ТАНИЛЦ: Оюутолгойн ХШТХ-ны тогтоолд ХЭН, ЯМАР ӨӨРЧЛӨЛТ оруулах санал гаргав, хэд нь дэмжигдэв

Zuv.mn
3 цаг 57 минутын өмнө

Эдийн засгийн байнгын хорооноос Оюутолгойн ХШТХ-ны боловсруулсан УИХ-ын тогтоолын төсөлд оруулахаар Зарчмын зөрүүтэй таван санал ирүүлснийг ХШТХ-ны дарга О.Батнайрамдал гишүүдэд танилцууллаа.

ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ, САНАЛУУД, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

-“…Шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах” гэснийг хасах /Санал гаргасан УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Б.Уянга/

Г.Лувсанжамц, Б.Уянга нар саналаа “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрөл Стратегийн ордын хил хязгаарт орсон тул цуцлах эсэх нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. Тогтоолын төсөл Засгийн газарт үүрэг өгч байгаа учир эрх хэмжээнээс нь давсан үүрэг өгч болохгүй. Стратегийн ордын тусгай зөвшөөрлийг цуцлах эрхээ УИХ Засгийн гасгийн газарт шилжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэдэг байдлаар тайлбарласан.

Энэ санал дээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд /6 гишүүн оролцсон/ 100 хувь дэмжсэнгүй.

Ц.Даваасүрэн гишүүний гаргасан зургаан санал

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэд үр өгөөжийн дийлэнхийг хүртэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор орд, баялгаа үнэлэн эзэмших, хувь хэмжээг тогтоох,

Энэ санал дээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд /6 гишүүн оролцсон/ 100 хувь дэмжсэнгүй.

-"Онтрэ"-гийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ашиглахад зээлээр биш, хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх

Энэ санал дээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд “Тогтоолын төсөлд тэртэй тэргүй туссан” гэж үзээд дэмжсэнгүй. /С.Зулпхар дэмжиж, бусад тав нь татгалзав/

-Менежментийн төлбөрийг зардлаас бус, ашгаас тооцох

Ц.Даваасүрэн гишүүн “Онтрэ”-тай шинээр ХОГ байгуулна гэж бодоод чиглэл өгөөд байгаа шүү. Менежментийн баг зардлаа өсөгхийн төлөө ажиллана гэж юу гэсэн үг вэ. Байж болохгүй асуудал” гэж тайлбарлав.

Хуралдаанд оролцсон гишүүд “Тогтоолын төсөлд тэртэй тэргүй туссан” гэж үзсэн тул Ц.Даваасүрэн гишүүн саналаа татлаа.

-Баяжмалын агууламжийг уурхайн амнаас лабораториор хянан баталгаажуулж экспортортод гаргах,

Ц.Даваасүрэн гишүүн “1800 тонн алт байсан, одоо 243 тонн болчихсон. Оюутолгойнхон гурван шуудай өөрсдөө бэлдчихдэг. Тэрийг нь Гаалийн лаборатори шинжилдэг. Хэчнээн хэмжээтэй, юу гарч явж байгааг бид мэдэх боломжгүй байна.  Тиймээс шинэ гэрээн дээр энэ асуудлыг хатуу тусгах хэхэгтэй” гэж  тайлбарлав.

Энэ саналыг “Редакцийн засвартайгаар дэмжье” гэж санал хураахад 5 гишүүн /О.Батнайрамдал, Э.Жаргалан, Ө.Шижир, Э.Болормаа, С.Зулпхар/ дэмжиж, нэг гишүүн /П.Ганзориг/ татгалзсанаар санал дэмжигдлээ.

-Алт, зэс, газрын ховор элементийн үнэ эрс өсөж байгаатай холбоотойгоор АМНАТ-ийг Эрдэнэтийн жишгээр тогтоох

Ц.Даваасүрэн “2021 онд УИХ дахиж зээл авч болохгүй гэж тогтоол гаргасан ч 3.2 тэрбумын зээл нэмээд авсан. Гурван тэрбум долларын орлого олчихоод нэг тэрбумаараа яагаад төслөө санхүүжүүлж болдоггүй юм бэ. Тиймээс өсөн нэмэгдэх роялти авахаас өөр аргагүй. АМНАТ Чилид 18 хувь, Перу 12 хувь байгаа. Манайх 5 хувь, Замби хавьцаа байгаа” гэлээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэд үр өгөөжийн дийлэнхийг хүртэх нөхцлөөр Стратегийн ордод хөрөнгө оруулалтын гэрээг “Онтрэ” компанитай байгуулах гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан.

Энэ саналд Түр хороо редакцийн засвар оруулж, “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг хангуулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хангахаар хувь эзэмшлийн хэмжээг тогтоох санал боловсруулах” гэж өөрчлөв.

ТОГТООЛЫН ТӨСЛИЙН 1.2-Т:

-“…Зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн…” гэснийг хасах саналыг Г.Тэмүүлэн гишүүн гаргасан.

Тэрбээр саналаа “Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг зах зээлийн зарчимд нийцүүл” гэж цензүрдэх нь өрөөсгөл. Бодитойгоор бууруул гэхэд л болно” гэж тайлбарласан.

Энэ санал дээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.

-“…Зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн…” гэснийг хасаж, “SOFR дээр нэмэх нь 3 хувиас хэтрүүлэхгүй байх” гэж нэмэх саналыг Б.Пүрэвдорж гишүүн гаргасан.

Энэ санал дээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн тав нь /Ө.Шижижр гишүүн ганцаараа дэмжсэн/ дэмжсэнгүй. Ингэснээр санал дэмжигдсэнгүй.

ТОГТООЛЫН ТӨСЛИЙН 1.4-Т:

-Дор дурдсанаар өөрчлөн найруулах: “Монголын талын хүртэх үр өгөөжийг ХОГ-нд тусгагдсан ТЭЗҮ /2010 оны анхны тооцооллын дагуу нэрлэсэн үнээр 53 хувиас доошгүй байх нөхцлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг 3 жил тутамд харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлж, “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагааны жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах/ гэсэн саналыг Г.Тэмүүлэн, Б.Жаргалан нарын гишүүд гаргасан.

-Мөн энэ саналтай давхцаад “Хувь хэмжээг таван жил тутамд гэснийг “Гурван жил тутамд” гэж өөрчлөх саналыг С.Зулпхар, Ө.Шижир, Э.Болормаа,

Энэ саналыг гишүүд 100 хувь дэмжлээ.

-“Оюутолгой” ХХК-ийн орлогыг Монголын Арилжааны банк болон Монголбанкны дансаар 100 хувь дамжуулж авдаг болох

Н.Соронзонболд гишүүн “Одоогийн байдлаар “Оюутолгой” ХХК-ийн борлуулалтын орлогынхоо 40-50 хувийг л Монголын банкаар дамжуулдаг гэсэн мэдээлэлтэй байгаа. Тиймээс 100 хувь дамжуулах шаардлагатай гэж үзэж ийм санал гаргасан” гэлээ.

Энэ саналыг гишүүд “Редакцийн засвартайгаар дэмжье” гэдэг томъёоллоор 100 хувь дэмжлээ.   

Тогтоолын төсөл /эдийн засгийн байнгын хороонд танилцуулагдсан/

Төсөл

 

     МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

 

2025 оны ... дугаар                                                                                 Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                 Дугаар ...                                         хот

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх

арга хэмжээний тухай

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

 

1.Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын ашиглалттай холбогдуулан дараах арга хэмжээг Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтэд нийцүүлэн авч хэрэгжүүлж, үр дүнг Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулж шийдвэрлүүлэх, явцыг улирал тутам Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд нээлттэй танилцуулж, ил тод байдлыг хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:

 

1/стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;

 

2/Эрдэнэс МГЛ ХХК, Айвенхоу Оюу Толгой /БиВиАй/ Лтд, Оюу Толгой Нидерланд Би.Ви, Оюу Толгой ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах;

 

3/стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах; 

 

4/Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг 5 жил тутамд харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлж, Оюу Толгой ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах.

 

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна