Говийн их хүчтэн, улсын арслан Г.Дэмүүл агсны нэрэмжит барилдаан өнөөдөр болно

Х.Батсайхан
8 цаг 58 минутын өмнө

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.

Барилдаанд оролцохоор Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Бат-Өлзий тэргүүтэй шилдэг 150 бөх бүртгүүлсэн бөгөөд тэднээс 128-ыг нь барилдаанд оролцуулах юм.

Г.Дэмүүл нь ардын хувьсгал ялснаас хойш Өмнөговь аймгаас төрсөн улсын хамгийн том цолтой бөх бөгөөд 1969 оны улсын баяр наадамд дархан аварга Д.Дамдинаар найм даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн. Тэр жилийн баяр наадамд хоёр дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар шөвгийн дөрөвт хоорондоо хэт удаан барилдаж үзэгчдийг чилээсэн тул хоёуланг барилдаанаас хассанаар Г.Дэмүүл арслан ийнхүү төрийн наадмын түрүү магнай болсон байдаг юм.

Г.Дэмүүл арслан нуруугаар өндөр биш боловч хүч ихтэй, цэрвүү барьцнаас сөөлжин татаж хонгодох, хав золгооноос хавирах зэрэг мэхийг даацтай хийж барилддаг. 1961 онд Монголын Бүх ард түмний анхдугаар спартакиадын 28 бөхийн тойргийн барилдаанд 24 давж, улсын заан цол хүртэн цолтны эгнээнд орсон.

Улсын наадамд нэг удаа түрүүлж, нэг удаа долоо, гурван удаа зургаа, дөрвөн удаа тав давж шөвгөрчээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна