Ханжөүд нэг удаа шөнө буув. Манай сургуулийн чиг рүү явдаг автобус зогссон тул такси барив. Уриалгахан жолооч ачааг минь багааждаа хийгээд уламжлал ёсоор янз бүрийн яриа өдөж эхлэв.
Өөрийгөө Хэбэйн хүн л гэнэ. Ханжөүд ирээд гурван жил болсон, такси барих эрх авах гэж хичээсэн, хоёр хүүхэдтэй эхнэр нь нутагтаа үлдсэн юм байх. Жолооч ийнхүү өөрийгөө танилцуулж дууссаны дараа намайг сонирхож эхлэв.
-Чи Солонгос уу?
-Үгүй
-Аан Япон юм уу?
-Үгүй. Монгол
-Өмнөд Монгол уу?
-Үгүй. Монгол Улсаас ирсэн.
Монгол Улсын иргэн, монгол хүн гэдгийг сонсоод нөхөр сонин болоод явчихыг анзаарав. Янз бүрийн юм ярьж өдөж эхлэв. Танай улс чинь хөгжил муу биз дээ ч гэх шиг... Тэгснээ нөхөр машиныхаа мөнгө гардаг тоолуурыг гэнэт унтрааснаа “Танай сургууль чинь хол байна, 300 юань гарна” гэв.
Би ч 30 хүрээгүй хүн, өнөөдрийнх нь шиг даруу загнана гэж юу байхав. “Би онгоцны буудлаас олон удаа таксидсан 95 юань гардаг шүү. Товчилж явбал 30 юань хурдны замын постон дээр нэмж тушаана. Хамгийн ихдээ 125 болно” гэсэн чинь таксины жолооч над руу агсарч байна.
“Чи муу юу ч мэдэхгүй тэнэг” л гэнэ. Бараг оюутан байж тоо мэдэхгүй мал ухааны юм ярьж байснаа “Би танай улсад замын ажил хийж байсан. Танай залуучууд бид нарыг шөнө морьтой ирж зодсон. Манай захирлаас танай дарга нар мөнгө нэхэж авдаг байсан” гээд үглэж гарав.
Би ч байдал эвгүйтэж байгааг ЁОНК гээд ойлгов. Тэр мөчид нөхөр машинаа зогсоосноо “Би энэнээс цааш явахгүй одоо буу” гэлээ. Харанхуй шөнө. Машин явдаггүй газар албаар буулгаж хорлох гэж байгааг нь мэдээд өөртөө ‘За хө, тайван байна шүү. Ханжөү камер сайтай ч хүний л нутаг’ гээд эргэн тойрноо хартал миний өөдөөс өнөөх муу таксины жолоочийн нэр ус, зураг хөрөг, ажлын үнэмлэхний дугаар гээд бүх мэдээлэл нь нэг жижиг самбар дээр мэлтийгээд байж байхгүй хаачихав дээ.
Би ч тэр дор нь тэр самбарных нь зургийг дараад анд Ли Туо руугаа явуулаад араас нь ийнхүү хэллээ. “За, найзыг нь энэ таксины жолооч харанхуй газар буулгах гээд байна. Бас илүү мөнгө нэхсэн. Хэрвээ би аюулд орвол энэ хүний буруу шүү. Чи яг одоо энэ такси компани руу нь залгаад миний өмнөөс гомдол гаргаад өг” гэв ээ.
Тэгсэн чинь л өнөө жолооч уйлж гарав. “Би чамайг зовоох гээгүй шүү”, “Миний буруу. Найздаа дахиад хэл өг. Битгий манай компани руу ярь гээч. Би энэ ажлаа алдчихвал баларна. Чамайг үнэгүй хүргээд өгье. Нэг л удаа өршөөчих. Дараа хоолонд оръё, сайн ах дүү минь уучил” гээд л. За, тэгээд эцэст би тэр нөхрөөр оюутны байрныхаа гадаа хүргүүлээд 95 юанийг нь Alipay-гээр төлчихөөд эсэн мэнд эрүүл саруул буусан юм даа.
Энд би юу хэлэх гээд байна вэ гэхээр, муу хүн хаа сайгүй байдаг. Тэд муу үйлийг хэзээ ч, хэнд ч хийж магадгүй. Төрийн үүрэг юу вэ гэвэл, тухайн улсын газар нутаг дээр буй гадаад, дотоод, хар, шар, цагаан, хужаа монгол, вьетнам бүх хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалах. Түүнд хэн нэг этгээд халдахгүй байх нөхцлийг л бий болгох. Тэрнээс засаг барьж, сайд болж тоглох биш.
Надтай тохиолдсон энэ үйл явдалд дүн шинжилгээ хийвэл:
1. Хэрвээ Монгол Улсын төр нутаг дэвсгэр дээрээ ажиллаж, амьдарч буй хөрөнгө оруулагч, хуулийн дагуу ажиллаж буй гадаадын иргэнийг хамгаалж чадсан бол тэр таксины жолооч шиг хүмүүс бид нарт улсаар нь өс зангидахгүй байсан.
2. Хэрвээ Хятадын төр, Ханжөү хотын захиргаа үйлчлүүлэгчийн эрх, аюулгүй байдлыг хамгаалахын тулд таксины жолоочийн хувийн мэдээллийг машин дотор нь байршуулдаггүй байсан бол надад ямар эрсдэл тулгарахыг би лав мэдэхгүй
3. Ханжөүгийн такси компани үйлчлүүлэгчийн гомдлын дагуу жолооч нартаа хатуу хариуцлага тооцдоггүй, гомдлыг цагдаагийн байгууллагад давхар мэдээлэх үүрэггүй байсан бол тэр жолооч тэгтлээ хурдан айж хулчийхгүй байсан юм.
Энэ удаагийн аймшигт хэрэг бидэнд хэд хэдэн сургамжийг үлдээв.
1. Замбараагүй такси үйлчилгээг цэгцлэх. Хэн дуртай хоолны мөнгөгүй болсон халтуурчин таксинд яваад байж болохгүй. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал хамгийн эхэнд байх ёстой. Сайншандаас хулгайлагдаж, амь насаа харамсалтайгаар алдсан 12 настай охин “Дуртай нь таксинд явдаг” байдлаас болж, дурын машинд сууж аюулд оров. Хэрэв такси албан ёсных байгаад дотор нь жолоочийн бүрэн мэдээлэл байсан бол яах байсан бол. Ер нь иймэрхүү адгийн амьтад хэзээ ч таксинд явдаггүй тийм л системийг үүсгэ.
2. Шүүх рүү дайрах дайралт ихсэв. Үнэхээр шүүх алдаатай, буруу шийдвэр гаргадаг эсэхийг нягталсан үндэсний хэмжээний "Юм ойлгодог" хүмүүсийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэй. Мөн шүүх УИХ-аар баталсан хуулийг барьж шийдвэр гаргадгийг мартаж болохгүй.
3. Цаазын ялыг сэргээж хэрхэвч болохгүй. Нийгмийг цочроосон хэрэг гарах бүрт цааз хүсэгчид улайгаа нэхэж эхэлдэг. Нүгэлтнийг зүгээр алчихъя гэдэг бол бодож сэтгэх дургүй, залхуу бас адгууслаг хүмүүсийн л шийдэл. Үнэн ганц үхлээр тогтоогдоно гэж байхгүй. Дүгнээд хэлэхэд, монголчуудын оюун санаа салхинд хийсэх хамхуул лугаа сенсациас сенсаци даган ханардаг болж.
Монголчууд би бодох сэтгэхдээ хүртэл хамгийн энгийн, хамгийн амрыг нь сонгодог юм байна. Ер нь л бие махбодь, оюун санааны ЗАЛХУУРАЛД орсон аж. Сайн бод бод. Жоохон юм унш унш. Өөр өөрсдийн итгэдэг шашиндаа үнэнчээр сүсэглэ. Буян нүгэл, эрх ямба, эд агуурс, ээлжилдгийг сана. Энэ хүртэл уншсанд баярлалаа. Баяртай.
Эх сурвалж: Б.Дашравдан
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна