Оюутолгойн зээлийн хүүг бууруулах, үр өгөөжийг 53 хувьд хүргэх тогтоолын төсөл батлагджээ

Zuv.mn
3 цаг 33 минутын өмнө

Оюутолгой"-н асуудлыг Хянан шалгах түр хороо сонсголын тайлан, дүгнэлтээ хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх тогтоолын төслөө баталсан.

 Тус хорооноос гарсан санал, дүгнэлт, тогтоолын төслийг өчигдөр /2025.12.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн ч Байнгын хороодын хурал сунжирсан гэх шалтгаанаар хойшилсон.

Нийгэмд хүлээлт үүсгээд буй тус асуудалд шийдэл болж орж ирэх энэ тогтоол батлагдахгүй удах, ирэх долоо хоног руу шидэгдэх асуудал үүсвэл хуулийн мухардал, цаг хугацааны хайчинд орох магадлалтайг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Учир нь зургаан сарын хугацаатай байгуулагдсан тус түр хороо ирэх нэгдүгээр сарын 2-нд хугацаа нь дуусч, татан буугдах юм.

Тогтоолын төсөл дараах дөрвөн агуулгаар батлагджээ.

1. ”Оюу толгой” стратегийн ач холбогдол бүхий  ашигт малтмалын ордын талбайн хил заагт орших "Жавхлант", "Шивээ толгой" ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн хууль зүйн үндэслэл, нийцлийг нягтлах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах

2. Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон)-ний хэрэгжилтийг харилцан дүгнэж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх. Мөн хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах

3.Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах

4. Төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг 5 жил тутамд харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлэх. Ингэхдээ ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлагыг хүлээхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хувилбарыг нэн тэргүүнд авч үзэх

Тус тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Г.Тэмүүлэн нарт даалгажээ. 

Түр хорооноос гаргасан тогтоолын дээрх төслийг хуулийн хүрээнд албажуулахыг нийгэм олон нийт хүлээж байна.

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.