АНУ-д хураагдаад байсан Монгол Улсын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд гарын үсэг зурах ёслолд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцов. Гэрээнд монголын талаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, АНУ-ын талаас Дотоодын Аюулгүй байдлын яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Роберт Бартоло нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний дагуу хууль бусаар хил дамнан гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг өмчлөх эрх манай улсад шилжиж байгаа юм.
Сайд Д.Цогтбаатар 9 дүгээр сарын 26-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкертэй уулзав. Ардчилал, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих үеийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах, шинэ гадаад орчин, нөхцөл байдалд олон улсын дэмжлэгийг олж авахад АНУ манлайлан оролцож, манай улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэрт талархаж явдагаа уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар илэрхийллээ. Ж.Бейкер нь АНУ-ын Бүгд Найрамдах намын гишүүн, гурван Ерөнхийлөгчийн үед Төрийн нарийн бичгийн дарга, Худалдааны сайд, Сангийн сайд, Цагаан ордны Тамгын газрын даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр 1990, 1991 онуудад Монгол Улсад айлчилж байсан.
Мөн өдөр сайд Д.Цогтбаатар Вашингтон хотноо Монгол Улсын Соёлын элч “The Hu” хамтлагтай тоглолтынх нь өмнө уулзаж орчин үеийн урлагийг монгол соёл, уламжлалын онцлогтой хоршуулан олон улсад эх орноо сурталчилж байгаад нь баяр хүргээд АНУ-д хийж буй аялан тоглолтод амжилт хүслээ. Түүнчлэн Вашингтон хотноо суралцаж буй монгол оюутан залуустай уулзалт хийв.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл бичигдээгүй байна