Б.Дэлгэрсайханаас ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ шийдэл хүлээгээд нэмэр байна уу ?

С.Гандэлгэр
2023/11/03

Засгийн газар Улаанбаатар хотын зовлонг шийдэхийн тулд "татаас"-д өгдөг мөнгийг нь үлдээж, түгжрэлээс нь салгахын тулд танхимдаа сайдын суудал хүртэл гаргасан билээ. Тухайн үед "Яамгүй, төсөвтэй" сайдын хэрэг байна уу гэсэн шүүмжлэл гарсан ч хариуцах асуудал нь чухал, гол нь нийслэлчүүдийн гол зовлон шууд Засгийн газрын танхимд яригдах боломжтой, асуудлыг шийдэх боломж нь ч тэр хэмжээгээр өснө гэж найдан хүлцэж, үр дүн хүлээсэн. Гэтэл үр дүн гарсангүй.  

Түгжрэлийн сайд бол уг нь хийх ажил нь хамгийн тодорхой сайхан албан тушаал. Үр дүн нь шууд харагдана, ажлаа сайн хийвэл улс төрийн карьер нь суга дээшилнэ. Гэтэл томлогдсон хүмүүсийнх нь урагшгүйнх үү, улс төрийн үхдэл болгодог албан тушаал болох тийшээ хандчихлаа.  

Эхний сайд Ж.Сүхбаатар нь "Ёс зүйн хариуцлага хүлээж байна" хэмээгээд ажлаа өгсөн. Оронд нь хотоос бус Дорноговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан томилогдоод сар гаруй болж байна. Цар тахлын үеэр "Улаанбаатарын ЗОЛБИН жолооч нар" хэмээн  хотоос ирсэн жолооч нарыг зүхэж байсан Б.Дэлгэрсайхан яаж яваад Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд  гэх албан тушаал хаших болсныг мэдэх юм алга. Ямартай ч нэг зорилго байгаа нь тодорхой, гэхдээ тэр нь лав замын түгжрэл бууруулах биш бололтой. Гэхдээ энэ бол ажил авснаас хойших эхний нэг сарын л дүгнэлт шүү.  

Хөшигний ард "Түгжрэлийн сайд" болох хүн нэгээхэн ч үгүй, бүгд зугтаж байхад сайдын суудалд суусныг нь зориг гэж харж болох ч, нэгэнт томилогдсон бол, намтартаа сайд гэдэг сэтэр бичүүлэх гэж л очоогүй юм бол ажилласан шиг ажиллах хэрэгтэй шүү дээ. 

Сайдаар томилогдоод бараг сар болсон ч шийдэл эрэлхийлсэнгүй, олон нийтэд шийдэл ч танилцуулсангүй. Хүний өргөн барих гэж байсан хуулийг өргөн барьснаас өөр дорвитой юм хийгээгүй гэхэд болох биз. 

Түүний өргөн барьсан Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл ч өөрийнх нь ажилласан хууль биш юм. Тухайн хууль дээр өмнөх сайд Ж.Сүхбаатар ажилласан бөгөөд энэ намрын чуулганаар өргөн барихаар бэлтгэж байсан ч ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Мэдээж төрийн бодлого залгамж халаатай байх ёстой. Тэр утгаараа Ж.Сүхбаатарын ажлыг Б.Дэлгэрсайхан үргэлжлүүлэх ёстой, тэр ажлаа ч хийсэн. 

Гэсэн хэдий ч томилогдоод сар болсон атлаа хүний хууль өргөн барьснаас өөр ажил хийсэнгүй. Авсан ажлынхаа талаар ч сайн судалгаа хийгээгүй өгсөн ярилцлагаас нь харагдана.  Бүр "Төлбөртэй бүс тогтоох асуудал дээр иргэдийн 70-аад хувь нь дэмжиж байгаа" гэж ярьсан нь ч олны дургүйцлийг хүргээд авав. 

Тэрбээр өгсөн ярилцлагадаа "Иргэдийн ихэнх нь, судалгаагаар 70-аад хувь нь төлбөртэй бүс тогтоохыг дэмжиж байгаа. Төлбөртэй зогсоолын асуудлыг цэгцлэх нь зөв шүү гээд нэлээд хүлээлттэй байгаа. Энийг зайлшгүй хийх ёстой. Нэг хүн шийдчих асуудал биш, нийтээрээ ярьж байгаад шийдэж байгаа. Судалгаа хийсэн. Санал асуулга явуулсан. Тэр бүх бичиг баримтууд нь байгаа" гэсэн. Сайдын яриад байгаа, нийслэлийн иргэдийн дийлэнхийг хамруулсан, хүсэл зоригийг нь илэрхийлэх хэмжээний далайцтай судалгаа ойрын үед л лав болоогүй хэмээн иргэд шүүмжилж байлаа.

Ямартай ч түгжрэлийн сайдаар томилогдоод сарын хугацаанд гавьтай хийсэн юм түүнд алга. Хэрвээ тэр түгжрэлийн асуудлыг шийдэх бодолгүй сайдын сэтэр зүүх хүсэлдээ автсан өмнөх өдрүүд шиг усанд хаясан чулуу мэт байсаар байх биз. Тийм хүнээс шийдэл хүлээгээд нэмэр байна уу ? 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.109
    2023/11/09

    жюэнэ пизда УБ машин барьдаг иргэдийг золбин жлллоч нар гэж бсан одоо мануусыг золбин гээ боддог хүн УБ ын түгжээ шийдэх болов уу. энийг томилдог ах дүү данх бактери дураараа дургаэ бна дөө

    Хариулах
  • 66.181.182.24
    2023/11/04

    Энэ хулгайчаас юу хүлээх вэ.

    Хариулах
  • 31.173.84.224
    2023/11/03

    Цагдаагаас юу хүлээхэв дээ.

    Хариулах
  • 66.181.185.73
    2023/11/03

    Нийтийн тээврийн автобусанд цавчаа хийдэг нийтийн тээврийн удирдах байгууллагад чөтгөр шүгэлсэн байхад түгжрэлийн сайд нэрнээс цаашгүй. Намын түгжрэл , бодлогогүйн түгжрэл , албан хаагчдын чадваргүйн түгжрэл ,хариуцлага байхгүйн түгжрэл . Үүнээс үүдээд олонд мэдэгдэж эхэлсэн нь авто замын түгжрэл.

    Хариулах