Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол өнөөдөр /2025.V.14/ боллоо.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сунь Шаочэнь, БНХАУ-ын Чайна Энержи Группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Зоу Лэй, Хятадын төмөр замын барилгын корпорац (CRCC) -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Хөгэнь болон хоёр улсын Засгийн газар, улс төр, өндөр түвшний албаныхан, холбогдох яам, агентлаг, байгууллагуудын удирдлага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол, Хятад улсын Төрийн тэргүүн нар анх 2004 оноос хэлэлцэж эхэлсэн бөгөөд 2020 онд “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т албан ёсоор тусгаж, 2021 онд хоёр улсын төмөр замаар холбох хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тогтоосон нь төслийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс тавигдсан чухал үе шат байв.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, туссан 14 мега төслийн Нэгдүгээртэрэмбэлэгдсэн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, Улсын Их Хурлын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж, соёрхон баталсан.
Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 2014 онд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн тунхаглалыг гүнзгийрүүлэх, найрсаг хөршийн бодлого, мөн хамтарсан Засгийн газрын бодлого чиглэлийг хэрэгжүүлэх бодитой алхам болж байна.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагаагхэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэхүү гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг Монгол Улсын Зам, тээврийн яамнаас Хятадын талтай эцэслэн тохирч,өнөөдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.
Ийнхүү 21 жилийн хугацаанд яригдаж, хүлээгдэж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг өнөөдөр бодитоор эхлүүлэх боломж бүрдэж байна.
Энэхүү төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци /CRDC/ гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрнийинженерийн товчоо групп” /China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., LTD/ хийж хэрэгжүүлэх юм.
Тус компани нь дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн 43-т эрэмбэлэгддэг CRCC корпорацын 100 хувийн охин компани, БНХАУ-ын барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийн “ТУСГАЙ ЗЭРЭГЛЭЛ”-ийн зөвшөөрөлтэй, 2100 гаруй ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 7 тэрбум доллар, БНХАУ-ын төмөр замын тэргүүлэх зэргийн барилгын компани юм.
Барилга угсралтын ажлыг 2025 оны 05 дугаар сард эхлүүлж, 22 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх ба төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм.
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавхи, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно. Энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Мөн тээврийн зардал 2–2.5 дахин буурч, экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн орлого 300 сая ам.доллароор өсөх тооцоо гарчээ. Үүнээс гадна төслийн хүрээнд 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит хөшүүрэг болох юм.
Төслийн хүрээнд үндсэн 7 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
1. Төмөр замын дээд ба доод бүтцийн ажил
2. Гүүрэн байгууламж
3. Эрчим хүчний дэд бүтэц
4. Барилга байгууламжууд
5. Дохиолол, холбооны систем
6. Авто зам, дэд бүтэц
7. Гааль, хилийн хяналтын цогцолбор зэрэг барилга байгууламжийг барих юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна