.  Ер нь бол ажилладаг Үндсэн хуультай болъё, улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргая гэж байгаа юм бол энэ чинь реформ биш байна.  Үндсэн хуулийн өөрчлөлт ямар байдлаар гарах вэ гэдгээс хамаараад Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах саналынхаа томъёоллыг бэлдэж байгаа “ гэсэн юм.

Нөгөө талаас  МАН-ынхан бас ард нийтийн санал асуулгад бэлдээд эхэлсэн.  Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих үү, үгүй юу гэсэн ганц асуудлаар санал авах нь зүйтэй гэдэг дээр тогтжээ. Ард нийтийн санал асуулга явуулах зардлын хувьд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах хэмжээний зардал гарна гэдгийг  хэлж байгаа.  Ямартай ч Үндсэн хуулийн төсөл цаашдаа ард нийтийн санал асуулгаар үргэлжлэх төлөвтэй байна.  Ерөнхийлөгч засаглалын хэлбэр асуух бол  харин МАН-ынхан аль хэдийнэ өөрчлөх гээд хэлэлцээд эхэлсэн Үндсэн хуулиа өөрчлөх нь  зөв үү, үгүй юу гэдгийг асуух гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна