Ж.Баярмаа: Би Ерөнхий сайдад үг үзэл бодлоо илэрхийлэхээс ухрахгүй гэдгээ хатуу хэлсэн

Х.Есү
12 цаг 0 минутын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлалт гуйхыг шаардсан АН-ын бүлэг УИХ-ын чуулгандаа суух болсон талаараа мэдээлсэн. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас зарим зүйлсийг тодрууллаа. 


Тэрбээр, "Уучлалт гуйх асуудлыг чинь хүн үсдүүлж байж хийдэггүй шүү дээ. Бодоод үз дээ. Хүн алдаагаа ухаараад, гэмшээд, сэтгэлээсээ гуйдаг зүйл. Тиймээс Ерөнхий сайдыг заавал чуулганы үеэр уучлалт гуйлга гээд байгаа зүйл чинь зарчмын хувьд зөв зүйтэй зүйл биш. 

Тэр хүн ямар ч байсан зүй зохисгүй аашилсан байна гээд уучлалт гуйсан. Өнөөдөр өглөө бүлгийн удирдлагын хамт уучлалт гуйсан. 

Би баасан гарагт Ерөнхий сайдаас асуулт асуусан, маргаашаас нь намайг харлуулаад эхэлсэн.Тэгэхээр хэн үүнийг хийж байгаа нь тодорхой биз.

Би Ерөнхий сайдад хатуухан хэлсэн. Таны уучлалтыг хүлээж авлаа. Гэхдээ үг үзэл бодлоо илэрхийлэхээс ухрахгүй. Яг өмнөх шигээ дутагдлын хажуугаар дуугай өнгөрөхгүй гэдэг шиг буруу зөрүү асуудал дээр дугарсаар байх болно гэж хэлсэн. Миний байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй. 

Намайг гүтгэж байгаа асуудлууд хэрээс хэтэрсэн. Нэг эмзэглүүлж байгаа зүйл бол миний охин, миний гэр бүл рүү орж байна. Миний охины нэрийг хаанаас олсон юм, яахаараа энэ хүний хүүхэд биш гээд гүтгэж байдаг юм. Маш олон янзаар намайг гүтгэсэн. Хүүхдийг энэ асуудал руу оруулж байгааг би хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.166
    6 цагийн өмнө

    Амьсгаа минь чи зайл

    Хариулах