Газар тариалан, гурил үйлдвэрлэлийн салбараар Нийтийн сонсгол хийх цаг болжээ

Х.Батсайхан
10 цаг 29 минутын өмнө

Гурил, үр тариа, тэжээлд импортын татвар ногдуулдаг болох гэсэн Хүнс хөдөө аж ахуйн сайд Ж.Энхбаярын хуулийн төслийг УИХ унагалаа.

Хуулийн төсөл нь унасны дараа Ж.Энхбаяр сайд “Дотоодын үйлдвэрлэл дампуурах нь” гэж мэдээлэл хийв. Түүний хэлсэнд мэдээж үнэний хувь бий. Стратегийн хүнсээ татваргүй байлгах нь өмнө нь хэрэгжүүлсэн болон одоо хэрэгжүүлэх гэж байгаа “Атрын аян”-уудтай уялдахгүй байгаа нь үнэн.

Гэхдээ газар тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчидтэй холбоотой асуудлууд ч байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл, монополь, олигополь үүргэсэн, улсын төсвөөс байнга татаас дэмжлэг авдаг ч гурилын үнэ буураагүй, салбарын ААН-үүд нь охин компаниудаа өр зээлийн сүлжээнд оруулж зээл өгч татвараас бултдаг гээд олон асуудал байдаг. Тэр бүү хэл, нэг хэсэг олон нийтийг шуугиулсан Боловсролын зээлийн сантай холбоотой дуулиан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн асуудал ил гарахаас сэргийлсэн, тус сантай холбоотой үүсэх дуулианыг дарах үүрэгтэй байсан гэдэг яриа ч гарч байсан. Энэ бол газар тариалангийн салбарт ямар том асуудал нуугдаж байдгийн илэрхийлэл мөн. 

Импортын татварыг тэглэсэн шийдвэрийн хэрэгжилт, цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдэх зорилготой байгуулагдсан Ажлын хэсгийг ахалсан УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын хэлснээр бол, судлаад үзэхэд аль, аль талдаа асуудал байсан гэх. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэгчид, тариаланчдад бас асуудал байсан гэсэн үг. Тийм учраас, “Үнэхээр л жилд сая тонн үр тариа хураадаг болъё, экспортлогч орон болъё гэж байгаа бол хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлж цэвэр тунгалаг болох ёстой” гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлж байсан юм.

Тиймээс яг одоо энэ асуудлыг шийдэх гарц бол газар тариалан, гурилын үйлдвэрлэлийн салбараар Нийтийн сонсгол хийх ёстой гэж бодож байна. Нэг талаас улс орны аюулгүй байдал, хүнсний хангамжтай холбоотой асуудал, нөгөө талаас хэрэглэгчдийг байнга хохироодог тогтолцоо болж бугшсан байж болзошгүй асуудлыг ингэж л шийдэхгүй бол өөр гарц харагдахгүй байна.

Алдагдал нь 200 тэрбум төгрөгт хүрч, өөрчлөн зохион байгуулагдахад хүрсэн учраас ТЭДС-гийн асуудлаар угаасаа Нийтийн сонсгол хийх ёстой. Түүндээ гурил үйлдвэрлэлийг хамруулахад л болно.     

  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна