Дэлхийн худалдааны дайн, геополитикийн хурцадмал байдал зэргээс үүдэлтэй он гарснаас хойш түүхий эдийн үнэ унаж, Монгол Улсын экспортын орлого буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж, төгрөгийн ханш суларч байсан цаг саяхан. Харин энэ оны III улирлаас хойш түүхий эдийн зах зээлд сэргэлт гарч, манай улсын гадаад валютын урсгал ч нэмэгдэж, Монгол Улсын эдийн засагт нааштай, эерэг өөрчлөлтүүд гарч эхэллээ.
Түүхий эдийн зах зээлийн сэргэлт ба экспортын орлогын өсөлт
Нүүрсний үнэ гэхэд оны эхний хоёр улиралд 18 хувиар буураад байсан ч, 3 дугаар улиралд үнэ нь сэргэж, наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар тонн нь 95 ам.долларт хүрч өсөөд байна. Үүнтэй зэрэгцэн Монголын хөрөнгийн бирж дээрх нүүрсний арилжаа ч эрчимжиж, долоодугаар сард 208.7 сая ам.доллартой тэнцэх нүүрс арилжаалсан нь сүүлийн 14 сарын дээд амжилт болсон. Харин наймдугаар сарын эхний хагаст хэдийн 197.7 сая ам.долларын арилжаа хийгдсэн нь нүүрсний эрэлт сэргэж байгааг харууллаа.
Он гарснаас хойш зэсийн экспортын биет хэмжээ 34 хувиар нэмэгдэв. Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 2025 оны хоёрдугаар улиралд түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Зэсийн үнэ ч мөн 2025 оны эхнээс 10.6 хувиар өссөн таатай үе тохиож байна. Үүний үр дүнд зэсийн экспортын орлого 2025 оны эхний долоон сард өмнөх оны мөн үеэс 65 хувиар өсөж, 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Алтны экспорт 2025 оны эхний долоон сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 28 хувиар буурч 4.7 тоннд хүрсэн боловч олон улсын зах зээл дээр алтны үнэ оны эхнээс 27 хувиар өссөнөөр экспортын орлого өмнөх түвшинд хадгалагджээ.
Төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, валютын нөөц 5.38 тэрбум ам.долларт хүрэв
Банкны салбарт Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжаалснаар валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүллээ. Бусад арилжааны банкнууд олон улсын санхүүгийн байгууллагуудаас өндөр дүнтэй эх үүсвэр татан төвлөрүүлж, Монголын банкнуудын гадаад зах зээл дэх оролцоо сэргэсэн байна.
Түүнчлэн төлбөрийн тэнцлийн алдагдал эхний улиралд 602 сая ам.долларт хүрч байсан бол хоёрдугаар улиралд алдагдал буурч, 462.4 сая ам.долларт хүрэв. Үүний үр дүнд гадаад валютын албан нөөц энэ оны гуравдугаар сараас хойш дараалан нэмэгдсээр, долоодугаар сарын эцсийн байдлаар 5.38 тэрбум ам.долларт хүрээд байна.
Төгрөгийн ханш тогтворжиж эхэллээ
Экспортын орлогын өсөлт, валютын нөөцийн нэмэгдэл, төлбөрийн тэнцлийн алдагдлын бууралт зэрэг эерэг өөрчлөлтүүд төгрөгийн ханшийг тогтворжуулахад нөлөөгөө өгч эхлээд байна. Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сарын эцэст төгрөгийн ам.доллартой харьцах ханш оны эхнээс 4.4 хувиар сулраад байсан бол наймдугаар сарын 19-ний өдрийн байдлаар оны эхнээс 5.1 хувиар буюу 0.7 нэгж хувиар нэмж суларсан байна. Ингэснээр төгрөгийн ханш харьцангуй тогтворжиж эхэлж байгааг эдийн засагчид онцолж байна. Мөн эдийн засагчдын үзэж буйгаар цаашид түүхий эдийн экспортын идэвхжил болон гадаад валютын орлогын нэмэгдэл нь төгрөгийн ханшийг цаашид тогтворжуулахад эергээр нөлөөлөх хүлээлттэй байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна