-Монгол Улс эдийн засаг, цаашлаад нийгмийн хямралд нэрвэгдэх магадлал нэмэгдэж байна-
МАН-ын даргын сандал суудлын хэрүүлээс болж ирэх оны төсөв батлах үйл явц гацаад өнөөдөр гурав дахь долоо хоног руугаа орлоо. Хойшилж буй шалтгаан, гарах үр дагаврыг нь бодолцвол үнэхээр ноцтой байдал үүсэж байна.
Эрх ашгийн эрэмбэ
“Улс орны эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, хувь улстөрчийн эрх ашиг гуравдугаарт байх ёстой” гэж С.Зориг агсны хэлсэн үг бий. Манай улстөрчдийн хамгийн хэлэх дуртай үг. Харамсалтай нь, яг одоо эрх баригч, сөрөг хүчний аль, аль нь энэ эрэмбийг зөрчиж байна.
Аливаа асуудалд зарчим гэж чухал юм бий. Эрх ашгуудыг эрэмбэлэхэд зарчим хамгийн чухал байдаг.
Төр бол хүмүүс өөрсдөдөө үйлчлүүлэхээр бий болгосон тогтолцоо гэдгийг бүгд мэднэ. Харин төрийг хэвийн ажиллуулах боломжтой болгодог зүйл нь төсөв гэвэл УИХ, Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь төсөв батлах байж таарна. Тиймээс эрх баригч нам дотор хэдий хэрүүлтэй ч УИХ төсвөө хэлэлцэж, Засгийн газар нь хамгаалаад, засаад батлах үйл явц нь хэвийн явах ёстой байв.
Төсөв бол төрийн алба хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, эмзэг бүлгийнхний халамж, ААН-үүдийн хувьд ажил, улс орны бүтээн байгуулалт. Өөрөөр хэлбэл, төсөв бол ард түмний эрх ашиг. Харамсалтай нь, улстөрчид өнөөдөр энэ зарчим, эрх ашгийн эрэмбийг алдагдуулж, улс төрийн шалтгаанаар төсвийн хэлэлцүүлгийг хойш татаж ирлээ. Энэ бол ард түмнийхээ эрх ашгаас урвасан үйлдэл мөн.
Эрүүл улс төржилт үгүйлэгдэж байна
Улс төрийн намуудын гол зорилго ард түмний итгэлийг олж, улс орноо өөрсдийн бодлого, арга замаар хөгжүүлэх явдал. Энэ утгаараа улс төр, эдийн засгийг зохицуулах хамгийн том арга хэрэгсэл болохынхоо хувьд төсөв бол улс төрийн намуудын улстөржилтийн ч шалтгаан, ард түмний эрх ашиг гэдгээрээ эвлэрлийн ч шалтгаан болдог.
Хэрвээ Монголын улс төрд эрүүл улстөржилт байсан бол өдийд сөрөг хүчний намуудын ярианы гол сэдэв нь төсөв болж, эрх баригчдад шахалт үзүүлэн, улмаар эрх баригчид том эрх ашигтаа нэгдэж, эвлэрэх шалтгаан болох байсан. Зөрчилдсөн ч иргэдийнхээ орлогыг яаж өсгөх вэ, цалин, тэтгэврийг яаж нэмэх вэ гэдгээ хэлэлцээд суух байв.
Гэтэл манайд тийм эрүүл улстөржилт алга. Дараагийн засагт орж ажиллах горьдлого тээдэг юм уу, эрх баригчдын талцалд хүч нэмж байгаа нь гутамшигтай. Ялангуяа хамгийн том сөрөг хүчин АН төсөв дээр ард түмнийхээ тал байж чадахгүй байна.
УИХ-ын үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт бүтэн зогссон. Зүй нь, ийм үед АН-ын гишүүд Байнгын хороо, Чуулган хуралддаг танхимдаа бүгдээрээ орж суучихаад хуралдаа ирж, төсвөө нэн даруй хэлэлцэхийг эрх баригчдаас шаардаж байх ёстой байв. Засгийг дэмжигч хэсэгтэй нийлж ирцээ бүрдүүлээд төсвөө хэлэлцэх уриалга гаргах байв.
Гэтэл эсрэгээрээ Төсөв буцаах шаардлага тавьж, УИХ-ын чуулганыг хясан боох шийдвэр гаргаж гайхуулсан. Төсвийг буцаах шаардлагаа “Цалин тэтгэвэр нэмэгдүүлэх” гэж тайлбарласан ч Чуулганы хуралдааныг хясан боосноороо энэ тайлбараа үгүйсгэчихсэн. Яагаад гэвэл, Засгийн газар нэгэнт төсөв өргөн барьсан учраас өөрчлөх эрх нь УИХ-д очсон. Тэндээс ирсэн чиглэлийн дагуу өөрчлөлт оруулах ёстой байтал Чуулганы хуралдааныг хясан боосноороо цалин, тэтгэвэр нэмэх боломжийг хааж байна. Шуудхан хэлэхэд, Ардчилсан нам худлаа ард түмнээ бодогч болж төсөв барьцаалахаа болих хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүд ядууралтай төсвөө чамбайруулж тэмц
Төсвийн хэлэлцүүлэг удаашруулсан нь Засгийн газраас болоогүй. Засгийн газар төсвөө хэлэлцүүлэхийг хүсэж байгаа. Сангийн сайд Б.Жавхлан “Төсвөө хэлэлцүүлмээр байна” гэсэн байр суурь илэрхийлсээр байгаа ч эрх ашгийн зодоонд улайрсан улстөрчдийн дуу хэтэрхий чанга байгаагаас болж олон нийтэд сонсогдохгүй байна.
Эрх баригчдын хэрүүл тэмцэл, талцал хуваагдал нүүрсний хулгай, луйвар гэх асуудлыг тойрч өрнөж, түүнд татагдаж орж ажлаа гацаасан УИХ-ын гишүүд ч үндсэндээ шударга бустай л тэмцэцгээгээд байх шиг байгаа юм.
Гэтэл яг үнэндээ төрд нүүрлэсэн гэж өөрсдөө нотлоод байгаа хулгай луйвар, нийгэмд байгаа шударга бус байдалтай тэмцэх гол арга нь төсвөө чамбайруулах буюу хэлэлцэх юм шүү дээ.
УИХ гишүүд ядуурал, хулгайтай тэмцэх гэж байгаа бол төсвөө сайн боловсруулж, хуулиа сайн баталж л тэмцэнэ. Хэлэлцэхгүй хугацаа алдана гэдэг бол энэ боломжоо алдаж байгаа хэрэг.
Б.Жавхлан /Сангийн сайд/: Төсөв өргөн барьснаас хойш 45 хонолоо. Хэрэв баталж чадахгүй бол төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина
Төсөв өргөн барьснаас хойш 45 хоног боллоо. Төсөв батлах хугацаа дуусахад гурван долоо хоног үлдлээ. Өвөл хаяанд ирчихсэн байна. Хэрэв төсөв баталж чадахгүй бол нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр зөвхөн төрийн албан хаагчдын цалин тавих төдийд л төрийн ажил үргэлжилнэ. Энэ бол маш харамсалтай асуудал... /2025.X.13 Төрийн ордон/
Учир нь, төсөв хэлэлцэхэд хугацаа хэрэгтэй. УИХ-ын гишүүд шүүмжилж үг хэлээд болчихдог юм биш. Өгсөн засвар дээр нь Сангийн яам ажилладаг. Төрийн алба хаагчид хэлэлцүүлгээс хэлэлцүүлгийн хооронд өдөр шөнөгүй ажиллаж, өгсөн засварыг нь оруулдаг.
Тиймээс одоо УИХ улс төржилтөө болиод ажлаа хийх ёстой.
Төсөв хугацаандаа батлагдаагүйгээс болж үүсэх эрсдлүүд
Гаднын улс орнуудын жишээнээс харахад, улс төрийн хямрал шийдэгдэх цаг хугацаа нь төсөв эцэслэн батлах цаг хугацаанаас хэтэрсэн тохиолдолд эдийн засгийн хямрал болж өргөжин, улмаар улс төр, эдийн засаг, нийгмийн хямрал болдог. Парламентын сонгуулийн үр дүнгээр нэг нам олонхийн суудал авч чадалгүй, улмаар хамгийн олон суудал авсан нам нь бусад намтайгаа тохиролцож эвслийн Засгийн газраа байгуулах гэсээр төсөв батлах хугацаагаа өнгөрүүлснээр ийм байдалд хүрдэг, ихэнхдээ.
Гэтэл манайд тийм асуудал байхгүй хэр нь ийм нөхцөл байдал үүсэж байгаа нь хачин, харамсалтай байна.
Улс төрийн хямрал төсөвтэй холбогдохоороо эдийн засгийн хямрал болж, төсвийн жил эхэлсний дараа
нийгмийг хамарсан хямрал болж даамжирдаг бичигдээгүй хуультай. Төсөв батлагдахгүй удвал эхний
ээлжинд төрийн байгууллагууд цалингаа хэмжээнд нь тавьж чадахгүй, төрийн алба хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжихад хүрнэ. Тэтгэвэр мөн ялгаагүй.
Төрийн худалдан авалт зогссоноор ААН-үүд ажилгүй болж, ажилчид нь орлогогүй болно. Тэдэнд бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ч байхгүй. Тэгэхээр, нийт эдийн засгийн 90 хувь нь /УИХ-ын асуулгын цагаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өөрөө цилиндр саванд бөмбөлөг хийж байгаад "Төсөв 35 хувь, ТӨК-иуд 30 хувь, төрийн тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд 25 хувь гэж тайлбарлаагүй юу/ төр, төсвөөс хамааралтай манай улсын хувьд төсөв батлагдахгүй байх нь төсөөлшгүй хортой үр дагаварт хүргэж болохыг төсөөлөх ч аргагүй.
Яг одоо бол УИХ-д энэ эрсдлээс зайлсхийх боломж байна. Гагцхүү Нэгдсэн чуулганаа хуралдуулж, үе шатыг нь давуулаад ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх нь хамгийн чухал байна.
Төсөв хэлэлцэх хуваарь
Есдүгээр сарын 1. Төсвийн төслийг өргөн барина
Есдүгээр сарын 5. Төсвийг нийтэд мэдээлнэ.
Есдүгээр сарын 20. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ танилцуулна.
Есдүгээр сарын 1-25. Үндэсний аудитын газар аудит хийнэ.
Аравдугаар сарын 02, 03. Хоёр дахь хэлэлцүүлгийн санал хураалт /Хойшилсон/
Арваннэгдүгээр сарын 15. Төсвийг эцэслэн батална.
Арваннэгдүгээр сарын 25. Засгийн газар төсөл арга хэмжээг батална.
Арваннэгдүгээр сарын 15-наас хойш. Орон нутаг төсвөө батална.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна