Дэлхийн зах зээл дээр алтны үнэ ханш өсөхтэй зэрэгцээд манай улсад алт тушаалт огцом буураад байгаа билээ. Шалтгааныг нь хэн ч тодорхой хэлдэггүй, олборлогчид л хааяа нэг татвартай холбож тайлбарладаг.
Бүр тодруулбал, “АМНАТ нэмэгдэхэд тушаалт огцом буурч, багасгахад нэмэгддэг” гэж ил хэлдэг. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд буюу олборлогдсон бүх алт Монголбанкинд тушаагддаг бол ингэж хэлбэлзэх ямар ч боломжгүй.
Гэтэл багасаж, ихсэж байна гэдэг олборлогчдод сонголт байдгийг харуулдаг юм. Өөрөөр хэлбэл, илүү ашигтай авах газар байдаг гэсэн үг. Яг ийм тийм гэж хэлж болохгүй ч үндсэндээ ихэнх нь БНХАУ руу гардаг гэдэг хардлага бий. “БНХАУ алт худалдаж авах үнээ Монголбанкны ханшаас өсгөх замаар манайхыг алтны нөөцгүй болгох эрсдэл байгаа”-г энэ баримт харуулдаг.
Тэгвэл манай алтны зах зээлд нууц ноёнтны үүрэг гүйцэтгэдэг хятадууд удахгүй амин чухал салбарт хөрөнгө оруулсан баатрын дүрээр ил гарч, алт олборлолтын салбарт “жаалах” цаг ирж ч магадгүй бололтой.
Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийх үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Олон улсын нөхцөл байдал хурцадмал байгаатай холбоотойгоор алтны эрэлт өсөж, дэлхийн зах зээлд үнэ ханш нь хаданд гараад явчихсан, үүнтэй зэрэгцээд манайд алт тушаалт огцом буурсан тул нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана” гэж мэдэгдсэн.
Үргэлжлүүлээд “Манай улсад алтны 500 тонн батлагдсан нөөц бий. Энэ нөөцийнхөө 100 тонныг шороон биш, үндсэн ордуудаас ашиглах хууль эрхзүйн орчныг нээж өгнө” гэж ярьсан.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Алт III” хөтбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Гацуурт, Баавгай, Эрээн, Хэнтий аймагт байдаг Шургадагийн голын ордуудыг хуулийн үйлчлэлээс гаргаж, Монгол банкны алтны нөөцийг 100 орчим тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөсөн тухай мэдээлэл гарч байсан болохоор сайдын мэдэгдлээс тэдгээр ордуудыг л хуулийн үйлчлэлээс гаргах ажил үргэлжлэх юм байна гэдэг ойлголт төрнө. Гэтэл үнэндээ дээрх гурван ордыг хасаж, өөр ордуудыг оруулж ирэхээр болсон гэсэн мэдээлэл байна.
Г.Занданшатарын Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа хэрэгжүүлж байсан “Алт III” хөтөлбөрийг үргэлжлүүлж, шинээр 100 тонныг олборлох боломжтой Үндсэн ордууд гаргаж ирж чадаж байгаа мөртлөө хөдөлгөхөөр төлөвлөж байсан ордуудыг нь зогсоож, алтны олборлолтыг 100 биш, 200 тонноор нэмэгдүүлэх боломжоос татгалзсан нь анхаарал татлаа.
Өөрөөр хэлбэл, өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан, одоо шууд үргэлжлүүлээд явах боломжтой, хамгийн гол нь дотоодын ААН эзэмшиж ашигладаг нэмэлт 100 тонн алтнаас юуны татгалзаж, гаднын хайгуулчдыг оруулж ирэх таатай орчин бүрдүүлнэ гэж байгаа нь хачин байна.
Өнөөдөр уул уурхайн салбарт гаднын хөрөнгө оруулалт орж ирнэ гэвэл БНХАУ-аас л орж ирэх боломжтой. Үүнийг Засгийн газар байтугай гудамжинд таарсан дурын хүн мэдэж байгаа.
БНХАУ бол алтны салбарт манай гол дайсан, Монголоос олборлосон алтыг шингээдэг улс. Хил, гааль дээр үйлдэгдсэн гэмт хэргүүд, цар тахлын улмаас хил хаасан үед алт тушаалт огцом нэмэгдсэн гээд шууд болон шууд бус олон баримтууд үүнийг баталдаг.
Байдал ийм байхад хөрөнгө оруулагчдад ээлтэй болно гэх мэтээр олборлолт нэмэгдэх хугацаа нь тодорхойгүй зүйл ярьж байгаад гайхаж байна.
Үйл ажиллагаа явуулах эрхийг нь сэргээгээд, стандарт шаардлагыг чанд мөрдүүлж, хяналтын менежер томилж харгалзуулаад ч хамаагүй хэдэн зуун тонн алт олборлуулах боломжтой дотоодын аж ахуйн нэгжүүд байхад олборлолтыг албаар хязгаарлагдмал хэмжээнд барьж, эсрэгээрээ гаднынханд найр тавьж байгааг, ядаж зэрэгцүүлээд явах боломж өгөөгүйг нь гайхаж байна.
Шинэ Засгийн газар, шинэ сайд ингэж алгуурлаж, “Хөрөнгө оруулалт татах таатай орчин бий болгоно” гэж назгайрч байхад нэг л өдөр дайны гал дүрэлзээд гадаад худалдааны төлбөр алтаар явдаг болчих вий.
Өөрсдөө юу ч хийж чаддаггүй, эм тариагаа ч гаднаас авдаг манайх шиг улсын хувьд энэ бол сүйрэл л гэсэн үг. Алт нь байгаа мөртлөө ийм байдалд орвол бүр улсаа урвагчаар удирдуулж байсантай ялгаагүй хэрэг болох биз.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна