ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛЫН ӨМНӨ: Энэтхэг улс Монголын газрын ховор элементийг сонирхож байна

Zuv.mn
17 цаг 18 минутын өмнө

Монгол Улс Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн жилдээ харилцаагаа улам бэхжүүлж шинэ шатанд гаргахыг хоёр тал аль, аль нь хичээн эрмэлзэж байгаа бөгөөд удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Энэтхэг Улсад хийх айлчлалыг үр дүнтэй болгохоор бэлтгэл ажил ид өрнөж байна.

Хоёр улс өмнө нь эрчим хүчний салбарт нягт хамтын ажиллагаа хөгжүүлж ирсэн бол энэ удаагийн айлчлалаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтцээс гадна хөдөө аж ахуй, дижитал технологи, боловсролын салбарт хамтын ажиллагаа эхлүүлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй яриа хэлэлцээр явагдах нь.

Энэтхэг улс нь техник, технологийн чиглэлд том үсрэлт гаргаж, үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байгаа ч ашигт малтмал, түүхий эдийн хангамжийг найдвартай болгох нь стратегийн чухал зорилт болж хувирсан. Харин Монгол Улсад ашигт малтмалынхаа экспортыг нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалтад шилжих төлөвлөгөө гаргасан. Энэ нь Энэтхэг, Монгол Улсыг шашин, соёлын харилцаанаас эдийн засгийн урт хугацааны, тогтвортой түншүүд болгох нөхцлийг хангаж байгаа юм.

Энэтхэг улс Монгол Улсын анхны Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байгаа. Хор тал өндөр ач холбогдол өгч байгаа өөр ажлууд ч бий. Тухайлбал, коксжих нүүрсний хэрэгцээгээр БНХАУ-аас хараат байдлаа багасгахын тулд Монголоос коксжих нүүрс авахаар туршилтын тээвэр хийх асуудал яригдаж, ажил хэрэг болох шатандаа яваа. Үр дүнгээс нь хамаараад Монголоос коксжих нүүрс зөөх биш, Монголд коксын үйлдвэр бариад цэвэр кокс тээвэрлэх замаар зардлаа бууруулах боломж ч яригдаж буй.

Товчхондоо, Монголын хувьд Энэтхэг, Энэтхэгийн хувьд  Монгол нь ашигт малтмалын худалдаан дээр нэг улсаас хараат байдлаа багасгах боломж бөгөөд хоёр тал үүнийгээ сайн ойлгож, боломжуудаа ашиглахыг хичээж байна.  

Эх сурвалжийн бичсэнээр, Энэтхэгийн тал Монголын газрын ховор элементийг сонирхож байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.     

Шашин соёлоороо холбогдсон өнө удаан жилийн харилцаатай, амин чухал үед гарч ирж, хамгийн хэрэгтэй дэмжлэгийг үзүүлж ирсэн Энэтхэг улс аж үйлдвэр, барилга, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээр дэлхийд өрсөлдөж байгаа энэ үед хаммтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын хувь эдийн засгийн болоод улс төрийн онцгой чухал ач холбогдолтой юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна