ЗАСГИЙН ГАЗАР VS "РИО ТИНТО": Энэ удаад манайх довтолж, айл хамгаална

Zuv.mn
12 цаг 20 минутын өмнө

“Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хийж буй “Рио Тинто” групп, Засгийн газар хоорондын хэлэлцээр өнгөрсөн сарын 30, 31-нд хоёр өдөр үргэлжлээд завсарласан билээ.

Энэ хоёр өдөрт талууд чухал юу тохиролцов оо.

Нэгдүгээрт, “Хэлэлцээрийг 2025 оноор хязгаарлахгүй” гэдэг дээр тохирчээ. Ингэснээр гэрээнд заасан, “Долоон жил тутамд эргэж харах ёстой боломжит хугацааг алдах вий” гэсэн болгоомжлол үгүй болсон. Дээр нь, ач холбогдлоороо түүнээс ч дутахгүй “Талууд асуудлаа 2026 оны нэгдүгээр сарын 31-ний дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ” гэсэн өгүүлбэр оруулжээ.

Хоёрдугаарт, “Менежментийн үйлчилгээний төлбөрийг олон улсын жишигт нийцсэн, талуудын хувьд шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллана” гэж тохирчээ.

Гуравдугаарт, “Рио Тинто” “Оюутолгой” төсөлд “дамжуулан зээлсэн” гэх зээлийн хүүг бууруулахыг зөвшөөрсөн.

Хоёр өдрийн хэлэлцээрээс гарсан гол үр дүнгүүд нь одоогоор энэ. Талууд ирэх арваннэгдүгээр сард зээлийн хүүг хэдэн хувиар бууруулах вэ гэдэг саналаа бариад хоёр талаасаа уулзана. Мөн менежментийн төлбөрийг бууруулах асуудлыг хэлэлцэнэ.

Хүүгийн болон менежментийн төлбөрийн хувь хэмжээ огт яригдаагүй тул зарим нь хоёр хоногийн хэлэлцээрийн үр дүнг чамлаж байгааг ойлгож болно. Чамлаж байгаа гол шалтгаан нь,  

Манай талын тавих санал шаардлагууд тодорхой учир захидлаар явуулаад, түүн дээр “Рио Тинто” ажиллаж, өөрсдийн саналыг бэлдсэний үндсэн дээр биечилж хэлэлцэх боломж байгаагүй юу?

-“Зээлийн хүүгээс болоод Монгол Улс өдөрт 10 тэрбум төгрөгийг зөвхөн хүүгийн төлбөрт өгч байгаа” гэсэн мэдээлэлтэй холбоотой Хэлэлцээр сунжрах тусам манайд ашиггүй юм биш үү гэсэн хоёр асуултаас үүдэлтэй.

Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” “За, зээлийн хүүг бууруулъя аа”, “Хэлэлцээрийг энэ онд эхлүүлсэн бол цаашдаа хугацаагүй үргэлжлүүлье ээ” гэж хэлчихээд яваад өгсөн нь “Бууруулна гэдэг нь хэдэн хувь бэ, хангалттай хэмжээнд биш бол яах вэ”, “Хэлэлцээр урт удаан хугацаанд сунжирч, сунасан хоног болгоны тоогоор 10 тэрбум төгрөг төлсөөр байх юм биш биз” гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа нь үнэн.

Гэхдээ, Зээлийн хүүг бууруулах Ажлын хэсгийг ахалж буй Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр, манай талаас тавьж буй шаардлагууд нь Одоо 30 хувьд руу уначихаад байгаа Монголын талын хүртэх өгөөжийг 53 хувьд хүргэх буюу зөвхөн зээлийн хүү бууруулахаас илүү өргөн хүрээтэй.

Манай тал өмнө нь "Рио Тинто"-той олон удаа хэлэлцээрт орж байсан. Тэр үед Монголын эдийн засаг жижиг, гүний уурхайн бүтээн байгуулалт эхлээгүй зэрэг нөхцөл байдлаас болоод "Рио Тинто" довтолж, манайх хамгаалдаг байлаа. Хааяа довтлох гэж үздэг ч барууны угсарсан систем манайхыг буланд шахдаг байв. 

Оюутолгойн орлогыг Монголын банкаар авья гэхэд "Дампуурчихвал яах вэ" гэж даапаалаад, манайхыг "Монголбанкинд данс нээгээд түүгээрээ авч байя. Монгол банк дампуурахгүй" гэхэд ОУВС-гаар "зуулгаж" байсан ч удаатай. 

Тэгэхээр, эрх ашиг нь юм чинь энэ удаад ч манайд дарамт ирж л байгаа. Гэсэн ч төслийн бүтээн байгуулалт дуусаж, төсөл хэрэгжихгүй байх эрсдэл бүрэн арилсан, Засгийн газар хэлэлцээрээс өмнө амжиж зээлжих зэрэглэлээ сайжруулсан, дээр нь "Рио Тинто"  өөрсдөө хувь эзэмшдэггүй хэр нь "Онтрэ" ХХК-д 6.5 хувийн хүүтэй зээл олгохоор болсон, менежментийн төлбөрийг ашгаас тооцдог байхад Рио Тинто зардлаас тооцож авдаг стандарт бус жишиг тогтоосон зэрэг фактууд манай талд байна.  

Тиймээс энэ удаад манай тал довтолно. Гэхдээ зээлийн хүүг бууруулахаас гадна өгөжийн дийлэнхийг талдаа татах том зорилгоо гол болгох нь чухал_. “Зээлийн хүүг тэдэн хуль бууруулахаар боллоо” гэдэг мэдээлэл хажууд нь жижиг учраас яаран магтаж, муулах шаардлагагүй гэсэн үг. 

Манай талд хүртэх өгөөжийн хэмжээг тохируулахад маш чухал үүрэгтэй "Онтрэ" ХХК-ийн асуудлыг мөн хэлэлцээрээр шийдвэрлэх ёстой. Бөөн авлига, хууль бус зүйл үнэртүүлсэн энэ компанийг асуудлыг дарааллын хувьд бараг эхэнд нь шийдэх ёстой байсан ч байж мэднэ. 

2009 онд байгуулагдаж, 2013 онд олборлолт эхлүүлснээс хойш буурах биш, харин өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа /6.1 тэрбум ам.долларын зээл 12.1 тэрбум болж өсөөд буй/ өрийг өдрөөс өдөрт буурах графикт оруулах, төлөгдөж дуусах хугацааг наашлуулж тодорхой болгох нь илүү чухал бөгөөд энэ зорилгыг биелүүлэхийн тулд аль, аль талд олон тохиргоо хийх шаардлагатай, тэр хэрээрээ тодорхой цаг хугацаа авна гэдэг нь ойлгомжтой юм.

Ямартай ч Засгийн газар “Рио Тинто”-той хэлэлцээрийг эхлүүллээ. Хоёр дахь удаагийн хэлэлцээрээр илүү нааштай үр дүн дуулдах биз ээ.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.243
    10 цагийн өмнө

    Тэд өөрөөсөө өндөр хүүтэй зээл авахаар түүнийг нь монголын ард түмэн төлдөг байж огт болохгүй , түүнийг тэглэх ёстой 2-рт заавал монгол улсын банкаар гүйлгээ хийх ёстой

    Хариулах
  • 202.55.188.41
    10 цагийн өмнө

    yamar davartsan pizdanuud mongoliin gazar nutag bga baylgiig heden huntei huivaldaj mongoliin baylgiig unegui zooj oorsdoo ashig olno gej bgui shuu ugui ene kompanaa hooj gargaaj oorsdoo ajilluulsan deer baina

    Хариулах