Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн. Өнгөрөгч оны орон нутгийн сонгуульд төрөлх сумдаа нэр дэвшиж ялалт байгуулсан Алтансүхийн Хүдэрчулуунтай ярилцлаа. Тэрээр 21 настай, Төрийн санхүүч мэргэжилтэй. Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь залуу үеийн төлөөлөл юм.
Сайн байна уу ? Таньд энэ өдрийн мэнд хүргэе ! Өөрийнхөө талаар товч танилцуулаач ?
Сайн байна уу ? Намайг Алтансүхийн Хүдэрчулуун гэдэг. 21 настай. Монгол Улсын Их сургуулийг 2020 онд Төрийн санхүүч мэргэжлээр төгссөн. Мэргэжлийнхээ чиглэлээр ажиллаж байгаа мөн өмнө оны аравдугаар сард зохион байгуулагдсан орон нутгийн сонгуульд нэр дэвшиж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон залуу байна.
Багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан бэ ?
Багадаа бол мэдээж бусад хүүхдүүдийн адил цагдаа, багш болно гэх мэтээр боддог байсан. Миний хувьд ахлах ангидаа сургуулийнхаа номын санд сууж ном их уншдаг хүүхэд байсан. 12-р ангидаа “Хувьцаа ямар ашигтай вэ?” гэдэг ном уншиж санхүү, хөрөнгийн зах зээлийн тухай ойлголттой болоод санхүүгийн салбарыг сонирхож, судлаад энэ мэргэжлийг сонгож байсан даа.
Тэгвэл мэргэжилтэйгээ холбоотой юу хийж байгаа вэ ?
Мэдээж мэргэжлээрээ ажиллаж байгаа. Орон нутагтаа ажиллаж амьдархыг илүүд үздэг, ер нь залуучууд чид эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллах хэрэгтэй. Түүнээс гадна Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Эдийн засгийн байнгын хороо”-ны даргаар ажиллаж байна. Энэ сард “Эдийн засгийн байнгын хороо” маань хуралдаад 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулсан байгаа. Мөн хувьцаа хөрөнгийн зах зээлд оролцож боломжийнхоо хэрээр мэдлэгээ сайжруулах гээд оролдож байна.
Хөрөнгийн зах зээлд ямар байдлаар оролцож байна ?
Оюутан байхдаа хөрөнгийн зах зээлд боломжийнхоо хэрээр оролцдог байсан. Анх “LENDMN”-ийн хувьцааг авч энэ зах зээлд оролцож байлаа. Одоо “Түмэн шувуут”-ийн хувьцааг их сонирхож байгаа. Өндөгний хомстол бий болоод байна шүү дээ. Манай аймагт жишээ нь “цагаан сар” болох гээд өндөг маш их эрэлттэй байна. Мөн Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж байгаа, бүтээгдэхүүн нь эрэлттэй байгаа компаниудаас хувьцаа худалдаж авч байгаа. Яг 21 настай залуу хүний хувьд олон саяар биш ч гэсэн боломжийнхоо хэрээр оролцож байна.
МАН-д хэзээ элссэн бэ ?
Анх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 18 настай байхдаа МАН-ын сонгуулийн штабд ажиллаж байсан. Түүнээс хойш улс төрийн ойлголттой болж эхэлсэн. Тухайн үед нэр дэвшиж байсан хүмүүс болон нам, намын үзэл баримтлалын талаар судалж мэдэж байсан. Намд бол 2019 онд Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоонд элсээд МАН-ын батлах авж байсан. Хүмүүс Нам гэхээр хар бараан, худалч, муу гэсэн буруу бодолтой явдаг юм шиг санагддаг. АНУ, Их Британид тухайн хүн ямар намын гишүүн, дэмжигч байх нь ямар ч хамаагүй байдаг шиг бидний үеийнхэн тийм л болгож өөрчлөх хэрэгтэй гэж боддог.
Яагаад ИТХ-д дэвших болов ?
Оюутан байхдаа олон улсын, их сургуулийн, аймгийнхаа гэх мэт олон оюутан залуучуудын байгууллагад идэвхтэй ажиллаж байсан. Тэр үед оюутнуудад тулгамдсан маш олон асуудлууд байдаг байлаа. Одоо ч байгаа эрх ашиг нь үргэлж хөндөгдөж байдаг хүмүүс шүү дээ. Тухайн үед сургалтын төлбөр, сурах орчин, төгсөгчдийн ажлын байр гээд асуудлуудаар уулзалт, жагсаал цуглаан, үйл ажиллагаан оролцож, зохион байгуулж дуу хоолойгоо илэрхийлж байлаа. Эндээс ямар дүгнэлтэд хүрсэн бэ гэхээр оюутан, залуучууд, өсвөр үеийхэнд асуудлыг нь олж хардаг, мэддэг, дуу хоолой болж чадахуйц төлөөлөл хэрэгтэй юм байна гэж харсан. Тэгээд ИТХ бол угаасаа л иргэдийн төлөөлөх хурал л гэсэн үг тэгэхээр иргэдийн төлөөлөл дунд яагаад залуучуудын төлөөлөл байж болдоггүй юм бэ гэсэн бодолтой дэвшсэндээ. Хүмүүс ИТХ-ын төлөөлөгчийг улс төрч гэж ойлгодог юм шиг. Миний хувьд улс төрч биш. Яг бодоод үзвэл иргэдийн хурлын төлөөлөгч болсон ч ялгаагүй олон нийтийн, залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд оролцож, өөрийн хувийн ажлаа хийж нийгмийн даатгал, татвараа төлнө шүү дээ. Тэгэхээр ИТХ нэг их улс төржөөд байхгүй. Миний хувьд ч улс төр гэхээсээ илүү зүгээр л ажил гэдэг утгаар нь хардаг.
Залуу хүний хувьд ИТХ-д дэвшсэнд дургүйцсэн хүмүүс байсан уу ?
Үгүй. Харин ч дэмжсэн. Миний ажигласнаар хүмүүс шинэ залуу үедээ маш ач холбогдол үзүүлж, итгэдэг болсон юм шиг санагдсан. Манай аймагт олон залуучууд төлөөлөгчөөр сонгогдсон. Эргээд харахад иргэд, олон нийт залуучууддаа итгэх итгэл нь харьцангуй их болсон залуучууддаа боломж олгоё гэсэн хандлагатай болчихсон юм шиг ажиглагдсан.
Сумандаа ямар ажил хийхээр төлөвлөж, мөрийн хөтөлбөрөө боловсруулсан бэ ?
МАН-ын намын орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр гэж байгаа. Хувь хүний зүгээс МАН-ын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн тусгасан зүйлс байгаа. Түүнээс гадна хэрвээ Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч болбол хийж хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн зүйлс ч байгаа. Тодруулбал манай аймагт өсвөр насныхан, оюутан, залуучуудын чиглэлээр олон уулзалт, арга хэмжээ зохиогддог л доо. Эргээд харахад энэ нь яг бодитой, үр дүнтэй байсан уу гэхээр эргэлзээтэй. Тэгэхээр өсвөр насныхны хувьд мэргэжил сонголт, хувь хүний төлөвшил, ахлах ангийн сурагчдын хөгжлийн хөтөлбөр санаачилж хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн. Оюутнуудын чиглэлээр тэдэнд тулгарсан асуудлуудыг шийдэх тухайлбал Улаанбаатар хотод амьдрах орчны асуудал, сургалтын төлбөр, эрүүл мэнд, дадлага, төгсөөд ажиллах ажлын байр гэх мэт. Залуучуудын хувьд сургуулиа төгссөн залуучууд сум, аймагруугаа биш аль болох Нийслэл Улаанбаатар хотод ажиллаж амьдрах хандлагатай болчихсон байна шүү дээ. Тэгэхээр бидний үеийн залуучууд яагаад орон нутагтаа эргэж ирэхгүй байгаа вэ гэсэн бодлоос өөрийн мөрийн хөтөлбөртөө оруулж тусгасан зүйлс байгаа.
ИТХ төлөөлөгчөөр сонгогдоод өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ажил хийв ?
Манай ИТХ-ын төлөөлөгчид сум, орон нутагтай холбоотой асуудлуудыг шийдэх зорилгоор ажлын төлөвлөгөө гаргаж, төсөв баталдаг. Оны өмнөхөн 2021 оны төсвийн төлөвлөгөө баталсан байгаа. Миний зүгээс ахлах ангийн сурагч, оюутан, залуучуудын чиглэлээр төсөвт саналаа оруулсан. Мөн “Эдийн засгийн байнгын хороо”-ныхоо ажлыг хийгээд явж байна даа. Ковид-19 тэй холбоотойгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглочихсон байгаа. Уг нь бодсон санасан төсөл, ажлууд олон байсан юм. Ажлын төлөвлөгөө, хийх зүйлсэд саналаа хүргэх нь их чухал. Нэгж оюутан, залуу хүн чангаас чанга хашхираад үр дүнд хүрэх нь хэр бол харин тухайн асуудлыг шийдвэрлэх институцийн дотор нь сууж байгаад саналаа хэлэх нь илүү үр дүнтэй байдаг юм байна лээ.
ИТХ ямар чиг үүрэгтэй байгууллага вэ ?
Иргэд амьдарч байгаа орчноо сайжруулахын төлөө сонголт хийдэг. Тэр сонголтын үр дүнд ИТХ бий болж байгаа. Амьдарч байгаа орчинд дан ганц гадаа талбай, зам харгуй орохгүй. Хувь хүний хөгжлийн асуудал, аюулгүй, тав тухтай амьдрах гэх мэт олон зүйл хамаарна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүргийн талаар Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд тусгагдсан байдаг. Энгийнээр тайлбарлавал төлөөлж буй баг, сумынхаа иргэдийн санал, хүсэлтэд үндэслэн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг зохион байгуулан, иргэд болон засаг захиргааны байгууллагын гүүр, холбоос болох байгууллага гэж боддог.
Залуучуудын улс төрийн оролцооны талаар юу гэж бодож байна вэ ?
Сонгуульд оролцож саналаа өгч байгаагаа улс төрд оролцож байна гэж боддог. Энэ бол оролцооны ердөө л ганц хэлбэр нь юм шиг санагддаг. Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгууль гээд гурван чухал сонгуульдаа оролцохдоо мэдлэг мэдээлэлтэйгээр оролцох хэрэгтэй. Ядаж намын мөрийн хөтөлбөр, дэвшиж буй хүний намтар гэх мэтийг судлах хэрэгтэй. Түүнээс гадна нийгэмд өрнөж буй асуудлуудын талаар судлаж мэддэг байх хэрэгтэй. Манай залуучууд Pubg, Dota-г маш сайн мэддэг шүү дээ. Түүн шиг л улс төр, сонгууль, мөрийн хөтөлбөрийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Улс төрийн мэдлэгээс үүдээд залуучуудын улс төрийн оролцоо нэмэгдэх байх гэж боддог
Манай урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.18
Амжилт
Хариулах203.23.49.89
haha
Хариулах203.23.49.89
haha
Хариулах