-Монгол Улс БНХАУ-ын нүүрсний хамгийн том ханган нийлүүлэгч болох боломж байна-
БНХАУ өнгөрсөн сард Монгол Улсаас 9.29 сая тонн нүүрс импортолсон нь энэ төрлийн дата цуглуулж эхэлсэн 2015 оноос хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ. Хамгийн гол нь, БНХАУ гаднаас авах нүүрснийхээ хэмжээг багасгаж, 2025 оны эхний есөн сарын байдлаар 11 хувиар бууруулсан байхад Монголоос хийх импорт эсрэгээрээ түүхэн дээд хэмжээнд хүртэл өссөн нь Хятадын Засгийн газар Монголтой зорилтот маягаар ажиллаж эхэлснийг харуулж байна, цаашлаад Монгол Улс БНХАУ-ын хамгийн том нийлүүлэгч болох тийшээ хандаж байна гэж эх сурвалжид бичсэн байна.
БНХАУ-ын дотоодод эрчим хүчний болон коксжих нүүрсний үнэ тогтмол өсөж буй. Тухайлбал, эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн найман сарын хамгийн дээд түвшиндээ очсон бол гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний фьючерс үнэ долдугаар сарын эхэн үеэс хойш 30%-иар өссөн байна.
Фьючерс буюу ирээдүйд нийлүүлэгдэх нүүрсний үнэ өснө гэдэг тухайн түүхий эдийн үнэ цаашид ч өсөхийг харуулдаг.
“Wood Mackenzie” компанийн коксжих нүүрсний зах зээлийн ахлах зөвлөх Саймон Вугийн хэлснээр, энэ нь Монголын экспортлогчдод боломж олгож байгаа гэж “Ройтерс”-ын мэдээлэлд бичжээ.
БНХАУ Монголоос импортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн сард огцом өссөнийг энэ салбарын мэдээ, мэдээлэл дагнан бичдэг сайтуудад маш онцлогтой хэмээн бичиж байна.
Тодруулбал,
-Биет хэмжээний бодит өсөлт /нэг сард 9.29 сая тонн/
-Өсөлтийн хувь /Өнгөрсөн оны мөн сарынхаас 33 хувиар илүү/
-Түүхэн үзүүлэлт /Системчилсэн бүртгэл эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлттэй сар/
-Онцгойлсон түншлэл /Нийт импорт буурч байгаа үед гаргасан өсөлт/ зэргийг онцолжээ.
Зарим эх сурвалжид “Дээрх бүх шинж нь Монгол, Хятадын энэ салбарын харилцаа тодорхой ханган нийлүүлэгчдийн харилцаа руу зориудаар шилжиж байгааг харуулж байна” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ импортоо бууруулахаас үл шалтгаалаад Монгол Улсаас авах импортын хэмжээгээ өсгөх нөхцөл бүрдэж байгаа гэсэн санааг илэрхийлсэн байна.
Эдийн засгийн үзүүлэлтүүд ч үүнийг баталж байгаа бөгөөд БНХАУ өнгөрсөн есдүгээр сард Австрали, ОХУ-аас авах нүүрснийхээ хэмжээг тус бүр 19 хувиар бууруулсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар Индонези, ОХУ-аас авах нүүрснийхээ хэмжээг 13, 7 хувиар тус тус бууруулжээ.
Харин Монголоос авах нүүрсний хэмжээгээ өнгөрсөн есдүгээр сард /Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад / 33, оны эхний есөн сараар тооцвол 2 хувиар өсгөсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна