“Ковидын төсвийг ил болгох” үүрэг нь Шадар сайд С.Амарсайханд бий

Zuv.mn
18 цаг 43 минутын өмнө

-Ковидын төсвийн сонсголыг дахин зарлах хуулийн бололцоо байх л ёстой-

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард, “Нүүрсний хулгай”-н эсрэг жагсаалын үеэр жагсагч залуус Ковидын үеийн төсвийг ил болгох шаардлагыг Засгийн газарт тавьсан билээ. Засгийн газар эл шаардлагын дагуу 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр хуралдаж, Ковидын үеийн төсвийн задаргааг ил болгох үүргийг Шадар сайд С.Амарсайханд өгсөн байдаг.

Ингэснээр улс, нийслэл, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалт, эмчилгээ, онцгой байдлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, вакцин, худалдан авалт, ариутгал, халдваргүйжүүлэлт холбоотой бүхий л зардлыг ил болгохыг үүргийг Шадар сайд С.Амарсайхан хүлээсэн. Гэвч долоо хоногийн дотор биелэгдэх ёстой байсан эл шаардлага биелэгдэлгүй жил тойрох гэж байна.

Энэ хооронд иргэдийн зүгээс сөрөг хүчин Ардчилсан намд хандсаар ирсэн бөгөөд УИХ дахь бүлгээрээ дамжуулан асуудлыг тавьсаар Эдийн засгийн байнгын хороогоор өнөөдөр хэлэлцүүлэхээр тов гарсан ч сонголыг даргалах О.Цогтгэрэл гишүүний санаачилгаар хойшилж байна. Тэрбээр Сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 20 орчим байгууллага руу холбогдох материал ирүүлэх хүсэлт албан бичгээр хүргүүлсэн ч хангалттай мэдээлэл ирүүлээгүй. Мөн сонсголд хянан шалгагч бус, сонсголын сэдэвтэй холбоотой цугларсан баримт, материалд үнэлэлт, дүгнэлт өгөх шинжээч яаралтай томилох шаардлагатай. Хангалттай мэдээлэл цуглуулж, шинжээч томилсны дараа сонсгол явуулах тов гаргана. Шинжээч томилохгүйгээр сонсгол чанартай болохгүй. 2024 оны сонгуулийн өмнө “Сонгол хийсэн шүү дээ. Ерөнхий юм ярьсан” гэдэг яриа гаргахын тулд ийм бүдэг, бүрхэг сонсгол зохион байгуулах гэж байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Ц.Цэрэнпунцаг тэргүүтэй МАН-ын төлөөлөл “Сонсголоо товлосноороо хийчихмээр байна” гэсэн байр суурь илэрхийлж байсан ч О.Цогтгэрэл дарга “Сонсгол дахиж товлох хуулийн бололцоог гаргаж өг. Хуралдаан дууссаныг мэдэгдье” гэснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөсөн юм.

Ковидын үеийн төсвийг ил болгох үүрэг Шадар сайд С.Амарсайханд байсан ч жил шахам дарсан. Сая Байнгын хорооны хурал дээр өрнөсөн мэтгэлцээнээс харахад, ковидын үеийн төсөв үнэхээр маш их асуудалтай, 2024 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц том асуудал аж.   

Хэрвээ Шадар сайд С.Амарсайхан Засгийн газраас авсан үүргээ цаг тухайд нь биелүүлчихсэн л бол өнөөдрийн асуудал үүсэхгүй байв. Гэхдээ, хэдий сонсгол хойшлуулах нь хуулийн гацаанд орсон ч гэсэн, хууль, журамд нэмэлт өөрчлөлт оруулж байгаад ч гэсэн бололцоог нь гаргаж өгөх ёстой. Ингэж байж ард түмэн мэдэх эрхээр хангагдаж, жагсаалын үеэр ард түмнээс эрх баригчдад тавьсан нэг шаардлага биелэгдэх юм.    

Гэрэл зургийг MPA 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна