​В.Путин манай Ерөнхийлөгчийг "дарамталсан" уу: Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг ажиглах шалтгаан

Х.Батсайхан
2023/10/22

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 17-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болсон "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ойн баярын чуулганд оролцсон билээ. Чуулганд оролцох үедээ Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай албан ёсоор уулзсан байдаг. Уулзалтын үеэр ОХУ-аас Монголын бараанд ногдуулдаг татварыг бууруулахаар тохиролцсон, түүнчлэн Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойг талууд бүгд хүлээн зөвшөөрч, бүтээн байгуулах л үлдсэн зэрэг таатай хэсэг нь албан мэдээнд эшлэгдсэн бол сошиал орчинд түгж байгаа өөр хэсэг бас байна.

Тухайлбал, уулзалтын үеэр В.Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд "Өнгөрсөн жил манай хоёр орны худалдааны бараа эргэлт өссөн. гэхдээ энэ жил эргээд буурсан. Энэ нь бидэнд ярих асуудал байгаа гэсэн үг. Энэ асуудлыг удахгүй болох хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын уулзалтаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн. 


Уулзалтын албан мэдээнд "Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр Ерөнхийлөгч нар тохиров" гэсэн өгүүлбэр байгаа ч энэ нь ОХУ-аас илүү шалтгаална. Харин В.Путины хэлсэн "асуудал" нь ОХУ-аас биш, Монгол Улсаас илүү хамаарах асуудал гэдэг нь илт байсан юм. Түүнчлэн, энэ "хэлэлцэж шийдэх ёстой асуудал" гэдгээ ОХУ өмнө нь манайд тавьсан, манайх биелүүлэхдээ хойрго хандсан байвал манайд төдий тааламжтай биш асуудал байжээ гэж ойлгох болох нь. 

Энэ нь удахгүй болох хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан, гарах шийдвэрт анхаарал хандуулах шалтгаан болж байна.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна