Г.Занданшатар: Шинэ төрсөн ээжид хүнлэг бусаар харьцсанд харуусал илэрхийлж, уучлал хүсч байна

2021/01/20

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-д шилжсэн эмэгтэйн асуудалтай холбогдуулж, дараах уучлал хүссэн мэдэгдлийг хийлээ.

Тэрээр “Ээж гэдэг бол энэ хорвоогийн хамгийн хүчтэй үг. Ээжээс төрөөгүй хүн байхгүй. Тэр дундаа монголчууд бид ээжийгээ их дэлхийтэйгээ зүйрлэж, хүндэлж ирсэн уламжлалтай ард түмэн. Өнөөдөр хүнд хэцүү цагт ч бид монгол ёс заншил, үнэт зүйл, хүний эрхийг зөрчих ёсгүй. 

Өчигдөр Улсын нэгдүгээр төрхөд төрсөн короновирусийн халдвартай ээжид гаргасан хандлага, бүдүүлэг арчаагүй алдааг бид тэвчиж дуугүй өнгөрөх ёсгүй. Халдвар дотооддоо алдсан байгаа энэ цаг үед халдвар хэнд ч халдаж болно. Энэ үйл явдал нийгмийг бүхэлд нь цочроолоо. Сэтгэл, ухаан дутсан, ажилдаа хүйтэн цэвдэг хандаж байгаа дүр зурагтай эвлэрэх ёсгүй. Энэ асуудлаар УОК-т шаардлага тавьж, бид ярьсан.

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох үүрэг чиглэл өгч ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Энэ хүнд цаг үед ч төрийн бүх шатанд хүнээ дээдэлсэн, хүнлэг үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлэх болсон нь энэ жишээ харуулж байна. хариуцлагагүй үйлдлүүдэд хариуцлага тооцож, нийгмийн хүлээлтэд шударга хандахыг чухалчлан анхаарахыг шаардаж байна. Шинэ төрсөн ээжээс, гэр бүлээс нь, ард иргэдээсээ уучлал хүсч байна. Монголын төр ард иргэдийнхээ төлөө тасралтгүй шударга ажиллах үүрэгтэй. Үүнийг УОК анхаарч ажиллахыг Шадар сайдад анхаарууллаа. Үүнийг улстөржүүлж болохгүй. Хариуцлага сахилгыг хаана хаанаа сайжруулж, иргэнээ дээдэлсэн төр Үндсэн хуулийг сахин ажиллах үүрэгтэй гэдгийг онцгой анхааруулж байна” хэмээн мэдээлэл хийлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна