Ч.Лодойсамбуу: Том цолтой нь барилдах бөхөө амладаг шиг төрийн сонгуульд өрсөлдөгчөө амладаг болчихлоо

Х.Батсайхан
1 цаг 53 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ерөнхийлөгч УИХ-ын тухай хууль санаачилсныг гишүүд хэлэлцэхээр дэмжчихлээ. Ардчилсан намын гишүүд бас дэмжлээ. Үүнийг та юу гэж харж байна?

-Намын бүлэг дээр энэ хуулийн төслийг дэмжихгүй гэдэг шийдвэр гарсан байсан. Гэхдээ хоёр одтой л доо. Чуулган дээр санал хураахын өмнө намын дарга Ардчилсан намын үзэл баримтлалыг хүртэл уншиж өгсөн. Энэ намаас мандат авч УИХ-д сонгогдсон, Парламентын арчиллаа хамгаалах үүрэгтэй шүү. Намынхаа үзэл баримтлалд үнэнч байгаарай, Парламентынхаа талд зогсоорой гэж хэлсэн. Ингээд АН-аас 19 гишүүн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн.

Одоо нэгэнт ийм зүйл болсон учраас хэлэлцүүлгийн шатанд анхаарах хэрэгтэй. Энд анхаарах ёстой зүйлүүд байгаа. Би анхнаасаа “Хэлэлцэх нь өөрөө нүгэл юм аа” гээд байгаа нь юу вэ гэхээр, хуулийг нэгэнт хэлэлцээд эхэлсэн бол батлагдах магадлал маш өндөр болдог. Батлагдахдаа энэ хуулийн ганц зорилго нь ёс зүйн асуудлаар л гишүүнийг эгүүлэн татдаг болох гээд байгаа шүү дээ.

Жишээлбэл, СХД-ээс сонгогдсон хүний ёс зүйг, бусад найман дүүрэг, 21 аймгаас сонгогдсон гишүүд ярьж байгаад эгүүлэн татаж болдог. Өөрөөр хэлбэл, СХД-ийн иргэдийн сонголтыг булааж авч байгаа ийм л асуудал байхгүй юу.

Наана нь, “За жагсаалтын гишүүдэд нам нь хариуцлага тооцдог байхыг больчихъё” гэдэг ч юм уу буулт хийнэ. Гэхдээ хамгийн аюултай хэсгийг нь хууль санаачлагчийн зүгээс бол заавал батлуулна гэдэг хатуу байр суурьтай байгаа. Тийм учраас Ардчилсан намын ядаж, ардчилалдаа хайртай хэсэг нь энэ асуудалд бас хатуу байр суурьтай байх хэрэгтэй болж байна.

-Татгалзсан 19 гишүүнтэйгаа намын зүгээс ярьж, олйголцох оролдлогууд байсан уу. Гадуур танай намын 19 гишүүнийг эрх баригчидтай наймаалцсан, “дөнгөлүүлсэн” гэж ярьж байна?

-Хүмүүсийн хардаж байгаа ер нь бол бодитой. Дөнгөлүүлсэн, наймаалцсан, айсан, сүрдсэн, найзархсан аль нь юм бэ би мэдэхгүй. Ер нь бол манай намын талыг Ерөнхийлөгч гартаа авч байна шүү дээ. Бүлгээр нь. Энийг би одоо нуухгүй. Би тэгж бодож байгаа. Ерөнхийлөгчийн нам боллоо шүү дээ бараг. Ил цагаандаа гарч байна шүү дээ. Үүнд их шүүмжлэлтэй байгаа. Би бүлэг дотроо ч хэлж байгаа.

-АН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга З.Энхболд хоёр жилийн ял авчихлаа. Нам энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ. “Ерөнхийлөгчийг шүүмжлээд ял авчихлаа” гэж ярьж байгаа нь үнэний ортой юу. Шүүх хурал нь гурван жил үргэлжилсэн шүү дээ?

-Би бол эцсийн мөч хүртэл шүүхээ хүндэлдэг. Үүнийгээ ч өмнө нь байнга илэрхийлж ирсэн. Одоо бол надад жаахан эргэлзээ төрж байна. Хэргийг нь дахин дахин задалж, буталж шийддэг. Одоо Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүмүүс рүү орлоо. Н.Алтанхуягийн хэрэг нь задарсан. Одоо З.Энхболд... дараагийнх нь хэн байх юм, мэдэхгүй.

Бид нар өмнө нь энийг үзчихсэн бахгүй юу. Өмнөх Ерөнхийлөгийн сонгуулийн үеэр гол өрсөлдөгчөө Үндсэн хуулиар шахаад гаргачихсан. Үндэсний бөхөд том цолтой нь амлаж авдаг шиг төрийн сонгуульд амлагаа яваад байдаг болчихлоо шүү дээ. Тэр л яваад байна.      

Дараагийн удаад манай намын 50-иас дээш настай, Ерөнхийлөгчийн зангарагтай улстөрчдөөс хэнийг нь, ямар асуудлаар нь өлгөж авч явахыг таашгүй байна. Ямар ч байсан нэг жилийн хугацаанд маш олон зүйл болох юм байна. Энэ анхааруулах дохиог монголчууд маань бас харж л байгаа.

Фэйсбүүкийн пост, коммент монголчуудын бүгдийнх нь үзэл бодол, байр суурийг илэрхийлэхгүй шүү дээ. Цаана нь бүгдийг эрүүлээр харж байдаг хүмүүс байгаа. Тэд нар илүү олуулаа байгаа. Чимээгүй л байгаа болохоос биш. Тэд нар маань харж байгаа. Энэ Монгол Улсад хэн нь яг яагаад, төрийг яаж атгаад байна вэ гэдгийг.

-Энэ нөхцөл байдлаас сөрөг хүчин маань яг сөрөг хүчин шиг нэгдмэл байж чадахгүй байгаа дүр зураг харагдаад байна?

-Бүхэлдээ тийм гэж дүгнэж болохгүй шүү дээ. Ганц нэг зөрөх асуудал бол байна. Гэхдээ сая Ерөнхийлөгчийн санаачилсан хуультай холбоотой асуудалд яагаад намынхандаа, бүлгийнхэндээ илүү эмзэг байв гэхээр, энэ ардчилалтай холбоотой. Манай намын үзэл баримтлалтай холбоотой.

Тэнд болж байна гээд сонгосон хүнийг энд нэг хүн буруу шүү дээ гэж түлхээд, тэр хүмүүсийн саналыг булааж авахыг нь зөвшөөрч болохгүй. Ялангуяа ардчилсан намынхан.

Ард түмэн төрийнхөө эрхийг барьдаг, ард түмэн өөрөө, өөрсдөө эрх чөлөөнийхөө эзэн байх энэ үзэл баримтлалыг зүрхэндээ тээгээд тугаа олгочихсон нам, намын гишүүд, энэ намаас сонгогдсон УИХ-ын гишүүд энэ асуудал дээр ямар ч хөдөлбөргүй хатуу байх ёстой.

Ийм жижигхэн байгаасай гэж сонгоггүй. Тийм учраас намынхандаа шүүмжлэлтэй хандаад байгаа юм. МАН-ынханд бол юу хэлэх вэ дээ. Үзэл бодол нь тэр юм чинь.

-Та УИХ дахь АН-ын бүлгий нэр дэвших үү?

-Үгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна