108 гишүүнтэй болж, зуузай холбон хөгжих минь гээд байсан юу болов?

2019/09/11
Монгол эрчүүд...

Гүндүүгүй сайхан, гүзээгүй чилгэр, буянтай сайхан, булчинтай гоёхон... даавуу дээлтэй, дарж өмссөн бүрхтэй, сэлэм эргүүлдэг, шазуур зуудаг...сайхан монгол эрчүүдэд ард түмэн, улс орноороо итгэсэн шиг итгэж, найдсан шиг найдав. Мууг халдаалгүй бурхан мэт тахиж, муухайг дуулгалгүй тэнгэр мэт өргөв. Хүн гэдэг сэтгэлийн амьтан гэж үнэн шүү. Ардын амьдрал дээшлээд, олны ахуй өөдлөөд байгаа юм алга. Энэ хэдээрээ нүдээ хужирлаад, сэтгэлээ гоёчихоор л болдог юм байлгүй. Судалгаа болгоноор л суга үсрээд, эхний байруудад ирийтэл ороод ирнэ. Гэтэл улс орны хөгжил урагшилдаггүй янзаараа, уруудаж яваа төр уулын уруу хэвээрээ. Хийж бүтээж гайхуулсан, хийцэлж шийдсэн юм ерөөс алга. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр МАН гэдэг мангар цуглуулгаа Хүрэлсүх зангидахын чинээ зангидаж, атгасан гар шиг алгандаа багтаах нь яасан юм? Эсвэл МАН-ын дарга өөр хүн болчихсоныг нь бид мэдээгүй яваа юм уу?

Баттулга гэж эргээд харах хооронд элдвээр хувирдаг нөхөр байна. Чухам л Үндсэн хуулиа өөрчилж, парламентаа чанаржуулах нь зөв, 108 гишүүнтэй болж, зуузай холбон хөгжих минь гээд байсан юу болов? Ардчилсан парламентаа авч шидээд, Ерөнхийлөгчийн засаглалд хөл тавихаар шуударч, хөмрөхийн дайтай хөмхий зуучихсан байх юм. Энэ хоёр хүнийг дагаж далдаганадаг нөгөө 80-аад оны найгүй шуналтай залуус нь сэлэм эргүүлэнгүүт толгойгоо нугдайлгачихаад, сээр өргөөд сэхүүн үгс хэлэлцээд төр зайдалчихна. Түр аргацаачихна. За тэгээд уул уурхайн салбар хөгжсөнгүй, Сумъяа л унаж явсан бизнесээ босгов. Төр улс тогтносонгүй, З.Энхболд л зээрэн шилбээ бэхжүүлэв.

Монгол төрийн буянд хэн хэн нь Трамп, Путин, Си Зин Пин нартай патиардуулж, зураг шиг намтраа зузаалав, зургийн цомогтоо нэмэрлэв. Одоо чухам Хүрэлсүхийнхээ өндрөөс өндөр рейтингийг түлээ болгон зуухандаа өрдөөд, Баттулгынхаа булчинг талхан дээр зөөхий болгон тавьж хүртээд, Оюун-Эрдэнийхээ зууралдсан урт яриа, зангидсан хөмсгөөр орон сууцтай болоод, Сумъяагийнхаа сургаар Японд зорчоод, Занданшатарынхаа улаахан эмжээртэй хөх дээлээр хүүхдүүдээ дулаалаад сайхан өвөлжчих юм байна л даа. Тэгээд бөөнөөрөө алга ташиж, бөөрөөрөө нийлж магтаад...торгоор гоёогүйнх нь төлөө тод магнай уншаад, булгаар гангалаагүйнх нь төлөө бултаараа магтаад...зөвхөн монгол эр хүн байгаагийн чинь төлөө ард түмэн энэ залуусыг хайрласан.

Толгойг чинь илээд, тонтгорыг чинь өхөөрдөөд, том болохыг чинь зөндөө хүлээлээ. Зүдэж хүлцлээ. Эвтэй эетэй байгаасай гэж аргадсан. Одоо хэн хэн нь ажлаа үнэнчээр эрхэл, ард түмэндээ үйлчил тэгэх үү? Ядаж байхад бид чинь Элбэгээ, Энхбаяр, Энхболд.М, Нямка агаа нарын үе үеийн өндөр суудалтнуудад хууртсаар байгаад хашир болчихоод байна. Одоо та нар минь өөртөө бус өргөн түмэн, өнө мөнх эх орондоо хүчээ өг. Өөр юм хүсэхгүй. Өгсөн гээд байгаа хүч, өргөсөн гээд байгаа ухаан мэдлэг, зориулсан гээд байгаа зориг зүрх, зовсон гээд байгаа хичээл зүтгэлийг чинь хармаар байна! Харсангүй өнөөг хүрэв.

Нийтлэлч Р.Эмүжин

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна