Б.Жавхлан: Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг төр хөнгөлөхгүй

2021/02/02

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүн болон хотын дарга өнөөдөр барилгын салбарынхантай уулзаж, мэдээлэл солилцох үеэр Сангийн сайд Б.Жавхлан ипотекийн хөтөлбөрийн талаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Банкны салбар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 95 тэрбум төгрөгийн зээл гаргасны 66 хувь буюу 60 тэрбум төгрөг нь ипотекийн зээлд олгогдсон. Энэ нь тийм ч бага дүн биш, бас хангалттай тоо биш байхыг ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь хөтөлбөр цаашид тогтвортой явах нь чухал. Энэ дөрвөн жилд дээрх хэмжээнд тогтвортой явна гэж ойлгож, та бүхэн ажлаа төлөвлөөрэй.

Үл хөдлөхөөс судалгаа авахад сард 32 мянган орон сууцны нэр шилждэг. Үүний 15 мянга нь шинэ орон сууцад орж буй иргэд байгаагаас 10 мянга нь ипотекийн зээлээр байр авдаг байна.

Борлуулалтыг сайжруулахын тулд урьдчилгаа төлбөр 30 хувийг бууруулах асуудлыг хөнддөг. Гэхдээ энэ нь зээлдэгчийн сахилга батыг сулруулах, урт хугацаандаа эрсдэл үүсгэх магадлалтай. Иймд ойрын үед урьдчилгаа төлбөр нь 30 хувь хэвээрээ үргэлжилнэ.

Мөн урьдчилгаа 30 хувиас төр хөнгөлж болох уу, төрөөс хариуцаж болох уу гэж асуудаг. Үүнд тодорхой хариулт өгөхөд урьдчилгаа төлбөрт төсвийн мөнгөөр төр оролцохгүй. Та бүхний төлсөн татварын мөнгөөр өөр хэн нэгний барилгын зээлийн хөнгөлөлтийг хийж болохгүй" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна