Улаанбаатар хотод метро барих ажлыг Нийслэлийн Засаг дарга хариуцна

Х.Есү
2023/12/27

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоолыг өөрчлөн найруулав. Энэ дагуу 2024-2028 онд Улаанбаатар хотод “метро”-г барьж байгуулах гүйцэтгэгч болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарлах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу  зохион байгуулах эрхийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт олголоо. Мөн 2024 онд санхүүжих эх үүсвэрийн холбогдох тооцоо, судалгааг боловсруулж, НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж, нийслэлийн төсөвт санхүүжилтийн эх үүвсэр болон хөрөнгийн зардлыг тусгаж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт даалгалаа.

Засгийн газраас “Метро”-ны ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж, батлах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Улаанбаатар хотод өмнө нь хийгдэж байсан БНСУ-ын “Суонг Инженеринг” ХК-ийн 2011 онд боловсруулсан ТЭЗҮ болон “Жайка” олон улсын байгууллагаас 2013 онд боловсруулсан ТЭЗҮ-г тус ажлын хэсгийнхэн харьцуулж судалж дууссан байна.

Эдгээр ТЭЗҮ-үүдэд Улаанбаатар хотын хөрсний бүтэц, гүний усны талаарх урьдчилсан дүгнэлтийг боловсруулахдаа 1983 онд хийсэн хөрсний гүний өрөмдлөгийн судалгаанаас трассын дагуух таван цэгийн өрөмдлөгийн мэдээллийг ашигласан учир 40 жилийн өмнөх уг мэдээллийг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна. Мөн “Жайка” олон улсын байгууллагаас 2013 онд хийсэн судалгаагаар 2030 оны Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг урьдчилан тооцоолж, өдөрт 976 мянган хүн метрогоор зорчихоор тооцсон байна. Гэтэл хүн амын огцом өсөлт бий болж, жилд дунджаар 40 мянган иргэн шинээр шилжин суурьшиж, 2023 оны байдлаар Улаанбаатар хотод 1.6 сая хүн амьдарч буй тул уг судалгааг бас шинэчлэх шаардлага үүсчээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.254
    2023/12/28

    Uursdiinhoo buteesen zuilseeree baharhah ni hodolmoriin shim.

    Хариулах
  • 124.158.105.146
    2023/12/28

    хотоо задал хуваа. метро хэрэггүй. метроны мөнгөөрөө өөр суурьшлын бүс нээгээч. ямарч дэд бүтэцгүй,зохион байгуулалтгүй улаанбаатарт 700000 орчим хүн амтай хот байхад метро шаардлагагүй. түгжрэлч бас үгүй болно.

    Хариулах
    • 66.181.180.254
      2023/12/28

      Ok