Н.Учрал: Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн үүсмэл ордыг эзэмшиж байгаа компаниудтай хэлэлцээрийг албан ёсоор дуусгана

Х.Есү
7 цаг 24 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 


ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа. 

Үүсмэл орд бол стратегийн ордоо түшиглэсэн баялаг гэж ойлгож болно. Үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалт байхгүйгээр ашиглуулдаг байдал байсан. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор үүсмэл ордыг олгохдоо ар өврийн хаалгаар авдаг, ашиглах гэрээ байгуулдаг байдлыг таслан зогсоож байна. 

Нэг ёсондоо цаашдаа уурхайг түшиглэсэн үүсмэл ордуудыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, түүнд тэнцсэн компани, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ хийнэ. Гэрээний үндсэн дээр үүсмэл ордоо ашигладаг, цаашлаад стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг нь тогтоох шаардлагыг Засгийн газрын тогтоолоор албажуулж байна. 

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр өөрөө, өөрийнхөө овоолго, буюу үүсмэл ордыг ашиглах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Үүнийг зогсооно. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн зарчмыг барьж, цаашдаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тухайн овоолгыг ашиглаж байгаа тохиолдолд нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн компани нь гэрээ байгуулаад эзэмшлийнхээ 34 хувийг баялгийн сандаа хуримтлуулаад явна. 

Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн гурван үүсмэл ордыг эзэмшиж байгаа компаниудтай хэлэлцээрийг албан ёсоор дуусгаж, баялгийн санд 34 хувийг нь төвлөрүүлэх чиглэлийн Засгийн газрын тогтоолоор өгсөн. Хэлэлцээр үргэлжилж байна. Хоёр долоо хоногийн дотор бид Засгийн газарт эцсийн байдлаар хэлэлцээрийн үр дүнг танилцуулж, шийдвэр гаргана" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна