ХҮН-ийн төлөөлөгчид Хотын даргыг огцруулах санал гаргав

45 минутын өмнө

Нийслэлийн ХҮН-ын Д.Гантулга, П.Наранбаатар, П.Ганзориг нарын НИХТ-ын төлөөлөгчид өнөөдөр/2021.02.10/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хариуцлага тооцож, огцруулах саналыг танилцуулсан юм. 

Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга "Гамшгийн тухай хуулинд Засаг даргад энэ бүхнийг хэрэгжүүлэх бүрэн эрх, үүрэг байдаг. НИТХ-ын төлөөлөгчид Засаг даргын ажилд хяналт тавьдаг, чиглэл өгөх эрхтэй.  ХҮН-ын төлөөлөгчид асуудал оруулсан боловч Засаг дарга Д.Сумъяабазар  зүгээр танилцуулаад асуулт асуугаад өнгөрчихлөө. Бид эхлээд шууд огцруулъя гээгүй. Эхлээд хурлаар ороод Д.Сумъяабазар даргын ажилд үнэлэлт дүгнэлт, чиглэл өгье гэсэн. Харамсалтай нь, тийм зүйл болсонгүй. Иймээс бид дараагийн шатны арга хэмжээгээ авч байна. НИТХ ч ажлаа хийж чадахгүй байна" гэв.

Харин НИТХ-ын төлөөлөгч Д.Наранбаатар: "Нийслэлийн сая 300 мянган хүнийг төлөөлж байгаа бид Засаг даргын ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй.  Чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чадсангүй. Нийслэлийн онцгой комисс яаж ажилласныг бүгд мэднэ. Хотын хаяанд, товчоон дээр ирчээд хот руу орж чадалгүй хүн барсан. Нийтийн тээврийн хуваарийг өөрчилж бөөгнөрлийг бий болгосон. Мөн бараа түгээлтийн цагийг шөнө дунд болгож олон хүний ажлыг хүндрүүлсэн. Сүүлд л гэхэд гадуур 1000-3000 төгрөгийн үнэтэй N95 маскыг 20 мянган төгрөгөөр авах тендер зарласан. Тэгээд хүмүүс шуугихаар нь хүчингүй болголоо. НИТХ чадамжгүй байна" гэсэн юм. 

Үүний дараа НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг "Өнөөдөр НОК ажилдаа дүгнэлт хийлгэсэнгүй. Иймээс бид нийслэлийн 45 төлөөлөгчийн 15-ынх нь гарын үсгийг цуглуулж, Д.Сумъяабазарыг огцруулах саналыг дэвшүүлнэ" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна