СОНСГОЛ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогтын өгсөн хариултууд

Х.Батсайхан
2025/12/16

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогтын сонсгол УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд болж байна. Сонсгол дээр тавигдсан асуулт, түүнд нэр дэвшигч С.Наранцогт хариулсныг хүргэж байна. 

"Монголбанк"-ны үйл ажиллагааны талаар?

-Бие даасан байдлаар ажиллах ёстой.

-Засгийн газрын шийдвэрээр, хагас төсвийн байдлаар ажилладаг гэсэн шүүмжлэл байдаг. Энэ нь бие даасан байдлыг сулруулж байгаа

-Төсөвт хяналт тавих чиглэлээр манлайлж ажиллана

Төгрөгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр

-Хувь хүний манлайллаас гадна хуулиа дагаж ажиллах ёстой. Хууль эрхзүйн орчинд өөрчлөлт хийж, сайжруулахыг үгүйсгэхгүй. Пост коммунист орнуудад хууль эрхзүйн орчныг сайжруулснаар дэвшилт гаргасан жишээ бий.

-Төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд инфляцийг 2026 оны зорилтот түвшиндээ аваачихыг зорих ёстой. Энэ зорилтот түвшингээ хангасны үндсэн дээр бусад зорилтууд цэгцрээд явна.

-Төв банкны алдагдал бодлогын хэд, хэдэн алдааны төлөөс. Тэгшитгэл, бичилтээр алдагдал үүсэж байгаа. БНХАУ-ын Ардын банктай хийсэн своп хэлцлийн дүнд ханшийн зөрүүгээр 400 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн харагдаж байна лээ. Инфляцийг хязгаарлахын тулд алт тушаалт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэргээр валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллана.

-Төв банк бие даасан байдал гээд хаалгаа хаачихаад суугаад байж болохгүй. Дунд хугацаанд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газартай хамтарч ажиллах нь зүйтэй.

Ипотекийн зээлийн талаар

-Орон сууц бол тулгамдсан асуудал учир Монголбанк 2013 оноос мөнгө хэвлэн санхүүжүүлж ирсэн нь үнэн. Гэсэн ч гэр хороолол буурахгүй, утаа багасахгүй байна гэсэн шүүмж байдаг. Энд хоёр асуудал байгаа.

Нэгд, Баялгийн сангийн хууль батлагдсанаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэр бодит мөнгөнд шилжсэн. Гол нь эрэлт их байгаа, түүнийг төрийн дэмжлэгтэй ганцхан хөтөлбөр рүү чиглээд байгаа учраас хүртээмж муу байна. Тиймээс бид ипотекийн зээлийн санхүүжилтийн зөв схемийг бий болгох ёстой.

Гадаадын банкны талаар

-Системийн 90 хувь нь таван банк дээр явдаг. Гаднын банк оруулж ирэх тухайд хууль эрхзүйн орчин нь нээлттэй байгаа гэж ойлгож байна. Монголбанкны журмаар хориглосон байдаг бол цуцлах нь зүйтэй.

Тэтгэврийн зээлийн хугацааг сунгасан. Одоо хүүг бууруулна гэж УИХ-ын дарга ярьж байгаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ

-Төгрөгийн ханш үнэхээр их муудсан. Энэ нь орлого багатай иргэдийн амьжиргаанд нөлөөлж байгаа юм билээ. Энэ тал дээр Арилжааны банкны үйл ажиллагаанд шууд оролцож, захиргаадалтын аргаар шийдэж болохгүй.

Зээлийн хүүгийн тухайд, реформ хийж, асуудлыг сууриар нь шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Зоос банкны талаар

-Нарийн мэдээлэл алга. Миний ойлгож байгаагаар, “Зоос банк”-ийг дампуурсны дараа сайн активыг нь “Төрийн банк”-нд нэгтгэж, үйл ажиллагаа цаашаа явсан. Гэхдээ эрх хүлээн авагч жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлыг барагдуулах ажил удаашралтай явагдаж байгаа юм байна гэж ойлголоо. Хурдавчлуулахын тулд ажиллана.

Валютын нийлүүлэлтийн талаар

-Сүүлийн саруудад Төв банк Арилжааны банкуудаас ирүүлж буй валют худалдаж авах хүсэлтийг 100% биелүүлэх замаар ханшийг "хиймлээр" чангаруулах оролдлого хийж байгаа нь нөөцийг шавхах өндөр эрсдэлтэй алхам юм. Энэ бодлогыг зогсоож, интервенцийг зөвхөн огцом савалгааг зөөлрүүлэх зорилгоор хийх "дүрэмд суурилсан" зарчимд шилжинэ. Интервенц хийх тодорхой нөхцөлүүдийг, жишээ нь: ханшийн өдөр тутмын савалгаа 0.5%-иас хэтэрсэн үед г.м олон нийтэд ил тод зарлаж мөрдөнө.

Шинэ тоглогчийг дэмжих талаар

-Албан ёсоор бүртгэлтэй 12, үйл ажиллагаа явуулж байгаа есөн банк бий. Тиймээс эдгээр банкны үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллах ёстой.

-Финтекийн хувьд, олон улсад нэвтэрч байгаа шинэлэг ажлуудыг дэмжинэ.

-Банкуудын нэг эзэмшигчид ногдох хувь эзэмшил 20 хувиас хэтэрч болохгүй байх хууль 2027 оноос хэрэгжинэ. Та хэрэгжүүлж чадах уу, чадахгүй бол ажлаа өгөх үү?

-IPO хуулийн хэрэгжилт дээр анхаарал тавьж ажиллана. Хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө ажиллана. Компанийн засаглалтай холбоотой асуудалд хувийн бодлоо хэлэхэд, хувь эзэмшил дээр гаднын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх нь зөв гэж боддог. Ажлаа өгөх тухайд, Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх үндэслэлүүд байдаг. Энэ асуудал түүнд хамаарах эсэхийг хэлж мэдэхгүй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна