Хар машинаа авч амжихгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолох эрсдэл үүснэ

Г.Долгорсүрэн
2 цаг 21 минутын өмнө

Ирэх жил Ерөнхийлөгч, дараа жил нь УИХ-ын сонгууль болно. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр улстөрийн тогтворгүй нөхцөл байдлаас үүдэж, Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ нь ашиглалт нь дуусчихаад байгаа сонгуулийн санал тоолдог хар машинуудаа авч чадахгүйд хүрчээ.

2024 оны сонгуулийн дараа "Сонгуулийн санал тоолох хар машинууд ашиглах үүргээ гүйцэтгэсэн" гэсэн дүгнэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл, одоо дахин ашиглавал гацах зэрэг асуудал үүсэх эрсдэлтэй хэмээн дүгнэжээ. 

2012 оноос хойш 38 удаагийн ээлжит болон нөхөн, дахин сонгуульд санал тоолох төхөөрөмжийг ашигласан аж. Нэмж 500 ширхэгийг 2024 оны сонгуулийн өмнө авсан байна.

Үндсэндээ өдгөө 2500 ширхэг /хар машин/ төхөөрөмжийг нөхөн авах зайлшгүй шаардлага үүсчээ.

Энэ хүрээнд СЕХ-ноос өнгөрсөн 2025 онд санал тоолох төхөөрөмжөө дараагийн загвараар нь бүрэн шинэчилье, 3000 ширхэгийг зайлшгүй авах шаардлагатай байна гэдэг асуудлаа танилцуулан төсөвт тусгуулсан байна.

Улмаар СЕХ санал тоолох төхөөрөмж нийлүүлдэг байгууллагатай холбогдож, 2026 ондоо багтааж техник хэрэгслээ шинэчлэхээр ярилцсан боловч мөнгөний асуудлаас болоод хойшилсон аж.

Товчхондоо, улстөрийн хэрүүл, зодооноос үүдэж шаардлагатай хөрөнгийн 30 хувийг нь тусгасан байгаа юм.

Хэрэв энэ ондоо багтаж, техник хэрэгслээ шинэчилж чадахгүй бол 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолох эрсдэл үүсэх нь.

Эл асуудалтай холбоотойгоор СЕХ-ноос Төсвийн байнгын хороонд асуудлыг танилцуулж, гишүүд ч шүүмжлэлтэй хандав. Үүний дараа хар машин авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, яаралтайгаар шийдвэрлүүлнэ хэмээн яригдсан гэх.

Хэрэв дахин цаг алдвал Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нөхөн бүрдүүлэлт хийх боломжгүйд хүрнэ гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Учир нь 2027 онд хар машиныг авч амжихгүй бол тохируулга хийх зэрэг хугацаа авах ажлууд ард нь хүлээж буй.

Цаг хугацаа нь тулчихсан эл асуудлыг яаралтай шийдэхгүй бол сонгуулийн санал авах үйл ажиллагааг хэвийн явуулж чадах эсэх нь эргэлзээтэй сэдэв болох нь.

Мөн ажлын хэсгийн дүгнэлт цаг хугацаатайгаа гарчихаад байхад эс үйлдэхүй үзүүлсэн албан тушаалтнуудад хариуцлагын асуудал ч яригдаж мэдэхээр байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.9
    42 минутын өмнө

    Гараар тоолбол ганц ч тойрогт үнэн зөв тоо гарахгүй!!!

    Хариулах