ЧУУЛГАН: Хүүхэд хамгааллын төсвийг 2020 оны судалгаанд үндэслэн 14 тэрбум төгрөг гэж төсөвлөжээ

2023/10/20

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэж байна. 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль анх батлагдаж, бүрэн хэрэгжүүлэхэд жилд 11 тэрбум төгрөг төсөвлөх шаардлагатай гэсэн ч үүндээ хүрч байгаагүй. Одоогийн нэмэгдэж буй төсөв нь 2020 оны судалгаанд үндэслэн 14 тэрбум төгрөг гэж төсөвлөжээ.

Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Мөнгө төгрөггүй учраас дутаад байна гэж хэлэхгүй. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг чангалсан. Парламент баталсан хуульдаа бат зогсох ёстой. Хүчирхийлэгчийг өөгшүүлэх хэрэг байхгүй. Тиймээс хуульд заасан арга хэмжээнүүдээ авч цаашид хэрэгжүүлэх бодолтой байна. Хуульзүй дотоод хэргийн сайдын хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавьж бүтцийн өөрчлөлт хийнэ. Цахим гавд хяналт тавих ажлыг цагдаагийн байгууллага хариуцаж зохион байгуулна. Үүнийг 2024 оны төсөвт тусгах боломжтой. Цаашид төсөвтэй холбоотой судалгаа хийхэд 24 орон тоонд 1.6 тэрбум төгрөг 2024 оны төсөвт нэмэлт ачаалал үүсэх тооцоо гарсан. Эмэгтэй гишүүд камерын асуудалд онцгой анхааруулж хэлсэнд баярлалаа.

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал:
-Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд тавигдах шаардлагыг тусгасан. Хүүхдийг сөрөг нөлөөллөөс хамгаалах тухайд байнгын хяналт мониторинг хийдэг. IPTV интернет үйлчилгээнд эцэг эхийн хяналт тавих тохиргоог байршуулсан. Гэхдээ эцэг эхчүүд төдийлөн ойлголтгүй байгаа бололтой. Black list.mn вэб хуудас нь бүртгэлээр Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авдаг. Хүүхдэд үзүүлэх сөрөг мэдээллийг энэ сайт руу явуулахад хязгаарладаг. Хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхүйц контентуудын арга хэмжээнд хяналт тавьдаг гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна