ХӨШИГНИЙ АРД Баялгийг ард түмэнд өгөхөөс гадна, дээгүүрээ хувааж авах “зодоон” явагдаж байна уу

Х.Батсайхан
8 цаг 17 минутын өмнө

-Ж.Баярмаагийн асуулт, Л.Оюун-Эрдэнийн хариултын “задлан”-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай үүсгэсэн асуудлыг Ардчилсан намын бүлэг “Хувь хүний хоорондын зөрчил биш, хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх засаглалын байр солигдсон ноцтой асуудал” гэж үзэж, уучлалт гуйхыг шаардаж байгаа асуудлын ард одоохондоо ил гараагүй ноцтой асуудлууд өрнөж байж магадгүй байна.

Ямар асуудал гэдгийг мэдэхийн тулд эхлээд Ж.Баярмаа гишүүний асуулт болон Ерөнхий сайдын хариултыг нэг анхаарч харъя. Ж.Баярмаа гишүүний асуулт хэдий дотроо “Ард түмний амьдрал хүнд байна” гэсэн ч гол агуулга нь “Баялгийн сан сайхан ч энэ нь гаднын хөрөнгө оруулагчдад яаж тусах вэ” гэдэг асуулт байсан юм. Учир нь, яг жилийн өмнө Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хамгийн гол, бас эргэлзээтэй нь болох “5.7 Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно” гэсэн заалт одоо хэрэгжихээр хүлээгдэж байгаа бөгөөд Ж.Баярмаа гишүүний асуулт ч, Ерөнхий сайдын хариулт ч одоо Хөшигний арын улстөр чухам энэ заалтыг хэрэгжүүлэх эсэх дээр төвлөрч байгааг илчилчихлээ. 

5.7 дугаар заалтаар бол  “Баялгийн сан”-д стратегийн ордуудын 34-50 хувийг авах нь зөвхөн эхний ээлжийн ажил бөгөөд дараа нь дахиад хувааж жижиглэх асуудал яригдана гэсэн үг.

Ашигт малтмалын тухай хуульд ноднин жил орсон өөрчлөлтөөр 5.6.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэдэг заалт  мөн орж ирсэн бөгөөд дээрх хоёр заалт, Баялгийн сангийн хуультай нийлээд Стратегийн орд зэмэшигчдэд хэрхэн нөлөөлөхийг жишээлэх гээд үзье.

Жишээ нь, Цагаан суваргын ордыг МАК 100 хувь эзэмшдэг байлаа гэж бодъё. Баялгийн сангийн тухай хуулиар 34 хувиа Баялгийн санд өглөө гэхэд цаана нь 66 хувь үлдэнэ. Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-гаар 10 хувийг нь Хөрөнгийн биржээр арилжихаар 56 хувь. 56-гаас Ашигт малтмалын тухай хуулийн 5.7-гоор 34-өөс дээш хувийг эзэмших эрхээ хязгаарлуулахаар 22 хувийг нь нэгдмэл бус ашиг сонирхолтой хэн нэг хүнд юм уу хуулийн этгээдэд өгч таарах гээд байна. 22 хувиа хэнд зарах, бүгдийг нь зарах уу, олон жижиглэж зарах уу  гээд асуудал их. Гэхдээ чухам энэ 22 хувь дээр дээдсийн зодоон явж байх магадлал өндөр байна. Засгийн газрын тухайд, өмнөх ногдол ашгийг нөхөж авах, 50 хувь эзэмшсэн ч болох боломжуудтай. Харин УИХ оруулж ирсэн хуулиудыг нь батлахгүй унагах бүрэн эрхтэй. Ийм байдлаас болоод УИХ, Засгийн газрын хооронд тэмцэл өрнөж байж магадгүй байна.  

Өөрөөр хэлбэл, Ж.Баярмаа гишүүний асуулт гаднын хөрөнгө оруулагчдаар түрий барин Ашигт малтмалын тухай хуулийн 5.7-г хүчингүй болгуулах, хэлэлцээрт нөлөөлөх гэсэн оролдлого бол Ерөнхий сайдын хариулт 5.7-г хэрэгжүүлнэ гэдэг байр сууринаасаа хазайхгүй гэж ойлгогдож байгаа юм.  

Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд, 5.7 бол маш хатуу, гаднын хөрөнгө оруулалт орж ирэхийг бараг хаасан заалт болсон гэдэг бол үнэн. Бүх эрсдлээ үүрээд, хөрөнгөө оруулсан хэр нь орд олбол тэр нь Стратегийнх эсэхийг төр шийднэ. Стратегийнх гэж үзвэл 34-өөс дээш хувийг эзэмших боломжгүй гэхээр их хэцүү. Ямартай ч олон нийт Төгрөг нуурт сатаарч, Стратегийн ордуудаасаа сул ашиг хүртэх талаар мөрөөдөж байхад дээгүүр Стратегийн бүх ордын хувь эзэмшлийг жижиглэж, арай олуулаа хүртэх хуваарилалт явагдаж байж болзошгүй байна. Магадгүй, Стратегийн орд эзэмшигчидтэй хийх хэлэлцээр удааширч байгаагийн гол шалтгаан энэ ч байж мэднэ.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.201
    3 цагийн өмнө

    Нууц нь бж мэднэ.

    Хариулах
  • 202.9.46.201
    3 цагийн өмнө

    Баярмаа авгай ажил хийж буй ЕС ыг огцруулах гээд бгаа .Тэрний дэргэд энэ хариулт бол юу ч биш ээ.

    Хариулах
  • 66.181.161.247
    6 цагийн өмнө

    Баярцогт Баярмаагийн нууц нь ч юм бил үү

    Хариулах
    • 66.181.182.205
      6 цагийн өмнө

      Тэрииг мэддэг учраас олны өмнө хэлсэн баигаашдээ Түүнииг оилгохгүи зарим малужд нээх соёл АН ман гэж тэнэгтээд бна