ХАВДРЫН ШИНЭ ЭМНЭЛЭГ: Төсөв өргөн баригдсанаас хойш үүссэн нөхцөл байдал, шийдэл байж болох хувилбарууд...

Zuv.mn
22 цаг 26 минутын өмнө

      -Шинэ эмнэлгийг ажиллуулахад жилд 140 сая ам.доллар шаардагдаж буй нь гол сорилт-

2025 оны төсвийг Ерөнхийлөгч хориг тавьж хүчингүй болгосноор шинээр хэлэлцэж эхэлсэн билээ. Ингэснээр өмнөх төсөвт суусан үргүй зардлыг хасаж, тулгамдсан зарим хөрөнгө оруулалтыг шийдэх боломж үүсээд буй. Гишүүдийн хөндөж буй орхигдсон хөрөнгө оруулалтуудын нэг болох хавдар судлалын шинэ эмнэлгийн талаар шинэ мэдээллийг хүргэж байна. 

Төсөв баталснаас хойш гарсан өөрчлөлтүүд  

Шинэ эмнэлгийн зураг төсвийг “Бодь пропертийз” ХХК гүйцэтгэхээр шалгарч, ажлаа хийж байна. Бүрэн дуусаагүй учир төсвийн “Зургаг төсөвгүй төсөлд хөрөнгө оруулалт тавихгүй байх” зарчмаар 2025 оны төсөвт нэг ч төгрөгийн санхүүжилт тусгагдаагүй. Төсөв батлагдсанаас хойш зураг төсөв бэлэн болоогүй ч зарим өөрчлөлт гарчээ.

Тухайлбал, шинэ эмнэлгийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг, Чулуутын аманд дэд бүтэцгүй газар барихаар төлөвлөж байсныг өөрчилж, Сонгинохайрхан дүүргийн 34 дугээр хороонд барихаар болсон байна. СХД-ээс сонгогдсон Н.Алтаншагай гишүүн Буман-Өлзий хорооллын ойролцоо зам, дэд бүтэцтэй газарт 12 га газар олгосон аж.


Ингэснээр хөрөнгө оруулалтын хэмжээ буурахаас гадна хурдан хугацаанд ашиглалтад орох боломж бүрдсэн. Шинэ эмнэлгийн газар дээр дээр хийгдэх зарим ажилд зориулагдах 10 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулахаар УИХ-ын гишүүд гарын үсэг цуглуулж байна. 

Түүнчлэн, М.Билэгт гишүүний барьсан Дөрөвдүгээр эмнэлэг Хөгжлийн банкны барьцаанд орж ирсэн үйл явдал төсөв өргөн баригдсанаас хойш болсон. ЭМЯ, холбогдох байгууллагууд энэ барилгыг шилжүүлж авах Хаврын эмнэлгийн зориулалтаар ашиглах хувилбарыг мөн судалж буй аж. Эмнэлэг мэдээж, хувийн өмч учраас эзэмшигч, банк хоёрын харилцаа эхлээд яригдана. 

Хөгжлийн банкнаас УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд "Зээлдэгч зээл, хүүгийн төлбөрт өнөөдрийн байдлаар 32.6 тэрбум төгрөгийг төлсөн ба 40.9 тэрбум төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. Уг зээл нь хэвийн бус ангилалтай тул эрсдэлийг 26.0 хувиар тооцон, 10.6 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн санг байгуулсан болно.

Энэхүү зээлийг төлж, барагдуулснаар банкны чанаргүй актив буурч, түүнд байгуулсан сангийн буцаалтаар өөрийн хөрөнгө нэмэгдэж, санхүүгийн үзүүлэлтүүд сайжрах ач холбогдолтой тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлэгдэн хураагдсан тус эмнэлгийн барилгыг хавдрын өвчлөлийг бууруулах, эмнэлгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, төрийн бодлогод нийцүүлэн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зориулалтаар нь ашиглан төрийн өмчийн эмнэлэг болгон өр төлбөрийг харилцан тохиролцож шийдвэрлэх боломжит хувилбарууд дээр Хөгжлийн банк хамтран ажиллах боломжтойг та бүхэнд үүгээр мэдээлж байна" гэсэн бичиг хүргүүлсэн. 

Хэрвээ зээлдэгч зээлээ төлөх боломжгүй болбол, мөн төр тохиролцвол боломж бий. Энэ хувилбар хэрэгжвэл шууд эмнэлэгтэй болох боломжтой.

Гэвч нэг том асуудал байгаа нь Хавдрын эмнэлэгт ажиллах боловсон хүчин болон урсгал зардлын асуудал юм байна.

Манай улсад хавдрын чиглэлээр мэргэшсэн эмч, боловсон хүчин дутмаг. Саяхан Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орсон 200 ортой эмнэлгийн 50 ор нь хавдартай өвчтөн хүлээж авах зориулалттай ч боловсон хүчин дутагдалтай байгаа аж. Мөн Хавдрын шинэ эмнэлгийг хэвийн ажиллуулахад жилдээ 140 сая ам.долларын зардал тогтмол гарахаар байгаа нь асуудал үүсгэж буй юм байна. Тодруулбал, эмнэлгийг авч явах эдийн засгийн чадамжийг бий болгох шаардлага тулгарч байгаа нь хамгийн гол асуудал болоод байна.

Өөрөөр хэлбэл, Хавдрын шинэ эмнэлэг нь ганц барилгын асуудал биш, урсгал зардал, боловсон хүчинтэй хамт шийдэх цогц асуудал болжээ.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.251
    16 цагийн өмнө

    БИЛЭГТЭД газар өгч эмнэлэг бариулахын оронд өргөтгөлөө шууд бариулах санаа ЭМЯамныханд байсангүй юү? ЯАМ урагшаа харж л ажлаа хиймээрсэн.

    Хариулах
  • 45.117.34.124
    19 цагийн өмнө

    Эмч бэлдэхэд 5-8 жил дээ

    Хариулах
    • 122.201.23.226
      17 цагийн өмнө

      Цалин нь гудамжны цэвэрлэгч, орцны жижүүрээс бага гэхээр яаж хүний амь нас эрүүл мэндийн төлөө ажиллах уу 6-10 жил огт цалин авахгүйсуралцана