2020 онд өөр, өөрсдийн спортдоо амьд ахуйдаа домог хэмээн овоглогдож асан хоёр эрхэм хүмүүн ар, араасаа тэнгэрийн орныг зорьж билээ. Оны эхэнд сагсанбөмбөгч Коби Брайант нисдэг тэрэгтэйгээ осолдож тэнгэрийн орныг зорьсон бол хөлбөмбөгч Диего Марадона оны сүүлээр араас нь одсон. Спортын ертөнцөд домогт хэмээн хүнлэгдэх хувь тийм ч олон тамирчинд тохиодоггүй. Амьд ахуйдаа ийм хүлээн зөвшөөрөгдөх нь бүр ч ховор. Энэ хоёр эрхэм хэдий спортын өөр, өөр төрөлд хүч үзэж явсан, хувь хүний хувьд эрс тэс ялгаатай ч хоёул дээрх хүндлэлийг хүртсэн, амьдрал дээр ч адил тал бас байсан юм. Хоёул ер бусын харизматай, нигүүлсэгч, хүмүүнлэгийн үйлстэн гээд л... Бие, биедээ үзүүлэх хүндлэл нь хүртэл үнэн сэтгэлийнх байсныг гэрчлэх гэрэл зургууд өдгөө үлдэж хоцорчээ.
Хөлбөмбөгийн домог
Диего Марадона нэг бус нэлээд хэдэн супер одод элбэг хүрэлцэх авьяас, авир араншинг нэгэн биедээ цогцлоосон агуу тоглогч байлаа. Аргентинчууд гомдож магадгүй, гэхдээ Нарсисо Бинаньян гэгч эрдэмтний судалж тогтоосноор Диего Марадонагийн угсаа гарал нь Итали, тэр тусмаа Марко Полотой холбоотой байжээ. Ээж Дальма Сальвадорынх нь эмээгийн эцэг Кариолич гэдэг овогтой, Адриатын тэнгисийн Корчула гэдэг арлаас Аргентинд нүүж очсон хорват хүн байж. Халгиж цалгисан авьяас, халуун цочмог зан ааш нь ийм олон үндэстний хольцтойгоос нь болсон ч байж мэднэ. 3, 4 настайгаасаа бөмбөг хөөж, долоотойдоо анхны бөмбөгөө бэлгэнд аваад өвөртөлж унтдаг байсан тэрээр 10 настайдаа анхныхаа багтай гэрээ байгуулсан юм. Коби Брайант нэг багтаа үнэнээр зүтгэж, хүчирхэгжихийг нь тэвчээртэй хүлээн хөдөлмөрлөсөн бол Диего олон баг сольсон. Гэхдээ тоглогчийн хувиар очсон баг болгондоо амжилт ялалтаас гадна хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрүүлсэн түүхтэй.
Хөлбөмбөгийн спортод сагсанбөмбөг шиг нарийн статистик хөтөлдөггүй. Тийм ч учраас замналынхаа турш 492 тоглолтод орж 258 гоол оруулсан гэсэн статистикийг нь хараад одооны хүүхдүүд голж ч мэднэ. Гэхдээ нэг онцлог нь тэрээр баг нь хожоогүй байсан ч үзэгчдэд сэтгэлийн цэнгэлийг эдлүүлдэг байсан юм. Багаа дэмжих, хожуулах гэж цэнгэлдэхэд очсон үзэгчдийг Марадона өөрийн давтагдашгүй авьяас, “цирк”-ийн гэмээр уран гоё тоглолтоороо нэмж урамшуулдаг байлаа. 1982 оны ДАШТ-ий дараа Европыг байлдан дагуулахаар “Барселона” багт ирэхдээ найман сая ам.доллараар үнэлэгдэж, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болж байв.
“Барса”-гийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо тэрээр 1982 оны есдүгээр сарын 2-нд “Валенси”-гийн эсрэг хийж, 1:2-оор хожигджээ. Гэсэн ч маргаашийнх нь хэвлэлүүд түүнийг шагшин магтсан нийтлэлээр дүүрэн байсан гэдэг. Түүнээс хойш хөлбөмбөг сонирхогчид төдийгүй мэргэжлийн тоглогчид хүртэл хувь тоглогчийн ур чадварыг харуулсан амжилттай үйлдэл, хууралт хөдөлгөөн, гоёмсог техникийг “Марадона шиг...” хэмээн зүйрлэн ярьдаг болсон гэдэг. Үзэгчид Марадонаг бөмбөг авахыг хүлээж, авсных нь дараа юу харуулахыг нь сэтгэл догдлон хүлээдэг байв.
Тэрээр “Барселона”-д очсон жилээ 35 тоглолтод 23 гоол оруулж, багаа Испанийн цом, Испанийн лигийн цомын аварга болгосон юм. Заналт өрсөлдөгч “Реал”-тай хийсэн хоёр тоглолтод хоёуланд нь гоолдсон ба нэг гооллоо оруулах үед “Реал” хөгжөөн дэмжигчид нижигнэтэл алга алга ташин баяр хүргэсэн. 1983 оны Испанийн цомын тэмцээний шигшээгийн хоёр дахь тоглолтод тэрээр хоёр дахь гоолыг оруулахдаа хамгаалагчдыг хаалгачтай нь хуурчихаад бөмбөгийг хаалганы шугам давуулан зөөлөн түлхэж оруулсны дараа энэ үйл явдал болжээ. Заналт дайснаасаа ийм хүндэтгэл хүлээсэн тоглогч “Барселона”-д түүнээс өмнө байгаагүй. Хожим түүн шиг хүндлэлийг “Барса”-гаас Роналдиньо, Андрес Иньеста гэсэн хоёр тоглогч л хүртсэн байдаг гэх зэргээр домог мэт яриа хөвөрнө.
Коби Брайантыг сагсан бөмбөгт гаргасан амжилт, статистик үзүүлэлтүүд чимдэг бол Диего Марадонаг хөлбөмбөгт үлдээсэн домог мэт олон ярианууд чимдэг гэж гэж хэлж болно. Энэ “домог”-уудаас 1986 оны ДАШТ-ий шөвгийн наймд Английн багт гараараа гоолдсон ь хамгийн алдартай, хөлбөмбөг сонирхогчдын маргах дуртай сэдэв байсаар байна. Ойр дотныхоо 50 гэр бүлийг сар бүр 100 000 еврогоор ивээн тэтгэдэг байсан гэх мэтээр тэнгэрт одсон хойно нь ч хожим домог мэт яригдах баримтууд ил болсоор л...
Хувь хүний хувьд тэрээр зарим тал дээр үлгэр жишээ болохуйц хүн байгаагүй нь үнэн. Хэтэрхий олон муу зуршилаас нь болоод, буруу талыг нь бас дуурайчих вий гэсэндээ эцэг, эхчүүд хүүхдэдээ “Диего Марадона шиг хөлбөмбөгч бол” гэж хэлж чаддаггүй ч байсан байж мэднэ. Хувийн амьдрал тал дээр түүнд үнэндээ дуурайгаад байх юм байгаагүй. Гэсэн ч бүгд түүнийг хайрладаг байсан юм.
Тэрээр Неаполийн ядуусын хорооллын хүүхдүүдэд үлгэр жишээ болж, амьдралд нь урам зориг өгөхийг хичээдэг байсан нь өөрөө хүнд амьдрал туулсных байсан юм. Улс төрийн цэгц бодлого үгүй ч тэрээр ерөнхийдөө Фидель Кастро, Эрнесто Че Гевара нарыг таашаадаг, өөрийгөө ямар нэгэн байдлаар тэдэнтэй адилтгаж үздэг байв. Тэр ч утгаараа Италид очсоныхоо дараа нийгмийн тэгш бус байдлыг эсэргүүцэж, “Би баян хойд нутгийнхны эсрэг ядуу өмнөдийнхний туг нь болно” гэж хэлж байжээ.
ДАШТ-ий алт, мөнгөн медаль, Италийн аваргад хоёр удаа түрүүлсэн, ЕХХ-ны цом, Цомтой багуудын цомд түрүүлсэн зэрэг нь түүнд өөрт нь болон багт нь холбоотой шагнал юм. Урьд өмнө ямар ч тоглогчид байгаагүй гоёмсог техник, шинийг сэтгэх санаачилгатай байдал, ялалтын төлөөх тэмцэлээрээ тоглолт бүрийг үзүүштэй шоу болгодог чанар нь харин түүний хөлбөмбөг, хөгжөөн дэмжигчдэд өгсөн шагнал юм.
Сагсанбөмбөгийн домог
Коби Брайант бол 17-хон настайдаа сагсанбөмбөгийн спортын оргил болсон ҮСБХ-нд орж ирээд “Хамгийн залуудаа” гэсэн тодотголтой бүх л дээд амжилтыг шинэчлэн, хэн хүнд олдомгүй ховор хувь заяаны эзэн болж, агуу түүхийг бүтээсэн нэгэн билээ. Тамирчнаас асар өндөр ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт шаарддаг ҮСБХ-нд 20 жил тэссэн тавхан тоглогч бий. Харин Коби нэг л багийн төлөө үнэнчээр зүтгэсэн гэдгээрээ нөгөө дөрвөөсөө онцгойрсон. Спорт бол асар их мөнгө эргэлддэг өрсөлдөөний талбар. Тэр утгаараа мөнгө хаана, тоглогч тийшээ гэсэн хууль үйлчилдэг. Бас нөгөө талаар мөнгө дагаагүй үнэнч байдлыг ихэд үнэлдэг бичигдээгүй хууль бий. Тэгвэл Коби үнэнч байж чадсан. Энэ талаараа тэр Диего Марадонагаас ялгаатай. Гэхдээ хэн, хэн нь амжилт ялалтын төлөө байсан нь эргэлзээгүй. “Лейкерс” Коби дээр суурилж байсан тул түүнд өөр баг руу явах шаардлага гараагүй юм.
Бэртэл гэмтэл, хэл ам, шүүх цагдаа гээд хүнд байдалд олонтаа орж байсан ч тэрээр эцсийн дүндээ сагсан бөмбөг, “Лейкерс” багтаа үнэнч үлдэж чадсан билээ. Энэ онцгой зан чанар нь түүний нэр хүндийг сагсан бөмбөгийн ертөнцөөс халиаж, хөлбөмбөгийн “Милан”-ы Паоло Мальдини, Франко Барези, хоккейн “Питтсбургийн пингвинүүд”-ийн Марио Лемье, “Детройтын улаан жигүүрүүд”-ийн Стив Айзерман зэрэг домог болсон “үнэнч” тамирчидтай эн зэрэгцүүлэн, шүтэн бишрэгчдийнх нь тоог өсгөсөн юм.
“Аливаа зүйлд амны хишиг чухал” гэж нэгэн алдартан хэлсэн гэдэг. Үнэхээр ч Коби Жерри Уэсттэй учраагүй бол, өөрт нь зориулагдсан гэмээр “Лейкерс” багт очоогүй бол, Фил Жексон дасгалжуулаагүй бол өнөөдрийн агуу түүх бий болоо ч үү, үгүй ч үү.
ҮСБХ-ны эмблемд мөнхөрсөн домогт тоглогч Жерри Уэст Кобигийн сагсан бөмбөгийн замналд маш онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Өмнөх улиралд нь плей оффын эхний шатнаас хасагдсан, солилцоо наймаа ид өрнөж байсан 1996 оны тэр өдрүүдийг Ж.Уэст “толгойгоо гашилган” өнгөрөөжээ. Гэхдээ Кобиг бус, “Орландо”-д тоглоод аварга авахгүй нь гэдгээ ойлгосон хүчит техник Шакил О Нилийг яаж авах вэ л гэж бодож байж. Цалинг нь гаргаж өгөхийн тулд өндөр цалинтай тоглогчдоо эвтэйхнээр явуулах, бүтээгүй тохиолдолд оронд нь хэнийг авах вэ гээд бодох юм их байж. Өмнөх жилд нь плей оффт шалгарсан учраас драфтаас дээгүүр сонголт хийх боломж “Лейкерс”-т үгүй байж. Гэтэл яг энэ үед дунд сургуулийн сагсан бөмбөгийн од, 17-той жаалхүү Коби “Лейкерс”-ийн шалгаруулалтад орж, түүнийг нь Ж.Уэст үзэж таарчээ. Хэдий дунд сургуулийн жаалхүү ч гэсэн Коби аль хэдийнэ “Adidas” фирмтэй гэрээ байгуулж амжсан байсан гэхээр үнэхээр төрмөл авьяастай нэгэн байсан нь илэрхий. Чухамдаа Коби өөрөө ч биш, “Adidas”-ын пи ар менежерүүд л түүнийг сурталчилгааны зураг авалтад оруулахаар Лос Анжелест аваачиж, тэр далимдаа өөрийгөө харуулах боломж олгосон хэрэг. Коби бэлтгэл дээр оюутны сагсан бөмбөгийн лигт хүлээн зөвшөөрөгдсөн Донтей Жонс гэгчийн эсрэг хийжээ. Өрсөлдөгч нь өнгөрсөн улиралд лигтээ шилдэг амжилт үзүүлж, түүнийхээ ачаар зунжингаа Мемфис хотноо Пенни Хардуэйтэй хамт бэлтгэл хийсэн нэгэн байв. Гэвч өрсөлдөөнд Коби ялжээ. Донтей биеийн хүчээр илүү ч Коби бусад чадвараараа давж байжээ. Драфтын өдөр болоход “Шарлотт Хорнетс” баг 13 дахь сонголтоор Ловер Мэрионы дунд сургуулийн тоглогч Коби Брайантыг сонгосноор түүх эхэлсэн юм. Ж.Уэст “Шарлотт”-оос драфталсан тоглогчийг нь худалдаж авна гэж тохирсон ч яг хэнийг сонгох ёстойг нэр дуудахаас хэдхэн минутын өмнө л хэлж өгсөн гэдэг билээ.
1996 онд ҮСБХ-ны драфтын №13-аар сонгогдож, дунд сургуулиас NCAA-г алгасан томчуудын лигт тоглосон анхны тоглогч болон түүхэнд үлдсэн тэрээр зодог тайлтлаа олон содон амжилт тогтоосон. Сагсан бөмбөгийн спортын ноён оргил болсон ҮСБХ-д тавантаа түрүүлсэн, “Бүх оддын тоглолт”-д 18 удаа оролцож, дөрвөн удаа шилдэг тоглогчоор тодорсон, улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал “MVP”-г гардсан бардам амжилт түүнийх.
ҮСБХ-нд хийсэн сүүлчийн тоглолтдоо хүртэл дээд амжилт тогтоож, 60 оноо авсан үзүүлэлтээр “Үдэлтийн тоглолтдоо хамгийн өндөр оноо авсан сагсанбөмбөгч” хэмээн лигийн түүхэнд үлдсэн. Коби энэ тоглолтын өмнө таван удаа “Нэг тоглолтод 60 болон түүнээс дээш оноо авсан” гэдэг үзүүлэлтээр сагсан бөмбөгийн бас нэгэн домог Майкл Жордантай зэрэгцэж байсан бөгөөд тоглолтын дараа илүү гарсан түүхтэй. Өнөөгийн “Супер од” гэгдсэн тоглогчид дотор нэг тоглолтод 60 оноо авч үзсэн хүн зургаахан (Девон Букер, Леброн Жеймс, Жеймс Харден, Дамиан Лиллард, Кармело Энтони, Кемба Уокер) байгааг энд дурдъя.
Амьдралын давхацлууд
Энэ хоёр агуу тамирчныг холбох шалтгаан нь нэг жилд багтан тэнгэрийн багт дуудагдсанд ч биш. Тэд амьд ахуйдаа нэг нэгнийхээ бүтээсэн үйл хэргийг зохих ёсоор үнэлэн хүндэлдэг байсныг үлдсэн гэрэл зургууд, нийгмин сүлжээнд бичсэн санал сэтгэгдэл зэрэг нь хангалттай харуулдаг.
Аав Жо Брайант нь Кобиг зургаан настай байхад гэр бүлээрээ Италид нүүж очин хэсэг амьдарсан. Энэ цаг хугацаа Диего Марадонаг “Наполи”-д ид гялалзаж байхтай давхацдаг. Италид байхдаа Коби хөлбөмбөгт хорхосож, “Милан”-ыг хөгжөөн дэмждэг болжээ. Мөн мэдээжийн хэрэг, тухайн үеийн супер од Марадонаг шүтэн биширдэг байв. Энэ тухайгаа тэрээр 2019 оны арваннэгдүгээр сард олон нийтийн сүлжээнд бичсэн байдаг. Харин Марадона 2016 онд Кобиг зодог тайлахад “Ид шид үзүүлж байсанд тань баярлалаа” гэсэн үгтэй халуун дотно мэндчилгээ илгээж, нас барахад нь гэр бүлд нь сэтгэлийн дэмжлэгээ илгээж байв.
Хөлбөмбөгийн сонирхол нь тэднийг нэгтгэж, тэд Английн Премьер лигийн есдүгээр тойргийн “Тоттенхэм”, “Ливерпуль” багийн тоглолтыг үзсэн байдаг. Тоглолтын дараа Брайант хувцас солих өрөөнд орж, “Тоттенхэм” багийнханд баяр хүргэж, довтлогч Кейнд гарын бэлэг өгсөн бол тоглолтын өмнө “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэн Диего Марадонаг угтан авч, хүндэтгэл үзүүлэн, “Тоттенхэм” багаас 10 дугаарын өмсгөлөө бэлэг болгон барьсан юм. Багийн дасгалжуулагч Маурисио Почеттино тэр өдөр “Бид Марадона, Брайант хоёрын нүдний өмнө ялалт байгууллаа. Бидний хувьд агуу өдөр байлаа” гэж сэтгүүлчдэд хэлсэн юм.
Сагсанбөмбөгийн спортын ноён оргил нь нэг тоглолтод 100 оноо түүсэн Уилт Чемберлен, ҮСБХ-ны түүхэнд хамгийн их оноо авсан Карим Абдул Жаббар, эмблемэнд нь мөнхөрсөн Ж.Уэстийн аль нь ч биш, Майкл Жордан гэдэгтэй спорт сонирхогчдын олонх нь санал нийлдэг. Коби ч М.Жорданыг шүтэж өссөн. Бохь зажилж, цагаригт дээрээс довтлохдоо хэлээ гаргадаг зуршлыг нь дуурайдаг байсан нь үнэн. Харин одоо бол тэр шүтээнтэйгээ эн зэрэгцдэггүй юм аа гэхэд нэг их дутахааргүй агуу тоглогч байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх болов уу. Хөлбөмбөгт ч тэр, дэлхийд гурав түрүүлсэн Пелег бүгд хаан гэдэг ч Диего Марадонаг эн зэрэгцүүлдэг юм.
Бидний үеийнхэн Диего Марадона, Коби Брайант гэсэн агуу тамирчидтай нэгэн үед амьдарч байснаараа үргэлж бахархах болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна