Ж.Баясгалан: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгөнөөс илүү асрах үйлчилгээ хэрэгтэй

С.Гандэлгэр
7 цаг 37 минутын өмнө

УИХ-ын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2025.04.29) хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдаанаар Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх төслийн удирдлагын нэгжийн танилцуулга, Япон Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, асаргааны даатгал, асаргааны үйлчилгээний талаар мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Япон Улсын иргэд 40 наснаасаа эхлэн өөрийгөө асруулах үйлчилгээнд бэлтгэж, улсын даатгалд хамрагддаг бөгөөд 65 нас хүрэхдээ асрамжийн төвд эсвэл гэртээ асруулах үйлчилгээ авах боломжтой болдог байна. Асрах үйлчилгээний төлбөрийн 30 хүртэл хувийг иргэн өөрийн төлсөн даатгалаараа, 70-аас дээш хувийг төр хариуцдаг тогтолцоотой бөгөөд асран хамгаалах шаардлагатай иргэдээ долоон түвшинд үнэлж төр нь хувийн хэвшилтэйгээ хамтран ажилладаг жишээг танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалан, Япон Улсын өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийгэмшүүлж, өдөр тутмын амьдралыг нь гэрэлтүүлдэг даатгалын үйлчилгээг хувийн хэвшилтэйгээ хамтран гүйцэтгэж байгаа жишгийг манай улс хөдөлмөр нь үнэлэгдэхгүй байгаа эмэгтэйчүүдийг дэмжих бодлогодоо тусган хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Манай улс даатгалын тогтолцоогоо боловсронгуй болгож, халамжийн мөнгө өгөхөөс илүүтэйгээр иргэдээ үйлчилгээ үзүүлэн дэмжин хэрэгжүүлэх, үүнд нийгмийн сэтгэл зүйг бэлдэх шаардлагатай. Үүнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам манлайлан ажиллах ёстой хэмээлээ.

Ажлын хэсгийн гишүүн Д.Энхтуяа, С.Эрдэнэбат, А.Ариунзаяа, О.Саранчулуун нар анхдагч хуулийн төслийг боловсруулах ажлыг мэргэжлийн яам хариуцаж ажиллах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн үйлчилгээг үзүүлэхдээ амьдралын чадамжийг нь харгалзан үзэх, асаргааны төрлөөр нь үнэлэх, хүний нөөцдөө анхаарах, төсөв мөнгөтэй холбоотой буюу даатгалтай холбоотой асуудлыг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамтай зөвлөлдөх шаардлагатай гэсэн саналуудыг хэллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.164
    3 цагийн өмнө

    Асрамж ч хэрэггүй. Бусадтай ижилхэн орлого олох ажлын байртай болгох хуул эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгчих. Мэдээлэл зүйн багш чиглэлээр төгссөн СБ-тэй залуу 4 жил мэргэжлийн ажил хайж байна.

    Хариулах