Л.Цэрэндолгор: 0-2 насны хүүхдүүдэд огтхон ч утас өгч, үзүүлж болохгүй

Х.Есү
9 цаг 22 минутын өмнө

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд бол анхаарах ёстой том асуудлуудын нэг. Багадаа авсан сэтгэлийн шарх, ямар нэгэн айдас түгшүүр сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлж, сэтгэцийн асуудалтай болох магадлал өндөр байдаг аж.

СЭМҮТ-ийн эмч Л.Цэрэндолгор "Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн анхаарах талаар дараах зөвлөгөөг өглөө.


-Хүний сэтгэцийн эрүүл мэнд гэдэг зүйл хэр чухал вэ? Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн анхаарах вэ?

-Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалъя гэвэл хүүхэдтэй болъё гэж төлөвлөсөн үеэс эхэлнэ. Жирэмсэн үе буюу хүүхдээ гэдсэндээ тээж эхэлсэн үеэс эхлэн ээж болох гэж байгаа хүн маань ямар нэг ужиг өвчингүй байх хэрэгтэй, мөн сэтгэл санааны хувьд тогтвортой тайван байх хэрэгтэй. 

Аливаа стрессийг хэрхэн яаж даван туулахаа мэддэг байх хэрэгтэй.  Ерөөсөө л эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө шүү дээ. 

Ээж эрүүл байхад ханийн халамж гэдэг зүйл маш чухал. Нөхөр нь жирэмсэн эхнэртэйгээ сайн ярилцаж, дэмждэг байх хэрэгтэй.

Хүүхэд төрсний дараах 0-3 хүртэлх нас бол хүүхдийн хөгжлийн алтан үе байдаг. Яагаад гэхээр энэ үед хүүхдийн тархи эрчимтэй хөгждөг. Тиймээс энэ үед ээж нь хүүхэдтэйгээ маш сайн харилцаж, бүх зүйлд дасан зохицох чадварын суурийг тавьж өгөх хэрэгтэй.

Хүүхэд ээжээсээ хэт хамааралтай байж болохгүй, хэт хамааралгүй байж болохгүй. Яг л дундыг баримталж, зөв үед нь тусламж үзүүлж, зайнаас харж сургах ёстой бол сургадаг тийм л байх хэрэгтэй.

Хүний хөгжил гэдэг чинь нас насны онцлогоор үе шаттай явагддаг. Үе шат болгоныг нь зөв амжилттай даван туулж чадах юм бол насанд хүрэхдээ зөв төлөвшсөн хүн болно.

-Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд эцэг эх их чухал нөлөө үзүүлдэг. Өнөөгийн нийгэмд бүгд л ажил гээд завгүй, хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг их хомс байдаг шүү дээ. Та эцэг эхчүүдэд зөвлөгөө өгвөл?

-Эцэг эхийн харилцаа хүүхдэд маш их нөлөө үзүүлдэг. Аав ээжүүд өдөрт 30 минут хүүхэдтэйгээ ярилцаж, тоглох хэрэгтэй. Аавууд хүүхдүүдтэйгээ тоглосноор шийдвэр гаргах байдлыг илүү нэмэгдүүлж өгдөг. Харин ээж нар бусадтай харилцах чадварыг илүү сайн суулгаж өгдөг.

Тиймээс эцэг эхийн хоёрын харилцаа хүүхдэд маш том үлгэр дууриалал болдог.

-Сүүлийн үед хүүхдүүд утсанд донтох асуудал их гарч байгаа шүү дээ. Ер нь бага, дунд насны хүүхдүүд өдөрт хэдэн цагийг утсанд зарцуулбал зохистой вэ?

-Нэг хэсэг дэлгэцийн хэрэглээ цахим донтолтын асуудлаар нэлээдгүй их хүүхдүүд ирдэг байсан. Одоо харин харьцангуй буурч байгаа харагдаж байна.

0-2 нас хүртэл хүүхдэд утас огт хэрэглүүлж болохгүй. 2-6 настай хүүхдүүдэд хоногийн нийт дэлгэцийн хэрэглээг нэг цагаас хэтрүүлж болохгүй. Дэлгэцийн хэрэглээ гэдэгт маань зурагт, утас, таблет гээд бүгд орно. Нэг цагийн хэрэглээг 10-15 минутаар зохицуулж хэрэглүүлэх ёстой.

6-12 настай хүүхдүүдэд хоногийн нийт хэрэглээ 1.30 минут байна. Үүнийг мөн адил минутаар хувааж үзүүлнэ. 13-18 насны хүүхдүүдийн хоногийн нийт дэлгэцийн хэрэглээ 2.30 минут байна. Үүнийг мөн л 30 минутаас хэтрүүлэхгүйгээр хувааж хэрэглэх ёстой.

Насанд хүрсэн хүмүүсийн хоногийн дэлгэцийн хэрэглээ гурван цаг л байх ёстой. Үүнээс удаан хэрэглэх юм бол тархи ачаалж, аливаа зүйлийг хүлээн авахдаа муу болдог. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна