У.Хүрэлсүх: Ажил хийвэл хий, Монголын төрд битгий гай болцгоо

2019/09/16
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейг барих төслийн багийнхантай уулзлаа.  Энэ үеэр Засгийн газрын тэргүүн  холбогдох албан тушаалтнуудад ээлжит хатуу үгээ хэлэв. Үндэсний урлагийн их театрыг барих  төслийнхний Төрийн ордонд авчирсан макетнаас эхлээд  Ерөнхий сайдын уурыг хүргэсэн.
 
 Тэрээр  “Засгийн газар бүх асуудлыг шийдвэрлэсэн. Хэрүүл маргаантай байгаа бүх асуудлыг шийдсэн. Нураад унаж байгаа музей дээр Улсын Ерөнхий сайд өөрөө очиж үзсэн. Асуудлыг чинь шийдээд байхад яагаад ажиллахгүй байгаа юм бэ. Та нар ажил хийвэл хий. Хийхгүй бол боль. Та нарын ард залуучууд төрдөө зүтгэе гээд байж л байна. Энд битгий буг болоод суугаад бай.  Ажил хийж чадахгүй бол Монголын төрөөс зайлцгаа. Үндэсний театрыг хийгээд Төрийн ордонд оруулж ирсэн макетыг  нь хар. Битгий доромжлоод байгаарай.
 
 Сургуулийн сурагч ч ийм макет өгөхгүй. Чингис хааны музей шиг хийчихэж болохгүй байна уу. Энэ асуудлаар олон удаа хэлж, сануулсан. Ё.Баатарбилэг сайдаа, Г.Ганбаяр дэд сайдаа. Ажлаа хийвэл хий. Хийхгүй бол улсад бүү гай бол. Монголын хөгжлийн түүхэнд гай битгий бол. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг ийм байдалтай удирдах уу Г.Ганбаяр аа” гэв.
 
Түүнчлэн “Бид сүүлийн 30 жил дан уул уурхай ярьсан. Яаж газар ухаж алт олох вэ, яаж мөнгөтэй болох вэ гэж. Мэдээж ярих ёстой байх. Гэтэл соёл урлаг, соён гэгээрүүлэх ажлыг мартчихсан. Монголын ард түмэн битгий хэл гадныхан ирээд үзэж харах юм юу ч байхгүй. Цонжинболдогоос өөр юм байхгүй. Баруун тийшээ явбал Хархорин орж байгаа байх. 300-400 км газар донсолж муу замаар давхисаар байгаад очоод хуучны нэг хот үзэж байгаа. Тийм учраас Засгийн газраас барьж байгаа бодлого бол ард түмнээ соён гэгээрүүлэх, түүх дурсгалаа олон түмэнд таниулах энэ ажилд анхаарлаа хандуулна” гэв.

Гэсэн ч холбогдох албан тушаалтнууд нь  энэ удаа Ерөнхий сайдын  сэтгэлд хүрч ажиллаж чадсангүй. Аргаа барсан Ерөнхий сайд холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгч, 14 хоногийн дараа дахин шалгахаар болж, хуралдаан дуусав.  Үндэсний урлагийн их театрын барилгын хувьд 1600 хүний суудалтай дуурь бүжгийн танхим, 2500 хүний суудалтай концертын их танхим, 800 хүний суудалтай хөгжмийн танхим, 400 хүний суудалтай заалтай байхаар төлөвлөж буй юм.  Дээшээ зургаан давхар, доошоогоо хэсэгчилсэн гурван давхар байхаар эхний эскиз зургаа бэлэн болгоод буй нь ийнхүү шүүмжлэл дагуулж эхэллээ.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна