Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 753.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үндэсний статистикийн хороо энэ талаар мэдээллээ.
Өсөлтөд боловсруулах аж үйлдвэр 9 хувь, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 33.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн бөгөөд нийт үйлдвэрлэл мөнгөн дүнгээр илэрхийлбэл 7.5 их наяд төгрөгөөс нэмэгджээ.
Тухайлбал:
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ 2024 оны мөн үеийнхээс 3.6-66.6 хувиар өсжээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт шингэн сүү, катодын зэс, цемент, гурил, шохой, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.9-3.4 дахин өссөн байна.
Харин цэвэршүүлээгүй алт, чулуун нүүрс, газрын тос, мөнгөний баяжмалын биет хэмжээ буурсан байна. Малын мах, металл бэлдэц, ус, ундаа жүүс, цагаан архи, ноолууран сүлжмэл эдлэл, цэвэр спирт, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл мөн 0.6-49.2 хувиар буурчээ.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн урьдчилсан гүйцэтгэлээр 51.8 их наяд төгрөг болсон нь 2024 оны мөн үеийнхээс 4.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Тухайлбал, уул уурхайн салбарын борлуулалт 2.7 их наяд төгрөгөөр их байна.
Гадаад зах зээлд урьдчилсан гүйцэтгэлээр 36.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 34.6 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 37.6 хувийг нүүрс олборлолтын салбар, 58.5 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 2.4 хувийг газрын тос олборлолтын салбар, 1.4 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна