Киргизстан дахь Ялалт оргилд гацсан ОХУ-ын уулчин Наталья Наговицынаг амиа алдсан болохыг бүгд хүлээн зөвшөөрлөө. Хэдийгээр түүнийг амиа алдсаныг батлах баттай баримт нотолгоо үгүй ч аврах ажиллагаа цаг агаарын тааламжгүй нөхцлөөс болж 12 дахь хоногтоо бүтэлгүйтсэний дараа ийнхүү хүлээн зөвшөөрсөн байна.
Наталья Наговицына нь энэ жил 47 настай, багаасаа тойрон аяллын дугуйланд явж байсан бөгөөд харьцангуй хожуу буюу 2016 оноос уулын спортоор хичээллэсэн нэгэн аж.
Нөхөр Сергей нь мөн уулчин байсан бөгөөд 2021 онд Тянь Шанийн нурууны Хан Тэнгэр оргилд авирч байх үедээ /6900 м-ийн өндөрт/ зүрхний шигдээс болж амиа алдсан юм байна. Тэрбээр нөхөртэйгээ эцсийн мөч хүртэл нь хамт байж, хожим амиа алдсан газарт нь дурсгалын самбар байрлуулж байжээ.
Харин Натальягийн амиа алдсан Ялалт оргил нь Тянь Шанийн нурууны хамгийн өндөр оргилуудын нэг /7439/ төдийгүй, авирахад хүндрэлтэй гэдгээрээ алдартай. Ялалт оргилд авирсан уулчдын 30 хувь нь амиа алддаг нь Хималайн Аннапурна орглтой л дүйх аймшигтай статистик аж.
Наталья тус оргилд ОХУ-ын иргэн Роман Мокринский, ХБНГУ-ын иргэн Гюнтер Зигмунд, Италийн иргэн Лука Синигилья нартай хамт авирсан бөгөөд оргилыг ч амжилттай эзэлжээ.
Харамсалтай нь, дөнгөж бууж эхлэх үедээ уулчид “Хутга” гэж нэрлэдэг, газрын гадарга дээр ил гарсан хурц үзүүртэй чулуун дээр унаж хөлөө хугалж, ганцаараа явах боломжгүй болсон аж. Роман Мокринский түүнийг цааш авч явж, аюулгүй газар хүргээд цаашаа өөрөө ганцаараа явж тусламж дуудахаар болсон юм байна. Яг тэр үед цаг агаарын байдал огцом мууджээ.
Энэ сарын 13-нд герман, итали хоёр хамтрагч нь Натальяд уутан хөнжил, хийн плитка, хүчилтөрөгчтэй бортого, идэш ууш аваачиж өгөн, хамт хоносон ч цаг агаарын байдал хүнд байсан тул хоёулхнаа бүсгүйг доош нь хүргэж чадахгүй тул аргагүйдэн орхиж буусан аж.
Л.Сингилья
Буух замдаа Сингилья гараа хөлдөөжээ. Хэсэг зуур цаг агаарын байдал харзанасны эцэст тэд Наталья руу очихоор дахин дээш авирсан бөгөөд энэ удаа бууж ирснээсээ өөр маршрут буюу Важа Пшавелагийн оргилоор дайрч очихоор шийдсэн аж. Тэд замдаа гарсан ч удалгүй итали эрийн бие муудаж, тархи нь хөлдөж эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 15-нд нас баржээ. Түүний цогцос одоо ч 6800 м-ийн өндөр байгаа гэнэ. Герман эр Гюнтер Зигмундыг аврагчид олсон ч одоо эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.64
Энэ уулчдыг ойлгодоггүй ! Өчнөөн цаг зав, эдийн засгаа зарцуулж амь дүйсэн ингэж явах ямар учиртайг нь ? Нөхөрийнхөө нас эцэслэсэн энэ замыг сонгож л байдаг !! Бас нэгэн синдром !
Хариулах