ШҮҮХ: "Кью Эс Си" ХХК-ийн хэрэгжүүлж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг сэргээх асуудлыг хэлэлцэж байна

Zuv.mn
5 цаг 15 минутын өмнө

Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан өнөөдөр /2025 оны аравдугаар сарын 27/ болж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 148 дугаар тогтоол “Концессын гэрээ цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах тухай “Кью Эс Си” ХХК-ийн нэхэмжлэлийг хэлэлцэж байна.

Тус компани нь олон нийтийн дунд “Худалдаа хөгжлийн банк"-ны эзэн "Сахал" Д.Эрдэнэбилэгийн хамааралтай” хэмээн нэрлэгддэг бөгөөд уг шүүхийн шийдвэрийн үр дүнгээр стратегийн ач холбогдол бүхий орд газар түүний мэдэлд буцаж очих эсэх нь олон нийтийн анхаарлын төвд байна.

“Кью Эс Си” ХХК нь 2014 онд Эдийн засаг, хөгжлийн яамтай Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд концессийн гэрээ байгуулж байсан. Гэвч 8 жилийн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй, техник, технологийн шинэчлэл хийгээгүй, харин байгалийн баялгийг түүхийгээр нь экспортолж, өртгөөс баг үнээр борлуулж улсад татвар төлөхөөс зайлсхийж төлөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул Засгийн газар 2022 онд гэрээг цуцалсан юм.

Харин “Кью Эс Си” ХХК нь энэхүү шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өнөөдрийн давж заалдах шатны шүүхээр шийдвэр гарах юм. Засгийн газрын байр суурь нь тодорхой Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн зарчмыг хэрэгжүүлж, стратегийн ач холбогдол бүхий Төмөртэй төмрийн хүдрийн ордыг төрийн мэдэлд үлдээх ёстой гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн, Авлигатай тэмцэх газраас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК болон “Кью Эс Си” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээтэй холбоотойгоор албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр 20 хүн, 2 хуулийн этгээдийг, түүний нэг нь “Кью Эс Си” ХХК-ийг яллагдагчаар татсан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд газрыг төрийн мэдэлд байлгах, төрийн эзэмшлийн хувийг Улсын Их Хурлын шийдвэргүйгээр бусдад шилжүүлэхийг хориглодог. Гэвч өнөөдрийн шүүхийн шийдвэрээр, хэрэв “Кью Эс Си” ХХК-ийн талд шийдвэр гарвал төрийн мэдлийн Төмөртэй төмрийн хүдрийн орд дахин Сахал Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компанийн мэдэлд очих нөхцөл бүрдэх эрсдэлтэй байна.


Төрийн мэдлийн стратегийн ордыг хувийн бүлэглэлд шилжүүлэх үү, эсвэл ард түмний өмч хэвээр үлдээх үү. Энэ бол өнөөдрийн шүүхийн шийдвэрээр тодорхой болох чухал асуудал юм. Шүүхийн шийдвэрийн талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.223
    56 минутын өмнө

    Хайран газар нутаг. Газар нутгаа хайрлаж хамгаалдаггүй үхэр монголчууд МАН АН хулгайчдаасаа дутах юм алга.

    Хариулах
  • 202.9.41.111
    3 цагийн өмнө

    Төрд очихоор л бүх зүйл дуусдаг.Одоо ашигтай ажилддаг компани “ТӨК” байхгүй бүгд алдагдалтай төрөөс татаас авдаг шүү

    Хариулах