“Рио Тинто”-д хулгайлуулсан Монголын боломжууд I: Урвагчдын балаг буюу улсын санд хуримтлаагүй тэрбум, тэрбум ам.доллар

Х.Батсайхан
2 цаг 18 минутын өмнө

-Харьд урвасан түшмэдийн буруугаас болж улсын санд ороогүй тэрбум, тэрбум ам.доллар монголчуудад хөлс, цус зовлон болж бууж байна-

Оюутолгойн бүлэг ордыг "Рио Тинто" эзэмшихэд Монгол Улс уриалгахан хүлээж авч, нааштай хандсан билээ.  Тийм ч учраас 2009 оны Тогтвортой байдлын гэрээгээр Монгол Улс “Рио Тинто”, “Айвенхоу майнз”-д дэлхийн аль ч улсад байхгүй хөнгөлөлтүүдийг эдлүүлж байгаа. Гэтэл “Рио Тинто” энэ тогтвортой байдлын гэрээний заалтууд дээр тоглолт хийж, улам бага татвар төлөх, улмаар Монгол Улсын хөгжлийг саатуулсан, боломж алдагдуулсан үйлдэл гаргасаар ирснийг Оюутолгойн асуудлаарх Хяналтын ерөнхий сонсгол ойртож байгаа энэ үед заавал хөндөх ёстой гэж бодож байна. 

Нэгбүрчлэн тоочвол нэлээд хэдэн цуврал болох учраас ерөнхийгөөс нь эхлээд явъя гэж бодож байна.

Оюутолгойн ордыг ашиглахтай холбоотой асуудал бол зөвхөн Оюутолгой ХХК гэж компани алт, зэс олборлож зарах, түүнээс авах татвар төдий асуудал биш. Дагалтаар тэртэй тэргүй асар том давуу талууд бий болж, эдийн засгийг тэтгэх байсан.  Ялангуяа дор дурдагдах гурван асуудал Монгол Улсын хөгжил дэвшлийг боомилж, баялагийн эзэн улсад зүй ёсоор бий болдог заяагдмал боломжийг хулгайлсан үйлдэл учир Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулагчид анхааралдаа авч, сэдэв болгож оруулах ёстой. Оруулахыг шаардаж байна.   

Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж, Оюутолгой олборлолт хийгдсэнээс хойш “Рио Тинто” Монгол улсад асар их хохирол учруулсан гурван үйлдэл гаргасан.

  1. Гэрээний үүргээ зөрчин Монгол Улсад олон тэрбум ам.долларын хохирол учруулсан

Рио Тинто Засгийн газартай 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заасан “Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана” гэсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Монгол Улсын Засгийн газар 2014 онд Оюутолгой ХХК-тай “Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээ”-г байгуулж байжээ. Манай талын гол сонирхол нь Тавантолгойн ордод түшиглэсэн, нүүрсээр ажилладаг цахилгаан станц байгуулаад тэндээсээ Тавантолгой, Ухаа худаг, Оюутолгой, цаашлаад Өмнийн бүсийн хэрэглэгчдийг хангах явдал байсан бөгөөд “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулсан нь хөрөнгө оруулалт авах гэснийх байв. Гэтэл  уг гэрээний 1.4.1-т “Оюутолгой ХХК Тавантолгой дахь цахилгаан станцын төсөл дэх оролцоо үргэлжилж байгаа нөхцөлд эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улс дахь эх үүсвэрээс хангах үүргийг тус компани заавал биелүүлэх шаардлагагүй” гэсэн заалт оруулж, улмаар хөрөнгө оруулалгүй Монгол Улс, монголчуудыг хууран мэхэлсэн юм. 

Засгийн газар, “Рио Тинто” 2018 оны сүүлээр шинэ гэрээ байгуулсан ч “Рио Тинто” бүхэл бүтэн дөрвөн жил гэрээний үүргээ зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээгээгүй. Тэдний санаатай үйлдлээс болж Монгол Улс эрчим хүчний борлуулалтаас жилд 180 сая ам.доллар олох боломжоо алдаж байна. Энэ дүн жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Үүргээ дөрвөн жил билелүүлэлгүй, бүхэл бүтэн улсыг залилсан тэд энэ талаарх мэдээллийг дэлхий нийтэд түгээхдээ ““Оюутолгой ХХК нь Тавантолгойн цахилгаан станц төсөлд 2019 онд 250 сая, 2020 онд 250 сая ам.доллар оруулахаар шийдвэрлэсэн байсан” гэж тохуурхан доромжилсон.  

Тиймээс 2014 оны “Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээ”-нд 1.4.1 дүгээр заалтыг оруулсан урвагчийг тогтоож, харь этгээдүүдэд Монголын төрийг задидах боломж олгож, эх орныхоо эрх ашгаас урвасан гэмийг нь үүрүүлэх ёстой.

  1. Олон улсын байгууллагатай нийлж Монголын төрийг дарамтлан, борлуулалтын орлогоо хилийн гадна хийдэг

Монголын банк санхүүгийн байгууллагуудын жижиг, эрсдэлтэй хэмээн голж, гйүлгээгээ Монгол Улсын банк санхүүгийн системээс гадуур явуулж ирсэн. Үүнээс болж Монголын холбогдох байгууллагууд компанийн санхүүгийн талаар тодорхой мэдээлэл авах боломжгүй болж, татварын бааз сууриа үнэн зөв тодорхойлох аргагүй байдалд байна. 

Энэ байдлыг өөрчлөх гэж УИХ-аас хууль батлахад ОУВС-тай нийлж Монгол Улсыг дарамтлан хуулийг хүчингүй болгуулж байв. УИХ тухайн үед аргаа бараад "Монголбанкинд данс нээж өгье. Монголбанк дампуурахгүй нь мэдээж. Борлуулалтын орлогоо тэр дансанд ав" гэсэн ч үл тоож, нохой хуцсан чинээнд авч үзээгүй. 

Энэ нөхцөл байдал одоо ч хэвээрээ байгаа бөгөөд засч залруулах зайлшгүй шаардлагатай.  

Алт, зэсийн борлуулалт хатуу валютаар явдаг. Хэрвээ жил болгон хэдэн тэрбум ам.доллар, хатуу валют манай улсад орж ирдэг байсан бол ам.долларын ханш 2009 оны хэмжээнд тогтвортой байх бүрэн боломж байсныг үгүй хийсэн. Энэ хэрээрээ эдийн засгийг хорлож, монголчуудын зовлогыг зовоож ирлээ. 

Хэрвээ борлуулалтын орлогыг Монголын банкинд авдаг байсан бол зөвхөн 2025 оны эхний хагас жилд багцаагаар хоёр тэрбум ам.доллар орж ирэх боломж байв.

Хяналтын ерөнхий сонсголоод энэ асуудлыг заавал хөндөж, шалтгаан нөхцлийг тогтоон, Оюутолгой хэмээх Монголд бүртгэлтэй, Монголын компанийн орлогыг Монголдоо авдаг болох ажлыг зохиохыг УИХ-аас онцгойлон шаардаж байна. Одоо Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаагүй, төслийн бүтээн байгуулалт дууссантай холбоотой бий болсон эерэг нөхцөл байдалд энэ асуудлыг шийдэхийг оролдох нь эх оронч үйлдэл болно. Ард түмэн мэдээж, дуу нэгтэйгээр дэмжинэ.  

  1. Цэвэршүүлэх үйлдвэр барихаас татгалзах замаар хулгай хийж байна

Ханбогдод цэвэршүүлэх үйлдвэр барих асуудлыг Засгийн газраас тавихад “Рио Тинто” татгалзсан. Хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх нь “Оюутолгой”-д ч, Монгол Улсад ч адилхан ашигтай. Гэтэл татгалзсан. Ингэснээрээ зөвхөн зэсэнд нэмүү өртөг шингээж мөнгө олох боломжийг хааснаас гадна, алтыг ч цаашид хүдэр хэлбэрээр гаргах санаатай байгаагаа илэрхийлсэн. 

Монголчууд борви бохисхийлгүй хөдөлмөрлөж, баялаг бүтээж байгаа ч амьдрал ядуурсаар байгагийн шалтгаан нь ам.долларын ханшийн өсөлттэй холбоотой. Манайхтай ижил хөгжих гэж ядаж байгаа бүх л улсууд ам.долларын ханшийн өсөлтөд хөгжих боломжоо хаалгаж буй. Энэ байдлаас гарах ганц арга нь экспортоо нэмэгдүүлж, валют оруулж ирэх явдал. Алт бол валютын нөөцийг нэмэгдүүлэх хамгийн найдвартай эх үүсвэр. Гэтэл Оюутолгойгоос олорлосон алт Монгол банкинд тушаагддаггүй. Хүдэр хэлбэрээрээ гадагш гардаг. Гарсаар  байна. 

2024 онд 206.35 мянган унци алт олборлосон. Зарим жилд 285 мянган унци алт олборлож байв. 2025 оны эхний хагас жилд 159.03 мянган унци алтыг баяжмалаар гаргасан нь 4000 ам.доллараар тооцоход /одоогийн байдлаар унци алт олон улсын зах зээлд 4213 ам.доллараар зарагдаж байна/ 636 сая ам.доллар /зөвхөн алт/ болж байна. 

Монголбанкинд тушаагдсан бол валютын нөөц энэ хэрээр нэмэгдэх байж. Олборлолт эхлүүлсэн цагаас нь тооцвол, валютын нөөцөө хэдэн арван тэрбум ам.доллараар зузаалчих боломжийг "Рио Тинто" хааж ирсэн байна. 

Дээрээс нь, “Рио Тинто” алтаа Монголбанкинд тушаадаггүй ч татварын хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй. Хөрөнгө оруулалтын гэрээний 2.24.2. Энэхүү Гэрээ байгуулсан өдрөөс хойш батлагдсан аливаа хууль тогтоомж, дүрэм журам, эсхүл олон улсын гэрээгээр тогтоосон татварын хувь хэмжээ нь энэхүү Гэрээнд заасан татварын хувь хэмжээнээс доогуур тогтоогдсон, эсхүл энэхүү Гэрээнд заасан Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих татварыг бууруулахаар байвал Хөрөнгө оруулагч тухайн хууль тогтоомж, дүрэм журам, эсхүл олон улсын гэрээгээр олгогдсон хөнгөлөлтийг эдлэх хүсэлтээ Засгийн газарт бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагуу: 2.24.2.1. Энэхүү Гэрээний 2.24.2.2-д нөлөөлөхгүйгээр доогуур тогтоогдсон тухайн татварын хувь хэмжээ, татварын бууралт нь Хөрөнгө оруулагчийн энэхүү Гэрээний дагуу хүлээх татварын үүргийг тодорхойлоход үйлчилнэ. 2.24.2.2. хэрэв дээр дурдсан хууль тогтоомж, дүрэм журам, олон улсын гэрээнд өөрчлөлт орсноор татварын буурсан хувь хэмжээ нь эргэн нэмэгдсэн бол Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 2.24.2-т заасны дагуу Засгийн газарт хүсэлт гаргахаас өмнө эдэлж байсан нөхцөлөө буцаан эдлэх болно” гэсэн заалтын дагуу Алтны роялти татварын хөнгөлөлтөд хамрагдсан. 

УИХ алт тушаалтыг нэмэгдүүлэхийн тулд роялти татварыг бууруулах асуудлыг дахиж хэлэлцэх төлөвтэй байгаа. Энэ хууль /хэрэгжих явцад/ хамгийн их ашигтай туссан ААН нь Оюутолгой, “Рио Тинто” байсан. Хуулийн заалтаар, татварт явалгүй компанид үлдсэн мөнгөний хэмжээ хэдэн зуун тэрбумаар тооцогдоно.

Хүн өөрийн өмч хөрөнгөндөө  харам байдаг. “Рио Тинто” ашгийн байгууллага учир ашгаа нэмэгдүүлэх, бага татвар төлөхийн төлөө тэмцэж байгааг нь үгүйсгэж болохгүй. Тэгвэл газар доорх баялгийн жинхэнэ эзэн Монгол Улс, монголчууд ч баялагтаа харам байх эрхтэй. Рио Тинто бол зүгээр л нэг хамтрагч. Бид ч тэдэнд ихийг өгч байгаа. Тиймээс Засгийн газартай байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. 

Ийм боломжийг бий болгохын тулд эхлээд Ерөнхий хяналтын сонсголоо иргэдийн хараа хяналт дор сайтар хийх ёстой юм. 

Үргэлжлэл бий...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна