Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг томиллоо

Х.Есү
3 цаг 8 минутын өмнө

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.12)-ийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах, сонгох тухай асуудлуудыг дараалан хэлэлцэж шийдвэрлэлээ.

Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяад хариуцлага хүлээлгэж Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. Тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгов.

Үүний дараа Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа. 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ намын бүлгийнхээ гишүүдийн 100 хувийн дэмжлэг авсныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулаад санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.0 хувь нь дэмжсэнээр “Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” тогтоол батлагдлаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тогтоолыг уншиж танилцуулан, шинээр сонгогдсон дэд даргыг суудалд нь урив.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна