Бүх цаг үеийн хамгийн шилдэг олон талт тамирчин буюу "Онцгой нэгэн"

Х.Батсайхан
2023/10/19

Спортын түүхэнд бусдаасаа онцгой төрсөн аваргууд бишгүй л бий. Гэхдээ Бэйб Дидриксон шиг хоорондоо эрс ялгаатай спортын олон төрөлд зэрэг өндөр амжилт гаргасан нь үгүй юм. Милдред Элла Захариас буюу Бэйб Дидриксон бол тухайн үеийнхээ хамгийн шилдэг ойрын зайн гүйгч, өндөрт харайгч, жад шидэгч, сагсанбөмбөгч, , бейсболч, гольфчин байсан гайхалтай  эмэгтэй юм. Мөн бильярд, лакроссоор мэргэжлийн тамирчны хэмжээнд өрсөлддөг байжээ.

"Спортс Иллюстрэйтэд" сэтгүүл түүнийг бүх цаг үеийн аугаа эмэгтэй тамирчдын жагсаалтад Жэки Жойнер-Керсигийн дараа 2-рт нэрлэсэн байдаг. Тэрээр мөн мэргэжлийн гольфийн 41 тэмцээнд түрүүлж, "Гольфын алдрын танхим"-д багтжээ.

Тамирчин болох гэж сургуулиа хаяв

Бэйб Дидриксон 1911 оны зургадугаар сарын 26-нд Техас муж, Мексикийн булангийн хойд эрэгт төржээ. Багад нь ээж нь “Min Bebe” буюу миний хүүхэд гэж нэрлэдэг байсан тул Бэйб хэмээх нэртэй болжээ. Өөр нэг хувилбараар бол тэрээр бейсбол сайн тоглодог байсан учир домогт бейсболч Бэйб Рутын нэрээр дуудах болсон ч гэдэг.  

Хүүхэд байхдаа гудамжны тоглоомоор хөршийнхөө жаалуудыг бүгдийг нь ялдаг хүчтэй охин байв. 10 жилд байхдаа сагсанбөмбөг, бейссбол, волейбол, теннис, гольф, усан спортын төрлөөр сургуулийнхаа шигшээ багт ордог байжээ. 18 настайдаа сургуулиа хаяад орон нутгийнхаа “Имплойерс Кэжэлти Компани оф Даллас” даатгалын компанид орж, сагсанбөмбөгийн багт нь тоглох болсон байна. Энд тоглож байхдаа тэрээр бусдаасаа ялгарч, Бүх Америкийн бэлгэдлийн шигшээ багт нэрлэгджээ. Гэвч удалгүй хөнгөн атлетикт урваж, нэр алдраа дэлхий даяар цуурайтуулсан юм.


Хөнгөн атлетикийн замналдаа тэрээр хоёр давтагдашгүй амжилтыг гаргасан талаар нь жаахан дэлгэрэнгүй өгүүлье. 

Сагсанбөмбөгийн улирал дуусав уу үгүй юу тэрээр компанийнхаа удирдлагаас хөнгөн атлетикийн баг байгуулахыг гуйжээ. Дарга нь зөвшөөрсөн ч хичээллэх хүн түүнээс өөр хүн байсангүй. Гэсэн ч Милдред удахгүй болох олимпод оролцоно гэж хатуу шийдчихсэн байв. Өөрийгөө харуулах боломж нь хөнгөн атлетикийн УАШТ байлаа. Чикаго хотод болсон тэрхүү түүхэн тэмцээнд нэгдсэн улсын бараг бүх мужаас 200 гаруй тамирчид ирж оролцжээ. Хамгийн олон хүнтэй нь 22 тамирчинтай Иллинойс байсан бол бусад муж төрөл бүртээ дагнан хичээллэсэн 10-15 тамирчинтай байж. Харин Бейб ганцаараа очжээ.  

Тэмцээн эхлэхийн өмнө хөтлөгч багуудыг танилцуулдаг уламжлал одоо ч хэвээрээ байгаа. Тэгэхэд хөтлөгч “Имплойерс Кэжэлти Компани оф Даллас” багийн нэрийг зарлахад үзэгчид Бэйбийг харчихаад инээлдэж байсан гэдэг. Тэр үед энэ агуу тамирчныг хэн ч мэдэхгүй байсан учир тийн шоолжээ. 

Тэмцээний аваргыг хөнгөн атлетикийн 10 төрлөөр өрсөлдүүлж тодруулах ёстой. Бэйб тэмцээний хуваарийг тооцож байгаад 50 болон 22 ярдын гүйлтээс бусад наймд нь өрсөлдөхөөр нэрээ бичүүлсэн байна. Эдгээр наймаас зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтээр нь хэзээ ч оролдож байгаагүй тул бусад тамирчид бэлтгэлээ хэрхэн хийж байгааг анхааралтай харж явжээ.


Энэ өдөр дэлхий дээр Б.Дидриксоноос илүү завгүй хүн байгаагүй биз. Тэрээр уртад харайчихаад гүйлтийн талбай руу гүйж, амьдралдаа анх удаа гартаа зээрэнцэг барьж... Амсхийх ч завгүй шахам гүйж байж бүх төрөлдөө өрсөлдөж дөнгөсөн байна. Харин орой нь дуулиан дэгдэх нь тэр ээ. Нийлбэр дүн гарахад ганцхан тамирчинтай “Имплойерс Кэжэлти Компани оф Даллас” баг 30 оноо авч, нийлбэр дүнгээр түрүүлсэн байлаа. 22 тамирчинтай Иллинойс мужийн баг гэхэд л 22 оноо авсан байв. 


Үзүүлэлт нь бүр ч гайхалтай. Оролцсон найман төрлөөсөө тавд нь, тэр дундаа өмнө нь нэг ч удаа оролцож үзээгүй буудлагын төрөлд түрүүлж, мөн өмнө нь нэг удаа орж байгаагүй өндрийн харайлт, жад шидэлтээр дөрөвдүгээрт орсон. Нийт дөрвөн төрөлд нь дэлхийн дээд амжилт шинэчилжээ. Зөвхөн тухайн цагийнхаа агуу тамирчид л ийм ажилт гаргадаг билээ.  

Милдред багийн дүнгээр улсынхаа аварга болж, шигшээ багт орох мөрөөдөл нь биелэв. Гэхдээ жинхэнэ аз од нь олимпийн хөнгөн атлетикийн тэмцээн болсон Лос Анжелесийн “Колизей” цэнгэлдэхэд гийсэн билээ.

Бэйб олимпод таван төрлөөр оролцож, тавууланд нь дэлхийн дээд амжилт тогтоож чадах байлаа. Гэвч тухайн үеийн дүрэмд нэг тамирчин спортын гурван төрөлд л оролцож болно гэж заасан тул 80 метрийн хаалттай гүйлт, жад шидэлт, өндрийн харайлтад л оролцжээ. Мэдээж бүгдэд нь дэлхийн дээд амжилт тогтоосон. 

Милдред Элла Дидриксон "Лос Анжелес 1932" олимпын үеэр...

Тэгсэн мөртлөө хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн сонирхолтой түүх байдаг. Өндрийн харайлтад нэг багийн Ж.Шилитэй ижил 165.7 см дээгрүүр харайсан бөгөөд дахиж харайлгахад Б.Дидриксоныг “Толгой нь биеээс түрүүлж хөндлөвч дээгүүр давсан” гээд ялагдуулсан юм.Одоо бол үүнийг алдаа гэж тооцохгүй.  Өөр нэг яриагаар, хоёр алтан медальтай Бэйб багийн найздаа найр тавьчихсан ч гэдэг. Ямартай ч хоёр тамирчин тэмцээний дараа алт, мөнгөн медалиа хувааж авцгаасан гэдэг билээ. Б.Дидриксон одоо ч спортын гурван өөр төрлөөр олимпоос медаль хүртсэн цорын ганц тамирчин хэвээр байна.

Олимпийн дараа нэр алдартай болсон хэдий ч тухайн үед эмэгтэйчүүдэд мөнгө олох боломж хомс байжээ. Одоогийнх шиг сурталчилгаагаар амьдралаа аваад явчих боломж байсангүй. Тиймээс тэрээр театрт тоглох болсон байна. Үеийнх нь эмэгтэй жүжигчид тайзан дээр гарсныхаа төлөө задгай мөнгө авдаг байсан тэр үед Б.Дидриксон хэдэн арав дахин илүү буюу долоо хоногт 1200 доллар авч байжээ.

Мөн бейсболын “Давидын гэр” хэмээх бейсболын багт шидэгчээр орж, "Сент-Луис Кардиналс", "Бруклин Дожерс" багтай тоглож байлаа. Энэ үедээ тэрээр хамгийн хол шидсэн дээд амжилт тогтоосон нь одоо ч эвдэгдээгүй хэвээр аж.  


Б.Дидриксон алдаршихын хэрээр атаа жөтөөний бай ч болж үзсэн. Хэвлэлүүд хэдий түүний талаар их бичиж байсан ч “Спортод эмэгтэйчүүдийн орон зай байхгүй” гэсэн үзэл арилаагүй байсан цаг. Тэр үед спортын сэтгүүлч хүртэл New York World-Telegram сонинд Бэйбийн тухай “Эмэгтэйчүүд зүгээр гэртээ суугаад утсаар чалчиж байвал таарна” гэж бичиж байсан гэдэг. Спортдоо анхаараад эрчүүдийг тоолгүй явсныг нь “Эрэгтэй учраас л тэр, шалгах хэрэгтэй” гэж хүртэл бичиж байжээ.  

Б.Дидриксон 1934 оноос гольф тоглож эхлэв. Улмаар дөрвөн жилийн дараа эрчүүдтэй өрсөлдөх түвшинд хүрчээ. Тэрээр эрчүүдийн тэмцээнд оролцсон анхны эмэгтэй гольфчин болон түүхэнд үлдсэн юм. Ер нь тэрээр 1930-аад оны сүүл үеэс 1956 онд нас барах хүртлээ эмэгтэй гольфчдоосоо хамгийн шилдэг нь байсан юм. 


1946-1947 онд 14 тэмцээн дараалан түрүүлсэн дээд амжилтыг нь одоо эвдээгүй хэвээр. Эмэгтэйчүүдийн гольфийн холбоо LPGA-г үүсгэн байгуулсан нь эдүгээ ажиллаж буй.   


Бэйб пүүл биллиардаар аварга болж байгаагүй ч сайн тамирчны хэмжээнд өрсөлдөх чадвартай нэгэн байж. 1933 онд тухайн үеийнхээ хамгийн шилдэг биллиардчин Рут Макгиннистай Нью Йорк хотноо халз тоглон хожигдож байжээ.  


Олон төрөлд өндөр амжилт гаргасан шалтгааныг нь эрдэмтэд хожим судлаад “Тэрээр хөдөлгөөнөө дээд зэргээр хянаж, удирдаж чаддаг байжээ” гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Тэр аливаа спортоор нэг оролдож үзээд л сурдаг онцгой чадвартай нэгэн байж. Жишээ нь тэрээр нэгэн удаа бичгийн машинаар цохихыг заалгажээ. Хоёр хоногийн дараа тэрээр минутад 100 үг цохидог болсон гэдэг.

Б.Дидриксон 1946 онд мэргэжлийн бох Боб Захариастай гэрлэж, нэрээ Бэйб Дидриксон-Захриас болгожээ. Тэрээр 1953 онд ходоодны хорт хавдрын хагалгаанд орсон ч жилийн дараа гольфдоо буцан ирж, 12 тэмцээнд түрүүлсэн бөгөөд “Associated Press” агентлаг зургаа дахь удаагаа “Оны шилдэг эмэгтэй тамирчин”-аар нэрлэсэн байдаг.


ХХ зууны эхний хагаст амьдарч, эдүгээ хэнч эвдэж чадахааргүй амжилт тогтоосон энэ агуу тамирчин 1956 оны хоёрдугаар сард биднийг орхин одсон. Гэсэн ч түүний давтагдашгүй авьяас, онцгой амжилтын талаар олон кино уран бүтээл хийгдэж бидний үед хүрч ирсэн юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна