ӨМЧ ХУВЬЧЛАЛ: Мэдээлэлд ойр цөөн хүн "баяждаг" байдлыг ХАЛНА

Г.Долгорсүрэн
2 цаг 17 минутын өмнө

Монгол улс 1990 оноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, тухайн үеийн үнэлгээгээр 22 тэрбум төгрөгийн эд хөрөнгө буюу төрийн нийт өмчийн 44 хувийг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр хувьчлах үйл ажиллагаа эхэлснээс хойш 35 жилийн хугацаа өнгөрчээ.

 Өмч хувьчлалын үйл явцыг дараах үндсэн дөрвөн үед хувааж болно.

  1. Өмч хувьчлалын I үе буюу 1991-1995 он
  2. Өмч хувьчлалын II үе буюу 1996-2000 он
  3. Өмч хувьчлалын III үе буюу 2001-2004 он
  4. Өмч хувьчлалын IV үе буюу 2005-2022 он

                                           Өмч хувьчлалын I үе буюу 1991-1995 он

Монгол Улсын бүх иргэнд тараасан Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр 1990-1991 оны заагт төрийн өмчид байсан нийт үндсэн хөрөнгийн 44 хувь буюу 22 тэрбум орчим төгрөгийн өмчийг хувьчлах зорилт тавьсан байна.

Ард иргэдэд тараасан 19.8 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэлгээ бүхий 1.9 сая гаруй ширхэг хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг өмч хөрөнгөөр баталгаажуулах нь хувьчлалын ажлын эхний шатны зорилт байжээ. 

Энэ үед нэг сая 161 мянга 468 иргэн Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмшигч болсон байна.

Иргэд өнөөдөр энэ хувьцааны үр ашгийг хүртдэг үү?

1992 онд байгуулагдсан Монголын хөрөнгийн биржээр дамжуулан улсын 241 үйлдвэрийг газрыг бүрэн хувьчилж, мөн 234 үйлдвэрийн газрын хувьцааны зарим хэсгийг хувьчлан арилжаалсан ба Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр 476 компани хувьчлагдсан. Үүнээс өнөөдрийн байдлаар төвлөрсөн хадгаламжид 251 компани бүртгэлтэй, 225 компани аж ахуйн нэгжийн хэлбэрээ өөрчилж төвлөрсөн хадгаламжийн бүртгэлээс хасагдсан байна.

Үндсэндээ иргэдийн ихэнх нь үр ашиг хүртээгүй, зарим иргэд хувьцаагаа багахан үнээр цөөн этгээдэд зарж, мэдээлэлд ойр хэдхэн хүн хувьдаа авч, хувьцааны төвлөрөл явагдсан байна.

Засгийн газрын Өмч хувьчлалын комисс болон Төрийн өмчийн хорооны судалгаа тайланд үндэслэн 1991-1995 онд хувьчлагдсан томоохон 774 хуулийн этгээдүүдийн судалгааг гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан бүртгэлтэй эсэх, одоо үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тодруулахад 340 хуулийн этгээд буюу 43,9 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа, 261 хуулийн этгээд буюу 33,7 хувь нь татан буугдсан, 124 хуулийн этгээд буюу 16 хувь нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, 49 хуулийн этгээд нь огт бүртгэлгүй байна.

Хувьчлалын эхний үед өмч хувьчлалын нэгдсэн судалгаа гаргасан, хувьчлалын дараахь үйл явцад мониторинг хийж, үнэлэлт дүгнэлт өгсөн, өмч хувьчлалын архивын материалын талаар нэгдсэн судалгаа хийгдээгүй байна.

                                                Өмч хувьчлалын II үе буюу 1996-2000 он

1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг Улсын Их Хурал баталснаар өмч хувьчлалын II үе шат эхэлсэн гэж үзэж болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 1996 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 177 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороог байгуулж, мөн оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн хорооны зохион байгуулалтын бүтэц болон дүрмийг баталсан байна.

1996-2000 онд битүүмжилсэн дуудлага худалдаагаар нийт 6.6 тэрбум орчим төгрөгөөр нийтийн 75 компанийг хувьчилсан. Мөн хугацаанд нийтийн дуудлага худалдаагаар 40.8 тэрбум төгрөгөөр 847 аж ахуйн нэгжийг хувьчилсан байна.

1995-1999 оны хооронд 430 орчим компанийн 112 сая ширхэг хувьцаа арилжаалагдаж, нийт 30.1 тэрбум төгрөгийн гүйлгээ Монголын хөрөнгийн биржээр хийгдэж байжээ.

Энэ үед хийгдсэн томоохон ажлын нэг нь төр өмчөө анх удаа тоолж, 1997 онд улсын нэгдсэн тооллогын дүнг гаргасан явдал юм. Үүнд үндэслэн Монгол Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор Төрийн өмчөөс Аймаг, Нийслэлийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтын баталж, орон нутагт хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэсэн байна.

 Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийн судалгаа

Аймгийн нэр

Нийт хөрөнгийн дүн /мян.төг/

 (1996.12.31)

1

Архангай

2,360,894.22

2

Баян-Өлгий

3,951,516.08

3

Баянхонгор

2,815,146.20

4

Булган

2,415,376.67

5

Говь-Алтай

4,969,414.40

6

Говь-Сүмбэр

875,579.10

7

Дархан-Уул

6,674,892.70

8

Дорноговь

2,264,996.50

9

Дорнод

2,877,976.20

10

Дундговь

1,624,000.10

11

Завхан

3,154,744.10

12

Орхон

16,765,965.00

13

Өвөрхангай

4,299,366.00

14

Өмнөговь

2,690,852.10

15

Сүхбаатар

1,876,145.80

16

Сэлэнгэ

5,168,111.60

17

Төв

8,872,730.20

18

Ховд

5,491,740,20

19

Увс

3,704,860.90

20

Хөвсгөл

3,619,004.90

21

Хэнтий

3,663,047.10

22

Улаанбаатар хот

128,511,270.10

Нийт дүн

218,647,649.97

 “Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр”-ийг Засгийн газар баталж, хэрэгжүүлэн төрийн өмчийн аж ахуйн нэгж, тэдгээрийн эд хөрөнгө, барилга байгууламжийг худалдан 1996-2000 онд нийт 47.4 тэрбум төгрөгийн орлого төсөвт оруулан төсвийн орлогод зохих хувь нэмэр оруулсан.

                                                    Өмч хувьчлалын III үе буюу 2001-2004 он

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийг 2001 оны 1 дүгээр сард УИХ-аас баталсан бөгөөд энэхүү үндсэн чиглэлийг үндэслэн жил бүр Засгийн газар тухайн жилд хувьчлах, өөрчлөн байгуулалт хийх аж ахуйн нэгжийн жагсаалтыг баталж байсан.

 Мөн УИХ-ын баталсан Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулан, “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам ХНН-ээс бусад үнэ цэнтэй аж ахуйн нэгжийг хувьчлах боломж бүрдсэн байна.

 Үнэ цэнтэй аж ахуйн нэгжүүдийг олон улсын тендерийн аргаар стратегийн хөрөнгө оруулагчдад хувьчлан тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өргөтгөн, үр ашгийг дээшлүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, “ноу-хау” татах зорилт тавин, үнэ цэнтэй аж ахуйн нэгжийн хувьчлалыг эхлүүлж, “Говь” ХК, “АПУ” ХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Хөдөө аж ахуйн банк” ХХК, “Монгол даатгал” ХХК, “НИК” ХК-ийг хувьчилж улсын төсөвт 42,9 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.

 

Аж ахуйн нэгжийн нэр

Хувь-чилсан хувьцаа /хувиар/

 

Худалдан авагч

Удирдлагыг нь хэрэгжүүлэх байгууллага

Худалдах доод үнэ /мян.$/

Худалдан авсан үнэ /мян.$/

Амлаж буй хөрөнгө оруулалт /мян.$/

Худалдаа хөгжлийн банк

76

Швейцарь, АНУ-ын “Банка Коммер-сиаль Лугано/ Джералд Металс” консорциум

Голландын “АЙЭНЖИ” банкны зөвлөгөө өгөх бүлэг

 

12 226,0

 

12 230,0

 

28 000,0

Хөдөө аж ахуйн банк

100

Японы “Эйч Эс Секюритиз” компани

“Девелопмент Алтернативз, Инк” компани

3 280,0

6 850,0

13 000,0

“Монгол даатгал” ХХК

100

ОХУ, Монголын “Ангара даатгал” компани/ “Чингис хаан” банк

Худалдан авагч

1 200,0

5 800,0

1 000,0

“НИК” ХК

80

Монголын “Петровис” ХХК 

Худалдан авагч

6 133,0

8 500,8

16 000,0

ДҮН

 

 

 

22 839,0

33 380,8

58 000,0

“АПУ” ХК

51

“Туул интернешнл” ХХК

Худалдан авагч

3 488,8  сая төг

4 501,0

 сая төг.

 

                                                Худалдаа хөгжлийн банкыг хувьчилсан ТҮҮХ

“Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн нийт хувьцааны төрийн мэдлийн 76 хувьд ногдох 1.520.000 ширхэг энгийн хувьцаа /цаашид “Худалдаа хөгжлийн банк” гэнэ/-г нэг багц болгон хувьчлах уралдаант шалгаруулалт /цаашид “тендер” гэх/-ыг Засгийн газрын 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолоор баталсан “Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ”, “Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам”-ыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос зохион байгуулж явуулсан байдаг.

Худалдаа хөгжлийн банкны хувьчлах ажилд Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагтай байгуулсан гэрээний дагуу “КПМЖ Консалтинг” компанийн “Баренц” бүлэг төрийн өмчийн хорооны зөвлөхөөр ажилласан.

Улмаар 12,230,000 ам.долларын худалдан авах үнэ болон нэн даруй /Ойрын 2 жилд/ 28,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх санхүүгийн санал өгсөн "Ваnса Cоmmегсiаle Lugano/Gerald Metals" консорциумыг Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны төрийн эзэмшлийн 76 хувийг худалдах тендерийн ялагчаар шалгаруулж, мөн өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, Консорциум төлбөр /12,130,000 ам.доллар (дэнчинг хасаад)/-ийг хугацаанд нь шилжүүлж, Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны төрийн мэдлийн 76 хувь буюу 1,520,000 ширхэг хувьцааг эзэмших эрхийг тус консорциумын байгуулсан албан ёсны хуулийн этгээд болох "Global Investment and Development SCA" компанид шилжүүлсэн ба тус консорциум Худалдаа хөгжлийн банк дээр өөрийн тендерт ялсан бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажилласан байна.

                                                         Хөдөө аж ахуйн банк /ХААН/-ны ХУВЬЧЛАЛ

Хөдөө аж ахуйн банкийг хувьчлах уралдаант шалгаруулалт /цаашид "тендер" гэх/-ыг Засгийн газрын 2002 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 142 дугаар тогтоолоор баталсан "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ", "Уралдаант шалгаруулалтын журам"-ыг үндэслэн Төрийн өмчийн хорооноос зохион байгуулж явуулжээ.

Хөдөө аж ахуйн банкийг хувьчлах ажилд мөн л Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагтай байгуулсан гэрээний дагуу "КПМЖ Консалтинг" компанийн "Баренц" бүлэг Төрийн өмчийн хорооны зөвлөхөөр ажилласан.

Хөдөө аж ахуйн банкийг худалдах доод үнийг 3,280,000 ам.доллароор тогтоосон бөгөөд тендерийг 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нийтэд албан ёсоор зарлаж тендерийн ажиллагааг эхэлсэн.

Энэ ажлын хүрээнд Хөдөө аж ахуйн банкийг сонирхож болох стратегийн хөрөнгө оруулагчдын жагсаалтыг гарган тэдэнд банкны тухай мэдээ, материалыг хүргүүлэн саналыг нь авч байв. Мөн мэргэжлийн сэтгүүлд сурталчлах, интернэтийн сүлжээ ашиглах, Монголд суугаа болон Монголоос гадаадад суугаа Элчин, төлөөлөгчид, өргөмжит консулын сүлжээг ашигласан.

Хөдөө аж ахуйн банкийг хувьчлах тендерт ирүүлсэн техникийн саналаар 90 оноо авсан, санхүүгийн саналаар 6,850,000 ам.доллараар худалдан авах үнэ санал болгосон H.S.Securities Co.Ltd компани тендерийн ялагчаар шалгарсан байна.

Худалдах, худалдан авах гэрээ болон Худалдан авах үнийн эскроу гэрээний дагуү тус компани төлбөр /6.760,000 ам.доллар (дэнчинг хасаад)/-ийг хугацаанд нь шилжүүлж, Төрийн өмчийн хороо Хөдөө аж ахуйн банкны нийт 4 574 130 ширхэг хувьцааг эзэмших эрхийг тус компанид шилжүүлсэн, тус компани Хөдөө аж ахуйн банк дээр өөрийн тендерт ялсан бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажилласан.

                                     "Монгол даатгал" компанийг 100 хувь ХУВЬЧИЛСАН нь

"Монгол даатгал” ХХК-ийн төрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааг хувьчлах уралдаант шалгаруулалт /цаашид "тендер' гэх/-ыг Засгийн газрын 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор баталсан "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ", "Уралдаант шалгаруулалтын журам" зэрэг эрх зүйн баримт бичгийг үндэслэн Төрийн өмчийн хорооноос зохион байгуулж явуулсан байдаг.

 "Монгол даатгал" ХХК-ийн төрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааг хувьчлах ажилд Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагтай байгуулсан гэрээний дагуу "Беринг пойнт" компанийн "Баренц" бүлэг Төрийн өмчийн хорооны зөвлөхөөр ажилласан.

"Монгол даатгал" ХХК-ийг хувьчлах тендерт ирүүлсэн техникийн саналаар 75 оноо авсан, санхүүгийн саналаар 5.800.000 ам.доллараар худалдан авах үнэ санал болгосон “Аngага-СКВ” консорциумыг тендерийн ялагчаар шалгаруулж, Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу тус консорциум төлбөр /5,700.000 ам.доллар (дэнчинг хасаад)/-ийг хугацаанд нь шилжүүлж, “Монгол даатгал” ХХК-ийн төрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааг эзэмших эрхийг тус консорциумд шилжүүлж, тус консорциум “Монгол даатгал” ХХК дээр өөрийн тендерт ялсан бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлсэн.

                                                      “НИК”-ийг “Петровис” ХХК авсан ТҮҮХ

“НИК” ХК-ийн нийт хувьцааны 80 хувь буюу төрийн эзэмшлийн 16760768 ширхэг хувьцаа /цаашид “НИК” ХК гэнэ/-г хувьчлах уралдаант шалгаруулалт /цаашид “тендер” гэнэ/-ыг “Засгийн газрын 2003 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан “Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ”, “Уралдаант шалгаруулалтын журам”-ыг үндэслэн зохион байгуулж явуулжээ.

“НИК” ХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 80 хувийн хувьцааг хувьчлах ажилд Монгол Улсын Засгийн газраас  АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагтай байгуулсан гэрээний дагуу “Беринг пойнт” компанийн “Баренц” бүлэг Төрийн өмчийн хорооны зөвлөхөөр ажилласан.

 “НИК” ХК-ийг хувьчлах тендерт ирүүлсэн техникийн саналаар 85 оноо авсан, санхүүгийн саналаар 8,500,800 ам.доллараар худалдан авах үнэ санал болгосон “Петровис” ХХК тендерийн ялагчаар шалгарсан. “НИК” ХХК-ийн хувьчлах тендерийн ялагчаар шалгарсан “Петровис” ХХК-тай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу тус компани төлбөр /8,400,800 ам.доллар (дэнчинг хасаад)/-ийг хугацаанд нь шилжүүлж, “НИК” хувьцаат компанийн нийт хувьцааны 80 хувь буюу төрийн эзэмшлийн 16,760,768 ширхэг хувьцааг эзэмших эрхийг шилжүүлж, тус компани “НИК” ХК дээр өөрийн тендерт ялсан бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдаг.

УИХ-ын 2002 оны 56 дугаар тогтоолоор “Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл батлах тухай” үндсэн чиглэлийг баталсан.

 Энэ үндсэн чиглэлийн дагуу “Нийгмийн салбарын 2003 онд хувьчлах байгууллагуудын жагсаалт”, “Нийгмийн салбарын 2003 өөрчлөлт, шинэчлэлт хийх байгууллагуудын жагсаалт”, “2003 онд худалдах нийгмийн салбарын төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалт”-ыг Засгийн газар баталжээ.

Уг ажлыг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн салбарын байгууллагыг уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах болон менежментийн үр дүнг харгалзан хувьчлах, удирдах үйл ажиллагааг нь удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх зэрэг хувьчлалын аргыг өргөн хэрэглэсэн журмууд, ялагчтай байгуулах худалдах, худалдан авах болон менежментийн гэрээний үлгэрчилсэн загвар зэргийг баталж байв.

Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Улаанбаатар дээд сургууль, Хүүхэд, залуучуудын театрыг менежментийн үр дүнгээр, эмийн үйлдвэрийг уралдаант шалгаруулалтын аргаар, “Монгол эм импекс” ХК-ийн хувьцааны 49 хувь, Эрүүл энх хэвлэлийн үйлдвэрийг дуудлагын худалдааны аргаар тус тус хувьчилсан байна.

                                                  Өмч хувьчлалын IV үе буюу 2005-2022 он

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийг 2001 оноос эхлэн УИХ баталж, Засгийн газар тухайн жилд хувьчлах хөрөнгийн жагсаалтыг баталж, хэрэгжилтийг хангаж ирсэн байна.

Эрчим хүчний тоног төхөөрөмж, туршилт тохируулгын үйлдвэр, “Агро сервис” ХХК-ийг “МИАТ” ХК-ийн бүрэлдэхүүнээс салгаж, “Монгол тэмээний ноос” ТӨҮГ, “Дархан мах экспо” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг нээлттэй дуудлага худалдаагаар “Ган тээрэм” ХК-ийг хязгаартай дуудлага худалдаагаар тус тус худалдсан байна. 

“Монгол шуудан” ХХК-ийг нээлттэй компани болгон өөрчлөн зохион байгуулсан. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилсан.

 “Монголчехословакметалл” хамтарсан үйлдвэрийн Монголын талын хувийг ашигт малтмалын нөөцийн үлдэгдэлтэй нь уялдуулан дахин үнэлж, Чех Улсын талд санал болгож, “Зураг зүй” ХХК, “Аэрогеодези” ТӨХК-ийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр технологийг шинэчлэх нөхцөлтэй нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар хувьчилсан.

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолоор “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталж, Өмч хувьчлал хийхдээ уламжлалт арга хэлбэрийн зэрэгцээ төрийн өмчит хувьцаат компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр арилжих, нэмэлт хувьцаа гарган нийтэд санал болгох, концессын гэрээ байгуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн бусад хэлбэрийг ашиглан хувийн хөрөнгө оруулалтыг татах аргыг голлон хэрэгжүүлэхээр тодорхойлсон байна.

УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” үндсэн чиглэлийг баталж, Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 330 дугаар тогтоолоор    2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 15 хуулийн этгээдийн жагсаалтыг баталсан.

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-д тусгагдсан хуулийн этгээдийн хувьцааг худалдах, нэмж хувьцаа гаргах улмаар хувьцааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжих, нээлттэй дуудлага худалдаагаар худалдах чиглэлийг баримталсан байна.

 Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан үндсэн чиглэл, хөтөлбөрийн биелэлтийг товчоолон авч үзвэл

  • Төрийн өмчийг 1996-2000 онд хувьчлах хөтөлбөрийг Засгийн газар баталж хэрэгжүүлсэн ба 922 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийг хувьчилж, 47.4 тэрбум төгрөгийн хувьчлалын орлогыг төвлөрүүлсэн.
  • Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийг Улсын Их Хурал баталсан ба 83 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийг хувьчилж, 62.6 тэрбум төгрөгийн хувьчлалын орлогыг төвлөрүүлсэн.
  • Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг Улсын Их Хурал баталсан ба 34 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийг хувьчилж, 63.1 тэрбум төгрөгийн хувьчлалын орлогыг төвлөрүүлсэн.
  • Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэлийг Улсын Их Хурал баталсан ба 30 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийг хувьчилж, 13.3 тэрбум төгрөгийн хувьчлалын орлогыг төвлөрүүлсэн.
  • Төрийн өмчийг 2013-2014 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл Улсын Их Хурлаар батлагдаагүй.
  • Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг Улсын Их Хурал баталсан ба 25 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийг хувьчилж, 26.0 тэрбум төгрөгийн хувьчлалын орлогыг төвлөрүүлсэн.
  • 2017 онд Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн 4 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийг хувьчилж, 16.2 тэрбум төгрөгийн хувьчлалын орлогыг төвлөрүүлсэн байна.

 

Монгол Улсын хэмжээнд 1991-2025 онд 1930 гаруй аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгийг хувьчилж, улсын төсөвт нийт 227.7 тэрбум төгрөгийн хувьчлалын орлогыг төвлөрүүлсэн дүнтэй байна.

                 Өмч хувьчлалын V үе буюу Нийтийн өмчийн тухай хуулийн шинэчлэл хийх шаардлага

Засгийн газраас Нийтийн өмчийн тухай буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийг сайжруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг ахлан ажиллаж байна. 

Өнгөрсөн хугацаанд бид төрийн өмч дээрээ шүүрэн шанага шиг хуультай явж ирсэн. Үр дүнд нь төрд итгэх иргэд, олон нийтийн итгэл байхгүй болоод байна.

Төр, нийтийн өмчийг иргэд бид хянаж чаддаггүй, мэдээлэлд ойр хүмүүст л боломж ирж байсан нь нууц биш. Өнгөрсөн хугацаанд явагдсан өмч хувьчлал нь зах зээлийн эдийн засагт шилжих үндсэн нөхцлийг бүрдүүлж өгсөн хэдий ч нийгмийн тэгш бус байдлыг бий болгосон нь ч үнэн.

Нөгөө талдаа хяналтын механизм байгаагүй нь системийн авлига үүсэх шалтгаан хүртэл болжээ.  Төрийн өмчийн хуулинд 39 ч удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан ч иргэдэд өгөөжтэй байж чадаагүй.

Тиймээс төрийн өмч албан тушаалтан, орон нутгийн даргын өмч шиг байж ирсэн байдлыг цэгцлэх цаг болсон. Төр өмчөө хянаж, бүртгэж, менежментийг нь хийж, үр ашгийг нь иргэддээ өгч байх ёстой гэсэн хуулийн агуулга дээр ажиллаж байгаагаа О.Номинчимэг онцолжээ.








Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна