Л.Оюун-Эрдэнэ: Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг би ойлгоно

Өчигдөр 14 цаг 01 минут

УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлаар гишүүд саналаа хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Төмөр замыг үргэлжлүүлнэ. Өмнөх Засгийн газарт хоёр удаа ЗГХЭГ-ын даргаар намын болон Засгийн газрын хөтөлбөрт ахалж ажилласан. Таван толгой төмөр замын ажлыг яаравчлах шаардлагатай байна.  

Энэ нь нэн тэргүүний ажил байх болно. Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана. Оюутолгойн хэлэлцээр амаргүй нөхцөлд ажиллаж байна. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх , Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах саналыг өгөөд байна. Энэ тал дээр хатуу байр суурьтай байгаагаа мэдэгдье" гэв. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат "УИХ-ын дэг, асууж хариулж байгаа хугацааг багасгасанд үнэхээр харамсаж байна. 1980 онд төрсөн хүн Ерөнхий сайд болох гээд явж байна. Таны туулсан карьер үнэхээр бахархмаар юм байна. Манай монголд таны үеийн залуус ийм карьертай биш байна. Таныг дэвшиж орж ирж байгаад гайхаж байна.

Та огцорсон Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын дарга байсан. Алдаа гарахад таны оролцоо ч байсан. Та эргээд Ерөнхий сайдаар орж ирж байгаа нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг болж байна. Та хувийн хэвшилд ажиллаж байгаагүй юм байна. Дан төрийн алба хашсаар өнөөдрийг хүрсэн юм байна" гэв. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Тийм ээ би 1980 оных. Өнгөрсөн алдаа оноог илүү сайн ойлгох байх. Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг би ойлгоно. Дубайн гэрээг та Ч.Сайханбилэгээс асуу. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ бүх завхарлыг арилгах гэж үнэхээр хичээсэн" хэмээв. 

ШУУД ҮЗЭХ: 


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир "Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлсэн.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул МАН-аас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ" гэв. 

Л.Оюун-Эрдэнийн товч намтар: Тэрээр 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай. Ам бүл 5. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.

БОЛОВСРОЛ:

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль,
  • 2001 онд Бэрс дээд сургууль,
  • 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль,
  • 2015 онд АНУ-ын Харвардын Их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал,
  • 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга,
  • 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч,
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,
  • 2012 онд Монгол Ардын,  Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч,
  • 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.201
    Өчигдөр

    ЭГО роод, олон хөшөө босгоод байлгүй улс ,ард түмнийхээ төлөө ажиллаасай даа энэ хүүхэд.

    Хариулах
  • 66.181.161.105
    Өчигдөр

    битон Ганбат гэгч өөрийгөө юу гээд бодчихсон нөхөр .энэ нөхөр ер нь гадны гар хөл байж магадгүй нөхөр байна. Монгол төрийн ажлыг ийм цар тахлын үед гацаах гээд ард түмний нэр барьсан хөгийн нөхөр вэ.чамд харин боловсрол байна уу.бидон тарааж санал худалдаж авдаг шигээ хүн болгоныг бүү бод

    Хариулах
  • 202.55.188.81
    Өчигдөр

    Өмнөх засгийн эхлүүлсэн нефтийн үйлдвэр төмөр зам зэрэг ажлуудыг зогсоолгүй үргэлжлүүлэн богино хугацаанд ашиглалтанд оруулах хэрэгтэй

    Хариулах