БНХАУ-ын "Шар мөрний бэлчир 2025" тэмцээнд өрсөлдөж буй манай дугуйчид өнөөдөр "асуудлаа" шийднэ

Zuv.mn
22 цаг 11 минутын өмнө

А.Алтансүх дасгалжуулагчтай Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид БНХАУ-ын Донгин хотноо Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Yellow River Estuary (Dongying) Road Cycling Race 2025” хоёр өдрийн уралдаанд оролцож байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн.

Өчигдөр болсон Fengming Sports Park›Lijin Cultural and Art Center(138.7km) эхний гараанд Монголын Үндэсний шигшээ багаас Бат-Оршихын Гантөмөр 56, U23 Азий тивийн аварга, “Catco racing team”, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ 63, Испанийн мэргэжлийн дугуйн “Burgos burpellet BH” баг, БХЯ-ны “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц 66, өсвөр үеийн Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, “Catco racing team” багийн тамирчин ОУХМ А.Даваажаргал 80, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батбаатар 84 дүгээр байрт тус, тус орлоо.

Эхний гараанд "Li Ning star" багийн дани дугуйчин Александер Салби 2:50:42 үзүүлэлтээр түрүүлж, "Terengganu Cycling Team" багийн малайз дугуйчин Хамдан ван Абдул Рахман, "FNIX - SCOM - Hengxiang Cycling Team" багийн недерланд дугуйчин Рой Ийфтин-Блум нар удаалан UCI оноо, секундээр шагнуулав.

Гараанд 110 тамирчин гарч уралдсанаас эхний 102 тамирчны цагийн үзүүлэлт ижил гарсан. Өөрөөр хэлбэл, нийлбэр дүнг дундын бариа болон гарааны ялагчдад өгдөг секундын шагнал л зааглаж байгаа бөгөөд бүх асуудал өнөөдрийн Fengming Sports Park›Longjuzhen Square (276.5km) шандас шалгасан холын зайн уралдаанаар шийдэгдэх юм.

Өөр, өөрсдийн багийн нэр дээрээс орж буй манай легионер тамирчдын амжилтаас дурдвал, Индонезийн “Нусантара” багийн тамирчин, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Х.Тэмүүлэн 11, Эстоны "Quick Pro Team" багийн И.Билгүүн 37, "Huansheng - Vonoa - Taishan Sport Team" багаас уралдаж буй ОУХМ Э.Болор-Эрдэнэ 39, ОУХМ Б.Идэрболд 87, Тайландын “Роожай инсурэнс” багийн ОУХМ, дэлхийн аварга Б.Тэгшбаяр 76 дугаар байрт оржээ.

Дээр бичсэнчлэн, гараанаас 110 тамирчин гарснаас гурван тамирчин барианд орж чадаагүй. Харамсалтай нь, тэдний нэг нь Эстоны Quick Pro Team багаас уралдаж буй манай Ц.Энхпүрэв байна.

Нийлбэр дүнг эхний гарааны байдлаар шагналын секунд зааглаж байгаа бөгөөд дундын бариануудад сайн уралдсан ОУХМ Б.Тэгшбаяр эхний гарааны дараах нийлбэр дүнгээр зургадугаар байрт явна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна