Ц.Туваан: ОНТРЭ ГОУЛД компани төрд 34 хувиа өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн

С.Гандэлгэр
9 цаг 42 минутын өмнө

Өчигдөр /2025.05.01/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюу толгойн бүлэг ордын хоёр лицензийг эзэмшиж байгаа Онтри Гоулд компанитай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Тус асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа. 

Тэрбээр "Онтрэ Гоулдын асуудал бол маш чухал. Мөнгөн дүн ч нэлээдгүй өндөр. АҮББХ-нд энэ асуудлыг танилцуулахаар оруулсан. Засгийн газрын хуралдаанд ч танилцуулж, ажлын хэсэг байгуулагдсан. Тун удахгүй энэ ажлын хэсэг маань ажиллаад тодорхой шийдлүүдийг гаргаад УИХ-д өргөн барина. Яагаад УИХ-ын асуудал болж байгаа вэ гэхээр Монгол Улс 2007 онд Стратегийн ордуудаа батлаад зарлачихсан. Наймынх нь хил хязгаарыг тогтоосон байсан бол наймыг нь тогтоогоогүй байсан. Тогтоогоогүй байсан найман ордын нэг нь Оюу толгойн бүлэг орд юм. Сая дөрвөн сард манай яам хил хязгаараа эцэслэн тогтоосон. 


Стратегийн орд дээр ямар нэгэн хувь эзэмшил, хөрөнгө оруулалт, АМНАТ-аар орлуулах гэх мэтийг шийдэх бүрэн эрх нь УИХ-д байгаа. 

"Оюу толгойн нийт зэсийн нөөцийн 24 хувь, алтны нөөцийн 42 хувь нь Онтри Гоулдад бий"
Онтрэ компани дээр хоёр ашиглалтын лиценз байгаа. Оюу толгойн нийт зэсийн нөөцийн 24 хувь буюу 10300 тонн зэс, алтны 42 хувь буюу 759 тонн алт, мөнгөний 29 хувь, молибдены 94 хувь гэсэн ийм нөөцийг агуулж байгаа орд юм. 
Анх олгогдсон лиценз нь 2001 онд олгогдсон. Айвенхоу майнз ч гэсэн лиценз авч байгаад энэ компанитай ашиг хуваар гэрээг эцэслээгүй ч ярилцаад шийдсэн байдаг. Тэр үедээ тус ордыг ашиглаж эхэлсэн тохиолдолд хүдрийн хэмжээнээс хамаараад 70/30, 80/20 гэж хувааж авна гэдэг гэрээ хийсэн байдаг. Энэ хүрээндээ сая хоёр компани маргалдаад арбитрын шүүх дээр асуудал нь явж байгаад Онтрэ ялсан байдаг. Улмаар хамтын ажиллагааны гэрээний явцаа хурдлуул, Онтрэ талаас хоёр лицензээ Оюу толгой руу шилжүүлж өг гэдэг асуудал яригдсан. 

"Онтри Гоулд компани 34 хувиа төрд өгөхөө илэрхийлсэн"
Мөн хоёр компанийн лицензийн хил хязгаар дээр Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт тулаад ирчихсэн. Тэгэхээр энэ лицензийн асуудлаа шийдүүлж байж, Онтрэгийн талбай руу орж байж нурааж, олборлох арга явах юм. Тийм учраас цаг хугацааны хувьд тулчихсан байгаа. 
Компаниудтай уулзаж байгаа. Хоёр гурван удаа уулзалт хийсэн. Тус компаниас 34 хувиа өгөхөд татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр ямар маягаар явах вэ гэдэг эцсийн шийдвэрийг УИХ гаргах учраас УИХ бүрэн эрхийнхээ дагуу шийдэх болно" гэсэн юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.35
    3 цагийн өмнө

    Юун 34 вэ Монголын тал онтрё 51 байх ёстой болохоос от шиг байж болохгүй Ард түмэн хүлээж авахгүй шүү

    Хариулах
  • 202.126.89.80
    7 цагийн өмнө

    Монголын газар нутаг доторх, Монголын баялагийн тухай яриа биз дээ юун гадаад зүгээр л хөөгөөд гарга

    Хариулах